Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа

Огноо:

,

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-23-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаад арга хэмжээний цар хүрээ улам тэлж, төр, хувийн хэвшлийн идэвх оролцоо нэмэгдсэнээрээ онцлогтой байлаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр харилцагчид байгальд ээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологиудтай танилцаж, ногоон зээлүүдийг газар дээр нь судлуулснаас гадна Төрийн банкны харилцагчдад сонирхсон бүтээгдэхүүнээ тэр дор нь худалдаж авах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай байсан юм. Мөн энэ жил амины ногоон орон сууцны шийдлүүдийг танилцуулах аж ахуйн нэгжүүдийн тоо өссөнөөр зогсохгүй тэдний дуу хоолойг бодлого тодорхойлогчдод хүргэж чадсанаараа арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой байв.

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааны үеэр “Тогтвортой хөгжил-ногоон барилга” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт салбарын яам болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, ногоон барилгын салбарт тулгамдаад байгаа асуудал, бодлогын дэмжлэгүүдийн талаар санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийн панелист, Хайбрид хаус ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд банк санхүүгийнхэн ногоон барилга худалдан авч байгаа иргэдэд л зээл их олгосноос биш үйлдвэрлэгчдэд чиглэсэн зээл санхүүжилтийн бодлого нь дутмаг байсан” хэмээн учирласан бол Төрийн банкны тогтвортой хөгжил хариуцсан дэд захирал Ц.Энхмөрөн ногоон шийдлүүдийн санхүүжүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаагаа онцолсон юм. Тэрбээр Төрийн банкнаас зах зээлд нэвтрүүлээд буй бэлтгэн нийлүүлэгчийн зээлийн хүрээнд ногоон барилгын бизнес эрхлэгчид ч зээл санхүүжилт татах боломжтойг хэлж байв.

Мөн ХББОСЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд төрөөс амины ногоон орон сууцыг дэмжих хэд хэдэн шалтгаан бий гэдгийг тодотгож байсан нь анхаарал татаж байсан юм. Тэрбээр “Зах зээл дээрх нийтийн зориулалттай орон сууцны үнэ амины орон сууцныхаас өндөр байна. Түүнчлэн гэр хорооллын нэг айлыг инженерийн шугам сүлжээнд холбоход дунджаар 50-70 сая төгрөг шаардлагатай бол ногоон барилгын үзүүлэлтэд нийцсэн инновацлаг технологиудаар амины орон сууцны инженерийн байгууламжийг шийдэхэд 30 сая төгрөг болно. Энэ бол төрөөс амины орон сууцыг дэмжих гол шалтгаан. Хүн амыг орон сууцжуулах гол гарц” гэсэн юм.  

Бусад панелист ч мөн амины ногоон орон сууцны хүртээмжийг сайжруулахын тулд бодлогын дэмжлэг хэрэгтэйг онцолж байв. Тухайлбал, Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал А.Отгончимэг “Ногоон барилгынхан тийм ч их ашиг олдоггүй. 20-30 хувийн ашиг харж байгаа компаниудаас НӨАТ-ын 10 хувь хасчихаар урт хугацаанд хүртээмжтэй ажиллах хүчийг нь тамирдуулаад байдаг. Хэрэв хөрс, агаарын бохирдлын эсрэг төр, хувийн хэвшил нэгдье гэвэл аль аль нь вин-вин зарчмаар ажиллах хэрэгтэй. Ингэж байж амины ногоон орон сууцны хүртээмж нэмэгдэнэ” гэсэн юм.

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ

Огноо:

,

"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.

Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36  хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.

Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох