Урлаг спорт
Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ шууд дамжуулан хүргэнэ

Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хурах Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэх гэж байна.
Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам бурхандаа даатгаж тахидаг уламжлалтай.
“Корона буюу COVID 19” вирусний дэгдэлттэй холбоотой хорио цээрийн дэглэмийн энэ цаг үед олныг хамарсан арга хэмжээ зохиохыг албан ёсоор хорьсон тул та цэнхэр дэлгэцээр сүсэглэн, хурлаа даган баясна уу.
Сүсэгтэн олон та бүхэн шинэ сардаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхыг ерөөе.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд


Урлаг спорт
Сувилагч Б.Алтантуяа хавдрын эсрэг 650 км зам туулах холын зайн гүйлтээ эхлүүллээ
Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдар, химийн эмчилгээний тасгийн сувилагч Балчинбавуугийн Алтантуяа "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриан дор Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл 650 км зам туулах холын зайн гүйлтээ энэ сарын 20-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн байна.
Тэрбээр ирэх наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотод бариандаа орохоор төлөвлөсөн бөгөөд 650 км зам туулах хугацаандаа зам дагуух аймаг, сумдын иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах ажээ.
Урлаг спорт
Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын их засварын ажил үргэлжилж байна
Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажлууд үргэлжилж байна.
Тухайлбал, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, энэ оны хоёрдугаар сард тендер нь зарлагдаж, засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар гадна багана, хана, дам нуруунууд, дээврийн карникын одоо байгаа будгийг бүрэн хусаж, архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр баримал ба чимэглэлийн эмелентүүдийн гэмтсэн хэсгүүдийг нөхөн сэргээж байна.
Мөн 2020 оны 10 дугаар сард барилгад хийсэн оношилгооны дагуу хуучин шавардлагыг буулган шинээр шавардлага хийж, дээврийн гөлмөн төмрийн ус гоождог хэсгүүдийг засварлаж, барилгын дулаалга зэргийг шинэчилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна талын хусалт, дүүргэлтийн ажил дууссан бөгөөд барилгын засвар, шинэчлэлийн ажлыг 7 болон 10 хоногийн төлөвлөгөөний дагуу хийж, холбогдох байгууллагууд хяналт тавьж байна.
Ташрамд дурдахад, энэхүү барилгыг 1946-1949 онд барьж, 1950 оны 12-р сарын 30-ны өдөр Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээс хойш үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөлгүй ашиглаж ирсэн юм.
Мөн Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга нь театрын барилгын сонгодог жишээ бөгөөд дотор гадна чиглэлийн ажлыг 1950 онд архитектор Б.Чимэд болон түүгээр ахлуулсан монголын ахмад уран бүтээлчид буюу Төрийн хошой шагналт, Ардын зураач, XX зууны манлай зураач О.Цэвэгжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Д.Чойдог, Төрийн шагналт зураач Д.Манибазар, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч С.Чоймбол ахмад, Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жамбаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Даваацэрэн, уран барималч А.Доржготов нар бүтээжээ.
Түүхэн зураг болон барилгын тайлбарыг Монгол Улсын Зөвлөх архитектор З.Оюунбилэгийн “Уран барилга бол чулуугаар бичсэн түүх” нийтлэлээс ашиглав.
Соёлын яам