Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов
Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигч Сандагийн Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр сургууль, 1993-1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Нэр дэвшигч 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1999-2000 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан гэлээ.
Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласныг Улсын Их Хурлын дарга танилцуулсан. С.Магнайсүрэн нь Япон Улс, БНАУ, БНСУ, АНУ, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд хамрагдаж байсныг дурдаад Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан 45 насанд хүрсэн байх; 45 нас хүрсэн байх; эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх; төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх; сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх; Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг шаардлагыг хангаж байгаа учир Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцууллаа. Тус Байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын даргаас Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Сандагийн Магнайсүрэнг Улсын Их Хуралд санал болгосон. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан дараах ажиллагааг явуулжээ. Төсвийн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлож, 14 хоногийн хугацаанд сонсголд оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг хүлээн авахаар сонсголын зарыг олон нийтэд хүргэсэн байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигч С.Магнайсүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн 4 оролцогч, 1 ажиглагч иргэн оролцсон болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан хэмээн үзэж, дэмжсэн байна. Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулан, Улсын Их Хурлын дарга болон нийт гишүүд, нэр дэвшигчид хүргүүлснийг Г.Дамдинням гишүүн танилцуулав. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий аудитороор Сандагийн Магнайсүрэнг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Дэлэгийн Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.
Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Л.Энхнасан, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, Н.Наранбаатар, Ц.Идэрбат, П.Сайнзориг, О.Цогтгэрэл, Б.Уянга, Ч.Ундрам, Г.Лувсанжамц, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ж.Галбадрах, Л.Мөнхбаатар, Б.Жаргалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэлэв. Тухайлбал, төрийн байгууллагууд хууль хэрэгжүүлдэг байх, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулдаг эсэх хяналт онцгой хяналт тавих, төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг үр нөлөөтэй байлгах чиглэлээр авч хэрэгжүүлэх, шаардлагатай бол эрх зүйн өөрчлөлтийг хийх санаачилга гаргах, төсвийн төлөвлөлт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж буй эсэхээр нарийвчилсан дүгнэлт гаргаж байх зэрэг саналыг хэлж байв.
Түүнчлэн төрийн албыг цомхон, чадварлаг болгох чиглэлд аудитын байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит хийх, үйл ажиллагааг үр өгөөжтэй болгохтой холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болох, төрийн аудитын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой зохион байгуулахад төрийн аудитын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж байв.
Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариулахдаа “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар 2024 онд аудит хийсэн байна билээ. Энэ аудитын тайланг Улсын Их Хурал хүргүүлсэн бөгөөд Байнгын хороогоор хэлэлцэх болов уу. Энэ аудитын дүгнэлтэд ерөнхийдөө хууль дээдлэх зарчим тодорхой түвшинд алдагдсан, тогтвортой бүтцээр ажиллаагүй, бодлого хуулийн хэрэгжилтэд тавих үр нөлөөтэй хяналтын тогтолцоо бүрдээгүй, бүртгэлийн систем доголдолтой байна гэх зэргийг дурдсан байгаа” хэмээсэн. Цаашид төрийн албыг өргөжүүлэхээс илүүтэй хуулийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг ашиглаж үр дүнтэй ажиллах чиглэл рүүгээ анхаарах шаардлагатай болж байгаа гэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төрийн албан хаагчдын тоон мэдээллийг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний гээд нийтдээ 220 орчим мянган албан хаагч байгаа бол төрийн өмчит үйлдвэрийн газруудад 60 орчим мянган хүн ажиллаж байгаа юм байна. Дээрх 220 орчим мянган албан хаагчдын 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч, боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд юм. 21 хувь нь цэрэг, цагдаа тэргүүтэй төрийн тусгай алба хаагчид, үлдсэн 9 хувь нь төрийн захиргааны албан хаагч юм. Төрийн албан хаагчдын тоо жил бүр өсөж байгаагийн үндсэн шалтгааны нэг нь олон тооны сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад ордогтой холбоотой хэмээн тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүд “төрийн захиргаа нь л өргөжөөд, тэлээд байна” гэсэн өрөөсгөл ойлголтоо залруулж, зөв мэдээлэл авч, олон нийтэд түгээж байхыг хүссэн.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” хэмээх 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасны дагуу нууц санал хураалт санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.6 хувь нь Төсвийн байнгын хорооны саналаар Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ. Иймд “Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэнд ажлын амжилт хүсээд “Улсын Их Хурлын гишүүд аудитын байгууллагын үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулдаг болохыг, холбогдох саналуудыг сонслоо. Төрийн аудитын байгууллага бол парламентын нүд, чих болж гүйцэтгэх засаглалын түвшинд гарч байгаа санхүүгийн болон гүйцэтгэлийн алдаа дутагдлыг илрүүлж, хариуцлага тооцон, доголдлыг засах чиглэлээр ажилладаг. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг гол байгууллагын нэг. Ард иргэдийн зүгээс хүсэж байгаа хяналт шалгалтын чиг үүргийг бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажил хэрэгч ажиллаарай” хэмээлээ. Мөн сүүлийн жилүүдэд төрийн аудитын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн ихээхэн өргөжиж, томорсон гэдэг шүүмжлэлийг Улсын Их Хурлын гишүүд хэлж байгааг тодотгоод, холбогдох судалгаа мэдээллийг Төсвийн байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгов. Дараа нь Байнгын хорооны саналаар бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Дэлэгийн Загджавыг Монгол Улсын ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжих томьёоллоор нууц санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон гишүүдийн 64.5 хувь буюу Улсын Их Хурлын 60 гишүүн дэмжсэн тул Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсан юм.
Иймд Д.Амарбаясгалан дарга холбогдох тогтоолуудын найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
