Үзэл бодол
Ц.Алдармаа: Цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд чөлөөтэй хөрвөдөг байх ёстой
Төлбөрийн үйлчилгээний зөвшөөрөл, хяналтын талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаатай ярилцлаа.
Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээний хэдэн төрлийн зөвшөөрөл олгоод байна вэ?
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос дагаж мөрдсөн. Энэ хууль батлагдахаас өмнө нь зөвхөн банк л төлбөр тооцооны зөвшөөрөлтэй байсан. Хууль батлагдсанаар банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ эрхлэх боломжтой болсон. Одоогоор Монголбанкнаас төлбөрийн хэрэгсэл буюу карт гаргах, хүлээн авах, төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, цахим мөнгөний үйл ажиллагаа эрхлэх, клирингийн систем ажиллуулах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа гэсэн 5 төрлийн зөвшөөрлийг олгосон. Зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг манай цахим хуудасны Төлбөрийн систем цэсээс харах боломжтой.
Зөвшөөрлийг илүү дэлгэрүүлж, жишээгээр тайлбарлана уу?
Бид бүхний сайн мэдэх төлбөрийн карт нь цахим төхөөрөмжийн тусламжтайгаар банканд байрших данс эсвэл бусад этгээд дээрх төлбөр төлөх зориулалттай дансанд хандаж, мөнгөн хөрөнгөө шилжүүлэх боломжийг олгож байдаг төлбөрийн хэрэгсэл юм. Энэхүү төлбөрийн хэрэгслийг гаргах хүлээн авах, хүлээн авах зөвшөөрлийг бүх банк авсан. Банк бус хуулийн этгээд болох Хай пэймэнт солюшнс ХХК нь төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг авсан. Энэ нь цахим худалдаанд түлхүү хэрэглэгдэх төлбөрийн үйлчилгээ юм.
Хэрэглэгчээс тодорхой мөнгөн хөрөнгийг урьдчилж байршуулсны дагуу тухайн мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээтэй олгогдсон, зөвхөн төлбөр төлөх, шилжүүлэг хийх зорилгоор ашиглагдах, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа бол энэ нь цахим мөнгө юм. Хуулинд цахим мөнгө нь хэд хэдэн шинжийг нэгэн зэрэг агуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг байх. Тодруулж хэлэхэд, цахим мөнгө нь төгрөгтэй ижил үнэ цэнэтэй байх ёстой. Жишээ нь 100 төгрөг нь 100 цахим мөнгө бөгөөд 100 төгрөгийг банкан дахь баталгааны дансанд байршуулна гэсэн үг. Ингэснээр харилцагчийн цахим мөнгийг төгрөгөөр баталгаажуулж байна. Мобифинанс ББСБ-аас гаргасан Кэнди үйлчилгээ нь Монголбанкнаас цахим мөнгөний үйлчилгээний зөвшөөрөл авсан үйл ажиллагаа юм. Цахим мөнгийг жижиглэнгийн төлбөрийг хурдан төлөхөд ашиглана. Их дүнтэй гүйлгээ хийх бол банкны дансаа ашиглах нь тохиромжтой.
Монголбанкнаас 3 төрлийн төлбөрийн системыг хариуцан ажиллуулдаг. Үүнд их дүнтэй буюу 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний Банксүлжээ систем, бага дүнтэй буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээний Автомат клиринг хаус систем болон дүнгийн хязгаарлалтгүй төлбөрийн картын клирингийн систем байна. Үүнээс гадна ХХБ нь картын системийн дэд гишүүн банкуудын төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор клирингийн системийг ажиллуулах зөвшөөрлийг авсан.
Банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх тохиолдолд төлбөр тооцооны төлөөлөгч банкыг сонгож хамтран ажиллах хуулийн зохицуулалттай бөгөөд одоогоор Хас банк энэхүү зөвшөөрлийг аваад байна.
Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид техник технологи, мэргэжлийн боловсон хүчний болон Монголбанкнаас тодорхойлох бусад дэмжлэг үзүүлдэг этгээдийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэгч гэнэ. Энэ дагуу Гурван зуун жар файнанс ББСБ ХХК, ХХБ, Датабэйнк ХХК болон ККТТ ХХК процессорын зөвшөөрлийг авсан байгаа.
Зөвшөөрлийн материал бүрдүүлэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ?
Зөвшөөрөл хүссэн материал ирүүлэхдээ хэд хэдэн анхаарах асуудал байна. Тухайн үйлчилгээг нэвтрүүлэх зах зээлийн хангалттай судалгаатай байх, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкнаас гаргасан журам, дүрэмтэй сайн танилцаж, өөрсдийн эрхлэхийг зорьж байгаа үйл ажиллагааны дүрэм журмыг тэдгээрт нийцүүлсэн байх, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг зээлийн эх үүсвэрээр биш, хууль ёсны үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэнийг нотлох баримт бичгийг ирүүлэх, харилцагчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа. Ирүүлсэн материал нь хоорондоо уялдаа холбоо сайнгүй, үг үсэг найруулгын алдаа ихтэй байна. Нэг анзаарагдсан зүйл гэвэл зөвшөөрлийн материал өгснөө заавал зөвшөөрөл авах ёстой гэж ойлгодог, гэтэл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй, бүрдэл дутуу байх, хангалттай нотолж чадахгүй асуудал гардаг. Бид энэ тохиолдолд зөвшөөрөл хүсэгчид татгалзсан хариу өгдөг. Хууль, журмын шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрлийг нь олгоод явж байгаа, одоогоор давхардсан тоогоор 20-н зөвшөөрөл эзэмшигчидтэй болжээ.
Зөвшөөрлийг хэр хугацаанд шийдвэрлэдэг вэ?
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичгийг бүрэн гүйцэд гэж Монголбанкнаас үзсэн бол зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ. Харин нэмэлт материал шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх нийт хугацаа 180 хоногоос хэтрэхгүй байх зохицуулалттай. Энэ нь нэмэлт материал авч дахин шалгах, шаардлагатай үед системтэй биечлэн танилцах, уулзалт хийх, нөөц төвийн үйл ажиллагааг шалгах зэрэгтэй холбоотой. Нэмэлт материалыг хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй байх асуудал гарч байгааг цаашид зөвшөөрөл авах хүсэлттэй байгууллагууд анхаарах нь зүйтэй. Хуулинд заасан хугацаанд нэмэлт материал бүрдүүлж ирүүлээгүй бол Монголбанкнаас зөвшөөрөл олгох боломжгүй юм.
Төлбөрийн системд хэрхэн хяналт тавьдаг вэ?
Төлбөрийн системийн хяналтыг хэрэгжүүлэхдээ системийн хувьд чухал гэж үзсэн тоон мэдээлэл цуглуулах, үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, хяналт тавих, шаардлагатай өөрчлөлт хийх гэсэн үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Манай хэлтсийн зүгээс Төлбөрийн системийн тайланг улирал бүр гаргаж, Монголбанкны цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлдэг, оператарын үнэлгээг жил бүр хийж удирдлагуудад танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.
Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол хуулийн хариуцлага хүлээх үү?
Мэдээж хүлээлгэнэ, хуулинд төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийг Монголбанкнаас олгоно гэсэн, эдгээрийг зөвшөөрөлгүй эрхлэхийг хориглосон заалт бас байгаа. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулбал манайхаас зогсоох хүртэл арга хэмжээ авах боломжтой тул эд хөрөнгөөр хохирч болзошгүй юм.
Хэрэв зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэгчээс болж иргэд хохирвол яах вэ, Алдсан мөнгөө олж авахад нь зориулсан зохицуулалт гэж бий юу? Өөрөөр хэлбэл банкны хадгаламж бол даатгагдсан байдаг.
Банкнаас бусад байгууллага төлбөрийн хэрэгсэл гаргах тохиолдолд Монголбанкнаас тавьж байгаа нэг том шаардлага нь баталгааны данстай байх. Энэ нь яах вэ гэхээр төлбөрийн хэрэгсэл гаргах ББСБ эсвэл хуулийн этгээд нь банканд баталгааны данстай байна гэсэн үг. Иргэдээс мөнгө хөрөнгө авч түүнийх нь оронд төлбөрийн хэрэгсэл өгөх ба иргэдээс авсан мөнгийг 100 хувь банканд дахь баталгааны дансанд байршуулж, түүнийгээ Монголбанканд тогтмол шалгуулж байх ёстой . Ингэснээр таны мөнгийг авч хадгалсанаас үүсэх эрсдэлээс хамгаалж байгаа юм.
Харин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд ийм зохицуулалт байхгүй тул өндөр эрсдэлтэй. Тийм ч болохоор саяхан Монголбанкнаас мэдэгдэл гаргаж зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг зарласан.
Ярилцсанд баярлалаа.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Урлаг спорт2021/09/17
Улаанбаатар чуулга театр болон өргөжнө
-
Шударга мэдээ2020/04/17
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана
-
Үзэл бодол2023/02/17
Д.Гантулга: Хөвсгөл нуурт 12-16 метрийн гүнд 35 цагийн шумбалт хийж, түүхийг бүт...
-
Цаг үе2022/08/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
