Улстөр нийгэм
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Н.Номтойбаяр нар хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн.
Түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга А.Эрдэнэбүрэн танилцуулсан. Тэрбээр, хуулийн төслийг боловсруулах үндэслэлийг илтгэлдээ онцлоод Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 8 бүлэг, 54 зүйлтэй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд заасны дагуу дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх болон зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж үзлээ гээд хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэлтгэл ажил хийх талаар танилцуулгадаа онцлов. Түүний дараа хуулийн төслүүдийн талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулсан.
Тэрбээр, Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг “d.parliament.mn” цахим системд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын 2024 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил, Үндсэн хууль болон хууль хоорондын зөрчил байгаа эсэх, дагаж мөрдөх хугацааг 1 жилээр хойшлуулснаар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулах болсон үндэслэл, шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир төслийн үзэл баримтлалын талаар, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар, орон нутаг хоорондын ажлын уялдаа холбоо, эдэлбэр газрын хэмжээ, зааг, эргэлтийн цэгийг тогтооход хүндрэлтэй асуудал байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төвлөрлийг сааруулах хүрээнд бүсчилсэн байдлаар таталцлын хот, сумдыг байгуулж, хөгжүүлэх нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийг хэрэгжүүлэх боломжтой хилийн цэсийн маргаангүй дүүрэг, орон нутаг байгаа бөгөөд газар нутгийн маргаантай аймаг орон нутгаас болж дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагагүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улсын Их Хурлаас баталсан хуулийн хэрэгжилтийг хугацаанд нь хангахад анхаарах, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн бол хуульд шаардлагатай өөрчлөлтийг оруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ нар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулж хэрэгжилтийг хангахад бусад хууль тогтоомж, төсөв, эдийн засгийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдааг хангах нь зүйтэй зэрэг саналуудыг тус тус хэлсэн болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “… Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна ...” гэж заасны дагуу санал хураалт явуулахад Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хууль батлагдаад хэрэгжиж байна. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль мөн л адил шахуу эрх зүйн харилцааг зохицуулах учраас хуулийн хийдэл, зөрчил, давхардал үүсч болзошгүй учраас анхаарах талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 57 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хотод Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэж заасан. Энэ нь засаг, захиргааны нэгжүүдийг дамнуулан хот байгуулах эрх зүйн үндэс буй болсон юм. Ингэснээр цаашдаа Монгол Улсын нутаг дэвсгэр дэх 330 гаруй сумдыг хооронд нь нэгтгэх хандлагын өөрчлөлт авчирсан. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хот нь хотын, бусад нь бүгд сумын статустай, ойлгомжгүй зохион байгуулалттай байна. Суурин газарт амьдралын чанар улам дордсоор байна. Тиймээс суурин газарт хот төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх нь хөгжлийн зөв эхлэл хэмээн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, нийслэлийн дүүрэг бүрийг хот болгох эрсдэлтэй. Монгол Улс шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй улс таталцлын төвүүдийг хот болгон хөгжүүлэх нь зөв гарц гэж бодож байна. Тухайлбал, баруун бүсэд Ховд, төвийн бүсэд Хархорин, уламжлалт Дархан, Эрдэнэт улмаар Даланзадгад, Чойлбалсан гээд хотууд байгуулах ёстой. Энэхүү өөрчлөлт шаардлагатай учраас хуулийг хэрэгжих асуудлыг нэг жилээр хойшлуулахыг дэмжиж байна гэв.
УИХ-ын гишүүн П.Ганзориг, Улаанбаатар хотыг 14 хотод хувааж байна. Эдгээр хотууд зөвлөлтэй, захирагчтай, эдэлбэр газартай. Гэтэл Улаанбаатар хотын эдэлбэр газрыг хэрхэн тогтоох талаар болон нийслэлийг 14 хотод хуваахдаа Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс эдэлбэр газар аваад Хан-Уул хотыг байгуулж байна. Тэгэхээр энэ хоёр дүүрэг Иргэдийн төлөөллийн байгууллагатай. Мөн Хан-Уул хот бас засаг захиргаатай. Тодорхой нэг асуудлаар энэ 3 субьект гурван өөр шийдвэр гаргах тохиолдолд хэрхэн шийдэх вэ, хаягжилтийн шинэчлэлд ямар зардал, өөрчлөлт гаргах талаар асуув.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга А.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн бусад гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуульчлан заасны дагуу засаг, захиргааны нэгжийн чиг, үүрэг тодорхой буй учраас нэг асуудлаар ялгаатай шийдвэр гарах боломжгүй. Хуульд заасан 14 хот, 3 дагуул хот бол орон нутгийн зэрэглэлтэй учраас Улаанбаатар хотын эдэлбэр газарт хамааралгүй юм. Хотын захирагч хотын иргэдээсээ сонгогдохоор улстөрийн асуудлаас илүү аж ахуйн асуудалд анхаарах сайн дүр зураг харагдаж байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн шилжилт, хөдөлгөөний өөрчлөлт цахимаар хийгдэх учраас хөрөнгө мөнгө шаардагдахгүй гэв.
Мөн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, орон нутгийн шинж чанартай хотуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлогыг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийх шаардлагатай байна. Мөн орон нутагт босоо удирдлагын тогтолцоог эргэн харах талаар саналаа илэрхийлж, жилийн хугацаанд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах талаар хэрхэн ажиллах тухай асуусан бол УИХ-ын гишүүн Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан нар хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж буйд шүүмжлэлтэй хандаж, хил хязгаарын тогтоох асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэх боломжтой атал Засгийн газар ажиллаж чадсангүй. Энэ мэтээр ажлын хариуцлага алдаж, хуулийн засаглалыг үл ойшоох хандлага гарлаа. Ажлын хариуцлагагүйгээс болж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах жишиг тогтоож байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх талаар асуув. Ажлын хэсгээс хариулахдаа, шинээр байгуулагдах хотуудын эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох асуудлыг шийдэх асуудал тулгарч буй нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулах үндсэн шалтгаан болж байна. Орон нутгаас эдэлбэр газрын талаар санал авч буй боловч, үндэслэл муутай санал ирж байгаагаас гадна хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, зарим аймгууд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дуусаагүй байна. Эдэлбэр газрыг тогтооход энэхүү төлөвлөгөө чухал учраас ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Мөн орон нутгийн хил хязгаарын асуудлыг олон нийтийн саналд үндэслэн зөв тогтоохгүй бол дараа нь хуулийг хэрэгжилтийг хангахад бэрхшээлтэй. Тиймээс маргаан, зөрчил байвал бүрэн ойлголцсоны дараа хил хязгаарыг тогтоох шаардлагатай байгаа хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь УИХ, Засгийн газрын ажлын хэсгүүд зарим хөгжлийн баримт бичгүүдийг боловсруулахад ажиллаж байна. Эдгээр баримт бичгүүдтэй энэхүү хууль уялдах шаардлагатай учраас бодит нөхцөл байдлыг тооцох ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураахад гишүүдийн олонх дэмжиж, мөн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Улстөр нийгэм
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ.

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ.


-
Урлаг спорт2022/10/24
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-т зориулсан өдөрлөг нээлтээ хи...
-
Үзэл бодол2022/06/08
У.Хүрэлсүх: Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үн...
-
Улстөр нийгэм2022/06/07
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа
-
Цаг үе2020/04/07
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
