Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Мөнхбат: Монгол гэсэн үндэсний онцлогтой, ардчилсан улс болж төлөвшөөсэй гэж хүсдэг

Огноо:

,

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатыг урилаа. Түүнийг  Улаанбаатар дахь  Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад анх уулзаж ярилцаж байв. “Нутаг амьтай” хэмээн  олондоо хүндлэгдсэн тэрээр энэ хооронд  төрийн болон төрийн бус байгууллагын олон шатыг дамжиж аймгийнхаа  ИТХ-ын даргаар сонгогдон  ажиллаж байна.

-Та Сүхбаатар айм­гийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хүртэл туулсан зам, орон нутагтаа хийсэн ажлыг тань сонирхоё?

-Анх  10 жилийн сур­гууль төгсөөд МУБИС-д  сурахаар Улаанбаатарт ирж байлаа.

Сургуулиа төгсөөд  ах, дүүсийн хамт жижиг  бизнес эхлүүлж, хувийн хэвшилд амьдралынхаа төлөө  зүтгэсэн. Түүний зэрэгцээ нийслэл дэх Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл ТББ-д амьдралынхаа зургаан жилийг зориулсан. Тухайн үед ТББ-ын хүрээг яаж тэлэх вэ, ямар хүмүүсийг хамруулах вэ, нутгийн хөгжил, залуусын боловсрол, соёл, зан заншил гэсэн олон  чиглэлд   сэтгэл, цаг заваа зориулж, сургууль дөнгөж төгссөн  нутгийнхаа залуусыг ажлын байранд зуучлах ажлыг эрчимтэй хийж байлаа. Мөн төрийн байгууллагад 2007-2016 он хүртэл  ГИХАЭЕГ-т   харьяатын асуудал эрхэлсэн  мэргэжилтэн,  мөн захиргааны ахлах мэргэжилтнээр, Буянт-Ухаа боомтод ажилласан. 2013 онд нутагтаа  томилогдож, гурван жил гаруй Гадаадын иргэн харьяатын  албаны даргын албыг хашихдаа  өөрийн эрхлэх ажлын хүрээнд орон нутгийн төсөв бүрдүүлэхэд анхаарсны дүнд тэрбум гаруй төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж байлаа. Газрын тосны жолооч нар албан паспортоор Бичигтийн боомтоор явж 200 гаруй сая төгрөгийн зохих хураамжийг чөлөөлүүлсэн байсныг зогсоож, иргэдтэйгээ хамтран тэмцсэний дүнд орон нутгийн дансанд 250 сая төгрөгийн визийн орлогыг жил болгон төвлөрүүлж чадсан. Ажилласан салбар болгондоо нутаг орноо бодож, яавал аймгийн маань  хөгжилд нэмэртэй байх вэ, яаж хөрөнгө оруулалт татаж болох вэ хэмээн зүтгэж гадаад хөрөнгө оруулалтын хувьд ч тэр нутагтаа хөрөнгө оруулалтын чиглэлээр нэмэр болж  ирлээ. Найзуудынхаа хүрээнд 2006 оноос “Жавхлант шарга” клуб байгуулан нутгийнхаа залуусын боловсролыг дэмжин ажиллаж байсан. Улсын олимпиадын хоёрдугаар шатны шилдэг сурагчдыг урамшуулах, Улаанбаатар хотод ахисан түвшинд бэлтгэх ажлыг гурван жил дараалан явуулсан. Сагсан бөмбөгийн баг анх гарч ирэхэд зардал, байр, хувцасны өртгийг клубын зүгээс шийдсэнээр энэ спорт манай аймагт нэлээн өндөр хөгжсөн. Энэ бол миний үүрэг  бас хариуцлага, нутгийнхааа залууст туслах ёстой гэж бодож явдаг.

-Сүхбаатар аймгийн ИТХ хурлаа хийхгүй хоёр талцсан, төсөв, эдийн засгийн үндсэн чиглэлээ баталж чадахгүй амаргүй үед энэ байгууллагын  дарга болсон санагдана. ИТХ ер нь ямар байгууллага вэ, одоо  ямар байдлаар  ажиллаж байна?

-Би улс төрөөс хол, нам эвсэл гэж явдаггүй  байлаа. Орон нутагтаа томилолтоор ажиллах хугацаанд аймгийн АН-аас санал тавьсны дагуу гишүүнээр элссэн. Цаг үеийн ээдрээтэй  нөхцөл байдалд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон. Ингээд  улс төрийн зөрчилдөөнтэй, орон нутагт улстөржилт туйлширсан нэлээд хүнд үеийг давж гарсан. Тухайн үед ИТХ дахь хоёр намын эв нэгдлийг хангаж ажиллах хариуцлагатай бөгөөд түүхэн үүрэг аймгийн Засаг дарга бид хоёрын өмнө тулж ирсэн. Аль болох намчирхахгүй байх, нутаг орныхоо хөгжлийн төлөө эв нэгдлийг хангаж ажиллахыг гол зорилгоо болгосон.

ИТХ гэдэг хүн болгоны харж байгаа шиг их  эрх мэдэл биш юм. Аймаг, орон нутгийн төлөө санаа бодлоо илэрхийлдэг ч хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Бусад цагт цөөхөн хүнтэй цомхон аппарат. Яг ажлын албаны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэргүүлэгчдийн хурлаар орон нутагт тулгарсан асуудлыг шийддэг. Сум, орон нутгийн ИТХ-ын тухайд  ажил багатай байна гэсэн гомдол иргэдээс ирдэг. Гэвч хуулийн хүрээнд ажиллаж байгаа байдал нь тэр юм. Төсвөө батлаад хурлаараа хамтын шийдвэрээ гаргаад өгчихвөл цаашид үүрэг маш бага. Түүнээс биш хийх ажил байгаа бол тухайн хүн хийгээд л явна. Эсвэл улстөржөөд завгүй байх ёстой юм уу гэдэг асуулт гарна байх. Яг нарийндаа бол ИТХ-ын даргын хувьд хийх ажил бага шүү дээ. Засаг даргын эрх үүргийг хуваарилах зарчмаар юм уу, жишээ нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг ИТХ-ын дарга хариуцана гэх мэтчилэн хуульчлаад явбал энэ хүрээнд үүрэг хариуцлага ирнэ. Энэ нь аймгийн ИТХ-ын даргын хувьд ч адилхан. Энэ өнцгөөс бид ч бас шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, Засаг даргын үүргийг хуваариллаа гэхэд ИТХ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарыг хариуцаж явах ч юм уу, иймэрхүү  чиглэлтэй байвал үр дүнтэй байхаар  санагддаг.  Үүний зэрэгцээ орон нутагт  намчирхалыг багасгахгүй бол улстөржилт газар авч ажилдаа анхаарахгүй тиймэрхүү зүйлд сатаарч хагарал бутралд автах хий улстөрчих байдал анзаарагддаг.

-Танай аймгийн ИТХ соёлын өвийг хамгаалах чиглэлээр ихээхэн анхаарал хандуулдаг санагдсан?

-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ч, аймаг орон нутгийн хувьд ч соёл, боловсролын  асуудалд анхаарах байдал маш муу байна. Иймд   энэ асуудлыг анхаарч нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаж ирсэн. Түүхийн үнэт дурсгалуудаа  хулгайд алдах, хаашаа явж байгааг нь  мэдэхгүй байх асуудал байдаг. Үүнд сэтгэл эмзэглэхийн зэрэгцээ анхаарал хандуулж аймгийн үзмэрүүдийг музейн уран бүтээлчидтэй хамтран бүртгэж бүртгэлжүүлэх, хүн чулуудыг бүртгэхэд анхаарч ажилласан. Цаашид соёлын өвөө  яаж хадгалж хамгаалах вэ, машин мотоциклийн хэрэглээг хэрхэн бууруулах вэ, малчдын бэлчээрийн бодлого ямар байх талаар  ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж ирлээ. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс монгол ахуйг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадмыг жил бүр зохион байгуулж, Өвөрмонголын “Одон” телевиз болон  хэвлэл мэдээллийн бусад байгууллагатай хамтран сурталчилдаг уламжлал тогтсон. Энэ наадмыг   монгол адуу дагасан өв соёл, түүнийг түгээн дэлгэрүүлэх, малчин залууст урам зориг өгөх, нөгөөтэйгүүр  хил орчмын аялал жуулчлал, тэр дотроо Сүхбаатар аймагт өвлийн  аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн. Тэмцээний тухайд улс, бүсийн чанартай зохион явуулдаг. БНХАУ-аас, Өвөрмонголын зарим аймаг, Авга хошуу, Хөлөнбуйраас адуучид ирж оролцдог. Энэ боломжийг ашиглан хувийн хэвшлийнхэн хэрхэн хөрөнгө оруулалт татах нь тухайн байгууллагын хариуцлагын асуудал юм. Ирэх жил улсын  хэмжээнд “Хүлэгч эрсийн наадам”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн. “Одон” телевиз бидний үйл ажиллагааг  нэвтрүүлэг болон гэрэл зургийн наадам, мэдээ мэдээллээр сурталчлан дэлхийн 57 улсад   хүргэсэн.

-Сүхбаатар аймгийг  адууны орон, хурдны өлгий гэж ярьж, бичдэг ч албажаагүй явж ирсэн. Таныг ИТХ-ын даргаар ажилласан он жилүүдэд  адуун соёлын төв болгож зарлаж, түүнийгээ  батал­гаажуулсан гэж ойлгосон?

-Монгол адуу бол тал нутгийнхны уламжлалт ёс заншил, амьдралын өвөрмөц хэв маяг, цаашлаад Монгол Улсын соёлын өв, үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг юм. Иймд  монгол адуу, түүнийг  дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн  үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальсанд буулган олон улсын түвшинд сурталчлан таниулах, хил орчмын өвлийн аялал жуулчлалын маршрутыг тогтоож тогтвортой хөгжүүлэх зорилго бүхий “Агтана хүрээт” төслийг санаачилсан. Улмаар “Хүлэгч эрсийн тэмцээн”, олон улсын гэрэл зургийн наадмыг зохион байгуулж,  Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгох санаачилга гаргаж ИТХ-д танилцуулсныг хурлаараа хэлэлцээд дэмжиж тогтоол гаргасан.

-Одоо асуултаа жаахан өөрчлөөд таны удам судрын тухай асуумаар байна. Таны ургийн овог Ду ноён гэж байгаа нь анхаарал татлаа. Энэ хүн Дарьгангыг урдирдаж, гавьяа байгуулж явсан түүхтэй  “Уулын  Ду ноён”  мөн үү?

-Дарьганга сумыг анх үүсгэн  байгуулсан 17 хүний хоёр нь манай ээжийн аав ээж хоёр, нэг нь аавын өвөө нь юм. Манай өвөө  Загарын Гэндэн гэж хүн байлаа. Хэлмэгдүүлэлтийн үед ахаараа овоглодог байж.  Загар гуай нь Дарьганга сумын анхны нэгдлийн дарга, өндөр нуруутай, бүдүүн хоолойтой, нутаг усандаа хүндлэгдсэн хүн байсан гэдэг. Уулын Ду ноён буюу Дарьганга хошууны  таван гарын нэг болох Баруун гар адуун сүргийн дарга Дугарсүрэн гэж хүн манай өвгөд дээдсээс түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн нутаг орныхоо нэрт зүтгэлтэн  юм. Иймд бид ургийн овгоо болгож нэрлэсэн.Уулын Ду ноён манай өвөө шиг бүдүүн хоолойтой, өндөр том биетэй, цэвэрч хүн байсан гэлцдэг. Тэр үед “Дугар ах ирлээ” гээд тэр хавийн бүх айл гэрээ цэвэрлэдэг байсан гэж хуучцуулын аман яриа байдаг. 1913  оны үед хил орчмын нөхцөл байдал ээдрээтэй цаг үед Зүүн өмнө хязгаарыг төвшитгөн тогтоох цэрэгт тухайн үед 272 тооны агт адуу хувиасаа нийлүүлж тус хүргэсний улмаас бэйс зэргээр шагнуулж явсан юм байна лээ. Ээжийн тал болохоор Айлтгүй гэж Дарьганга сумыг үүсгэн байгуулсан анхны 17 хүний нэг нь юм.

-Сүхбаатар  нутгийн  түүхт хүмүүс дор бүр­дээ  улс орныхоо  төлөө гарам­гай гавьяа бай­гуулж байжээ.  Егүзэр ху­тагт гэхэд зүүн өмнөд хязгаарыг хянан тохи­нуулахын зэрэгцээ одоогоор бол экологич  хүн байж. Ингэхэд хутагтын нутагшуулсан бугын сүргийг хамгаалалтад авч аялал жуулчлал хөгжүүлэх тань юу болсон бэ?

-Эрдэнэцагаан сум  байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газар олонтой. Тэнд Егүзэр хутагтын гардан нутагшуулсан нутгийн ард түмний хайртай бугын сүрэг нутаглан өсч үржиж ирсэн нь сүүлийн үед  Бичигтийн боомтыг чиглэсэн уул уурхайн тээврийн зам явах болсноос шалтгаалж бугын идээшсэн нутаг бэлчээр, нүүдэл хийх газар, намар орой Араатын уул руу бэлчих газар хумигдаж малчдын суурьшлын бүс болж хувирсан. Иймд аймгийн ИТХ-ын зүгээс  сүүлийн жилүүдэд  Монгол Улсын хэмжээнд ярих болсон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулж, мөн аймагтаа бий болгоод байгаа өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох “Агтана хүрээт” соёлын арга хэмжээг  баяжуулан хутагтын бугыг өсгөж үржүүлэх, хамгаалах  чиглэлд анхаарал хандуулахыг зорьж байна.  Энэ хүрээнд Бичигтийн боомтын ойр оршдог Зүүн, Баруун Араат уулыг байгалийн цогцолбор болгоё гэсэн санаачилгыг  гарган  сумын Засаг дарга, ИТХ-ын даргад санал  хүргүүлсэн. Төв аймгийн нутаг дахь Хустайн нурууны цогцолбор газрын захиргаа, удирдлагуудад санал тавьж ярилцсан. Бугын сүрэг, ургамлын судалгааг хийж өгч хамтарч ажиллая гэсэн. Түүний зэрэгцээ тахийн сүргийн тоо толгой мянгад хүрэхэд шинэ суурьшлын бүс нутаг хэрэгтэй. Иймд та бүхний саналыг дэмжиж ажиллая гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчдийг хамруулан Хустайн нурууны цогцолбор газартай  танилцах аялал зохион байгуулсан. Сумын иргэдэд ч санал, танилцуулгыг удаа дараа хүргүүлсэн. Гэвч өнөөг хүртэл Эрдэнэцагаан сумын ИТХ шийдвэр гаргаагүй байна. Хутагтын буга одоогоор 300 толгойд хүрсэн. Ган гачиг, дэлхийн дулааралтай холбоотой булаг шанд ширгэж усны хүртээмж багассанаас айлын малтай хамт хүний гаргасан худгаас усаа хувааж уух, мөн газрын тос, нүүрс тээвэрлэлтийн замаар хөндлөн гарч нүүдэллэх эрсдэлтэй байдал тулгарах болсон. Иймд бугын сүргийг хамгаалах асуудлыг хөндсөн. Эрдэнэцагаан сумынхан байгалийн цогцолбор газар байгуулах шийдвэрээ гаргавал Егүзэр хутагтаас хойш талын бугын төлөө хэрэгжүүлж буй буянтай үйлс болно гэж бодож байна. Мэдээж ийм цогцолбор газартай болчихвол буга тайван идээшилж нутаглахаас гадна бусад ан амьтан өсч үржинэ. Ирээдүйд та бидний очиж аялах дуртай  томоохон цогцолбор бий болно. Ийм алхам хийхгүй бол сүүлийн үед идэвхжиж байгаа уул уурхай, тээврийн цуваанаас үүдэлтэй бугын сүрэг дайжих, ан амьтад цөөрөх аюул бий.

-Эрдэнэцагаан сумын нутагт одоо ан амьтан нутагшуулах боломж хэр байдаг юм бол?

-Энэ   нутгийн байгаль, цаг уурын нөхцөл тун өвөрмөц. Эрт цагт цагаан тарвага, цагаан чоно, зэгсний зэрлэг гахай байсан гэж ярьдаг. Егүзэр хутагт  тарвага нутагшуулж, одой морь, аварга могой   тэжээж, хайлаас тарьж ургуулж ирсэн. Тэр бүү хэл заан, баавгай хүртэл сонирхож байсан гэлцдэг. Эрдэнэцагаан сумын нутаг Хурангийн ууланд  гандигар гэж ховор сонин мод ургадаг. Бонго, хунчир, эрэвгэр, жирэвгэр, түмэн зангилаа гэсэн эмийн ховор  ургамал ургадаг. Бүс нутгийг байгалийн цогцолбор болговол ан амьтад нутагшуулахаас эхлээд  өвөл цаг хүндэрсэн үед өвс ургамал, тэжээлийн бааз байгуулах гэсэн  олон ажил санаачилж хэрэгжүүлэх бололцоотой. Эрдэнэцагаанд  тахь, аргаль аваачиж нутагшуулбал амархан дасч идээших байх. Мөн цагаан зээр хамгаалах ажлуудыг хийж байна.

-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тухайд та юу хэлэх бол?

-Уул уурхай гэхээр “хадны мангаа” биш шүү дээ. Зөв бодлогоор хөгжүүлбэл түүнийг дагаад орон нутагт хөгжил ирнэ. Зөв зүйл ямагт  ашиг шимээ өгдөг. Уул уурхайг нутаг орон, хүн ард, ургамал амьтан гээд бүх түвшинд нь уялдуулж зөв хөгжүүлэх хэрэгтэй. Тооцоо, судалгааг гол болгоогүй хэтэрхий “попорсон” тэмцэгчдэд би дургүй. Сүржигнэж, засаг захиргааны байгууллагаар бичиг цаас барьж явдаг. Тэгсэн атлаа цаана нь мөнгө төгрөг авч шантааж хийх маягаар тэмцсэн дүр эсгэдэг хүмүүстэй бид  хамтарч ажиллахгүй. Үнэхээр тахилгатай уулыг нь ухаж, ус голыг ширгээж, айл өрхийн өвөлжөө, хаваржаа амар тайван байдлыг алдагдуулж буй бол шаардлага тавьж тэмцэнэ. Мэдээж харилцан шүтэлцээтэй байж нутаг ус хөгжинө. Жишээлбэл, хүрэн нүүрс гэхэд л дэлхийн зах зээл дээр  утаа тортогноос  болж хэрэглэхээ зогсоож байна шүү дээ. Бид хилд хэтэрхий ойрхон байна ч гэдгийг хориглох нь утгагүй. Бид баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах ёстой. Тэгж байж аймаг орон нутагт шаардлагатай байгаа аль нэг салбарт хөрөнгө оруулалт татаж чадна. Хамгийн гол нь зөв бодлого, хариуцлага, сахилга бат  чухал. Энэ үүднээс уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хариуцлагын гэрээ байгуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. АМНАТ-ын татвар гэхэд л Сүхбаатар суманд 4.5 тэрбум, Сүхбаатар аймагт нийгмийн хариуцлагын хүрээнд 2.5 тэрбум гэх мэтчилэн төсөвт төвлөрдөг. Үүнийгээ олон салбар руу тарааж цацах бус энэ жилийн 2.5 тэрбумаар нэг эмнэлэг баръя гэх юм уу, томоохон бүтээн байгуулалт руу хандуулж үр ашигтай зарцуулах хэрэгтэй гэсэн байр суурийг байнга илэрхийлдэг. ИТХ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг учраас ганц миний санал тэр бүр олонхийн дэмжлэг авч чадахгүй байх нь бий. Ийм байдлаар төсвийг жижиг сажиг зүйлд үрэн таран хийж байгаад миний хувьд харамсч явдаг. Энэ мөнгийг нийгэм рүү чиглэсэн байдлаар томхон бүтээн байгуулалтад зарцуулж чадвал сайн. Жишээ нь аймгийн  хэмжээнд өв соёлын томоохон музейтэй болж болно. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтыг жил дараалуулан цогцоор нь шийдэж явбал орон нутгийн  хөгжилд  хамгийн чухал алхам болох юм. Гэвч санаа нийлэх, үгүй нь ИТХ дахь тухайн төлөөлөгчдийн ухаан бодлын асуудал болоод байдаг.

-Танай аймагт уул уурхайн хэчнээн компани байдаг юм бэ?

-Сүхбаатар аймагт уул уурхай гэж их ярьдаг яг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь  ховор. Нийт 14-15 уурхайтай. Тогтвортой явж ирсэн нь “Цайрт минераль”, “Цахиурт овоо” болон  ганц хоёр жоншны уурхай бий. Нүүрсний уурхай байнгын зөрчил маргаан, дотоод асуудлаасаа болж одоо болтол тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.

-Нутагтаа  ажиллаж, амьдарч байгаа залуу хүний хувьд аймгийнхаа  хөгжлийг том зургаар авч үзвэл ирээдүйг  нь та юу гэж дүгнэж байна?

-Мэдээж олон талаас нь хардаг. Хөдөө орон нутагт сүлжээ хоолны газрууд, том дэлгүүрүүд бий болоход Мэргэжлийн хяналтын байгууллага шалгах үүрэгтэй ч саад тотгор болж байгаа санагддаг. Энэ нь нэг талаар  стандарт хэмжил зүйн хэтэрхий өндөр шаардлага, европ стандартыг орчуулж тавьснаас  болдог. Аливаа бизнес хийхэд их дарамт үзүүлдэг. Энэ нь  бизнесийн салбарт дөнгөж хөл тавьж, гарааны биенес эрхлэх гэж  буй хүмүүст төвөгтэй, сөрөг үр дагавар авчирдаг. Азийн орнуудад очиход дуртай газраа цай хоолны үйлчилгээ авдаг, Монголд болохоор гадаа суугаад хоол идэж болохгүй, гудамжинд зогсоод ногоо зарж болохгүй  болчихоод байдаг. Стандарт хэмжил зүйн тавигддаг шаардлагууд дээрээ нутгийн онцлог, Азийн орнуудын зөвшөөрсөн стандартыг харгалзсан өөрийн стандартыг бий болгохгүй бол амьдралд нийцэхгүй байна. Газарт ургасан ногоог авчраад газар дээр тавиад зарахад заавал лангуутай бай гэдэг. Энэ нь нэмүү өртөг үүсгэх шалтгаанболдог. Энэ тал дээр төр, засгийн зүгээс анхаарч дүрэм журмаа эргэж хараасай гэж боддог.

Мөн хүн ам, малын тооллого байна. Хэдэн оны ямар журмаар тогтоосон юм бэ бүх дарга нарыг дайчлаад томилолт, шатахууны их зардал гаргадаг. Тэгсэн атлаа гадаа цасан шуурганаар мал тоолоод даарч бээрч зогсох нь цөөхөн. 300 өрхтэй багт багийн Засаг дарга нь хариуцаад нэгдсэн тооллогыг цахимаар хийчих боломжтой. Жишээ нь, Өвөрмонголд дрон нисгээд тоог нь авчихдаг. Ингэж техникийн дэвшлийг ашиглахгүй их үрэлгэн зардал гаргаж байгаад гайхдаг. Яагаад шинэ зүйлийг хүлээж авахгүй байна вэ гэдгийг нэг удаа Засгийн газрын хурал дээр асуутал хариуцсан дарга нь их уурлаж байсан. Ийн амархан шийдчих жижиг зүйлүүдэд дэвшил гаргахгүй байгаа нь цаанаа жижиг сонирхолтой холбоотой байж мэдэх юм. Түүнчлэн Монгол орон дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай атал 100 жилд болоогүй хүйтэн болно гэх мэтчилэн сөргөөр мэдээлж, асуудлыг хүндрүүлж бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэж байдгийг болих хэрэгтэй. Байгалийн  шалгарал байнга явагддаг зүйл, эрсдэлтэй үед туслах нь зүйн хэрэг. Нийгмийн халамжууд ч гэсэн “Тэжээх тусам тэнэгрэлд ордог” гэгчээр бодох л асуудал. Үндэстнийг мөхөөхийн тулд бэлэнчлэх сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг түүхэн сурвалжуудаас харж болно. Манж улс хэтэрхий ямбалж, бэлэнчлэх сэтгэлгээнээс болж сөнөж устсан түүхтэй. Монголчуудын халамж хавтгайрсан. Энэ бол юу ч байсан хийж чаддаг, гараад модоо хөрөөдөөд хагалчихдаг, цахилгааны утсанд гарсан гэмтлийг засчихдаг, хэвлэлээ захиалж уншаад, ойлгосноо олон талаас нь эргэцүүлээд оношлоод ярьчихдаг. Ямар ч зүйл  тулгарсан даваад гардаг  1960, 1970-аад оны супер монгол хүнийг  алга болгож  аажмаар устгаж байгаа муу бодлого гэж хувьдаа үздэг. Иймээс халамжаас татгалзаж, малжуулах, гэржүүлэх төслийн оронд өөр зүйл сэтгэж хийх  хэрэгтэй.  Малжуулах төсөл, эсвэл халамжаар өсч дэвжсэн монгол хүн гэж би бараг дуулаагүй. Аваад байдаг, улам авах сонирхол нэмэгдээд байдаг. Аль болох ЖДҮ эрхлэгчдээ дэмжиж, ажилгүй иргэдээ ажлын байраар хангаж дэмждэг систем рүү явахгүй бол зүгээр тэжээгээд л байвал монгол хүн бэртэгчин болж  байна. Өнөөдөр төрийн мөнгөөр баяжсан нэг  хэсэг, төрөөс тэжээлгэдэг тэтгүүлдэг сүрэг байхад, амьдралын төлөө тэмцэж яваа алтан дундаж иргэдэд хайр халамж хүсэхгүй амьдралын төлөө тэмцэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.18  МЯГМАР  № 34, 35 (6259, 6260)

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Наро Банчэн гэгээнтэн Улсын Онцгой комисст хандив өргөлөө

Огноо:

,

Өнөөдөр Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв гэгээнтний мэндэлсэн өдөр тохиож байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сургуульд суралцаж байгаа гэгээнтэн мэндэлсэн өдрөөрөө хандив өргөж байгааг өнөөдөр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Наро Банчэн гэгээнтэн “Дэлхий дахинд цар цахлын хэмжээнд хүрээд буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай төр засгийн зүгээс маш сайн хэрэгжүүлж байна. Тиймээс иргэн бүр хувийн сахилга баттай байж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байна. Мөн энэ халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаа сайн байх ёстойг шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөж байна. Дархлаа сайн байх нь сэтгэл зүйгээс их хамааралтай.

Тиймээс бид эрүүл хооллолт, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна нөхцөл байдлыг ухаалгаар харж, гэр бүлдээ цагаа зориулан, бие биенээ энэрэн хайрлаж сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал байна. Миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд Улсын Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөж байна. Монгол түмэн минь эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэсэн байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин Наро Банчэн гэгээнтэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, төрсөн өдрийн мэндчилгээний хамт уламжиллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Чоно борооноор буюу авлига “хорооноо”-гоор...

Огноо:

,

Монголд COVID-19-ийн 11 дэх тохиолдол илэрсэн тухай ЭМЯ-ны мэдээллийн дараа энэ нийтлэлийг бичив.

Дэлхийг хамарсан цар тахлын эсрэг улс орнуудын Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа өнөөгийн цаг үед хэрвээ (хэрвээ шүү!) авлига гарч ирвэл хүн төрөлхтөний хамаг хүчин чармайлт үгүй болно хэмээн даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн-Транспэрэнси Интернэшнл сануулж байна.

Ердийн үед дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн салбар дахь авлигын хэмжээ жилдээ 500 тэрбум ам.долларт хүрдэг талаар 2019 оны судалгааны эмхэтгэлд бичсэн нь бий. Тэгвэл нийтийг хамарсан хямрал буюу онцгой цаг үед хяналт суларч авлига нэмэгддэг нь бодит явдал бөгөөд бид өнгөрсөн түүх, туршлага, сургамжаас суралцах хэрэгтэй.

2014-2016 онд эбола вирусийг тогтоон барихаар оролдож байсан үйл явц нь авлигатай тэмцэх үйл хэрэгт гашуун сургамж болжээ. Гвиней, Сиерра-Леон дахь эболагийн тархалтын үеэр 6 сая ам.долларыг авлигад төлсөн талаар олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлж байв. Эбола вирусний үед хөрөнгө завших, урвуулан ашиглах, цалингийн тайланг буруу гаргах, давхар санхүүжилт хийх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хахууль өгөх, хорионы бүсийг давах зэрэг зөрчлүүд гарч байв.

Тэгвэл Английн анагаах ухааны сэтгүүлийн мэдээлэлд дурдсанаар 2009-2010 оны гахайн ханиадны дэгдэлтийн үеэр “Тамифлю” эмийг зөвлөж байснаас үүдэн уг эмэнд дэлхийн хэмжээнд зарцуулсан хөрөнгө 18 тэрбум ам.долларт хүрчээ. Гэтэл дөрвөн жилийн клиник туршилтын мэдээлэлд хийсэн үнэлгээгээр Щвейцарийн эм үйлдвэрлэгч “Роше” компанийн “Тамифлю” эмэнд парацетомолоос илүү нөлөө байхгүйг тогтоосон байдаг. Харин SARS өвчний 2003 оны дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн салбар дахь ирээдүйд үүсэж болох онцгой байдлыг зохицуулах, уялдааг хангах үндэсний удирдлагын төвийг Тайваньд байгуулж, ингэснээр ил тод байдлыг нэмэгдүүлэн, шинэ технологийг ашиглаж урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь нэгэн сайн туршлага болоод байна. Баруун Африк дахь эбола болон Ази дахь SARS өвчний дараа нэмэлт хөрөнгө гаргаж, хяналтыг чангатгаснаар эрүүл мэндийн салбарын дэд бүтэц сайжирсан байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 200 улс, бүс нутагт COVID-19 цар тахалтай нүүр тулан тэмцэж байна. 462 мянга гаруй хүн өвчилж, 20 мянга гаруй хүн нас барсан. Цаашид энэ тоо өдөр тутам өсөх хандлагатай байна. Эрүүл мэндийн үйлчилгээ хүссэн иргэд огцом олширсоор байгаа энэ цаг үед тухайн улс орны эрүүл мэндийн салбар нь тийм ч тогтвортой биш бол нуран унахад ойрхон байна. Ихэнх улс орон эмнэлгийн мэргэжилтнүүдээр дутмаг байгаа бөгөөд тэдэнд оношлох, эмчлэх боломж хязгаарлагдмал байна. Дэлхий нийтийн хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муудаж байна. БНХАУ, Энэтхэг болон бусад улсын эм үйлдвэрлэгч компаниуд жороор олгодог эм, бусад эмэнд ордог бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бууруулж байна. Эрдэмтэд, судлаачид COVID-19-ийн эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөнийг эхлүүлээд байна.

Авлига хаана үүсэх вэ?

Дэлхийн эрүүл мэндийн салбарт өмнө нь тухайлбал, эбола вирус, гахайн ханиадны үеэр хүний зовлонгоор ашиг хонжоо ологчид гарч ирсэн энэ мэт эрсдэлийг урьдчилан тодорхойлох нь эрүүл мэндийн тусламж нэн шаардлагатай одоо цаг үед улс орнуудын авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад томоохон дэмжлэг болно. Тиймээс одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлаас улбаалж авлигын дараах эрсдэлүүд үүсэж мэдэхээр байна. Тухайлбал,

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон эмнэлгийн ор, эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дутаж байна. Эмнэлгийн албан хаагчид хэнийг түрүүлж эмчлэх вэ, хэн нь илүү хүнд байна вэ гэдгийг тодорхойлох хэцүү сонголттой тулгарч байна. Энэ нь хээл хахуулийн орчинг аандаа бий болгох эрсдэлтэй. Европын холбооны иргэдийн 29 хувь, Африк, Ойрхи Дорнод, Хойд Африкийн улсуудад 14 хувь, Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутагт 10 хувь нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд хээл хахууль өгдөг байна. Үүний эсрэг талд төлбөрийн чадваргүй, эмзэг давхаргын хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэж болзошгүй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муудсанаас шалтгаалж худалдан авахаас өөр ямар ч сонголтгүй болсон Засгийн газруудаас нийлүүлэгч компаниуд үнэ өртгөө дураар нэмэн мөнгө нэхэх эрсдэл үүсэхээр байна.

Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөнд Засгийн газрууд ихээхэн хөрөнгө оруулж байна. Тухайлбал, АНУ гэхэд халдвар тахлыг судлахад 2002 оноос 700 сая ам.долларыг зарцуулаад байгаа. Саяхан Англи коронавирус судлахад 20 сая фунт стерлинг амласан бол Европын холбоо энэ чиглэлээр төсвөө 47.5 сая евро болгож өсгөжээ.

Засгийн газар юу хийх ёстой вэ?

Транспэрэнси интернэшнл байгууллага нь амин чухал эм тариа, вакцины худалдан авалтыг сайжруулах, гэрээ, хэлцлийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлтөөс урьдчилан сэргийлэх, цаг тухай бүрт нь шаардлагатай байгаа эмийн талаарх мэдээлэл солилцож байх талаар улс орнуудын Засгийн газарт дараах уриалгыг хүргэж байна. Үүнд:

Юуны түрүүнд эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг нээлттэй, ил тод байлгаснаар авлигын эрсдэлийг бууруулах боломжтой. Эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт угаасаа авлигын өндөр эрсдэлтэй байдаг. Ердийн үед дэлхийн хэмжээнд худалдан авалтын 10-25 хувь нь авлигад хулгайлагддаг болохыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба тооцоолон гаргасан. Тэгвэл Европын холбооны эрүүл мэндийн салбарт үйлдэгдсэн авлигын хэргийн 28 хувь нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотой байв.

Үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх ёстой. Үүний тулд зарим улс орны сайн туршлагыг хэрэгжүүлж болох юм. Тухайлбал, Энэтхэгт жижиглэнгийн үнээс дээш үнээр борлуулж буй бараа, бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүлээн авах тусгай утсыг ажиллуулж байна. Түүнчлэн “Amazon” цахим худалдааны компанийн зүгээс COVID-19-ийг эмчилдэг, хамгаалдаг гэх хуурамч бүтээгдэхүүний жагсаалтыг интернэтэд тухай бүрийд устгаж байна.

Онцгой нөхцөл байдлын үед тусламж үзүүлэх, хуваарилах зорилгоор нэмэгдүүлсэн нөөцийг авлигачид завшихаас сэргийлж мөнгөний урсгалд мониторинг хийж, хөрөнгийг хянаж байх шаардлагатай.

Анагаах ухааны судалгаа, боловсрол, үйлчилгээнд санхүүгийн ашиг сонирхол, хувийн нөлөөлөл нэлээд байдаг нь нууц биш. Германы "CureVac" компанийн вирусний эсрэг вакцин гаргахаар ажиллаж буй судлаачдад ихээхэн хэмжээний мөнгө амласан талаарх мэдээлэл гарч байгаа нь дэлхийн бусад улс орнуудад сөрөг үлгэр дуурайл болж буй. Тиймээс цар тахлын эсрэг гаргаж авах вакцин, эмийн үйлдвэрлэл нь хувийн компаниуд ба улс орнуудын нууц өрсөлдөөний талбар байх ёсгүй. Энэ нь ил тод бөгөөд тэдний хамтын ажил байх ёстой юм.

Мэдээллийн ил тод байдлыг хангах нь Засгийн газрын үүрэг гэж ТИ зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд дэх хээл хахуулийн эрсдэлийг бууруулахын тулд шүгэл үлээж байгаа мэдээлэгчийг хамгаалах талаар арга хэмжээ авах нь чухал хэмээн онцлов.

COVID-19 цар тахал үргэлжлэн тархаж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарын эмзэг асуудлыг нээлттэй хэлэлцэж байхыг ТИ уриаллаа. Эцсийн дүндээ олон нийтийн эрх ашгийн төлөө зөв шийдвэр гаргахын тулд том бизнесийн болон хувийн ашиг сонирхлын нөлөөллийг бууруулах ёстой. Улс төрийн болон бизнесийн эрх ашиг бус зөвхөн олон нийтийн эрүүл мэнд нэгдүгээрт тавигдах ёстой хэмээн ТИ онцлон тэмдэглэлээ.

Манай монголчууд “Чоно борооноор” хэмээн хэлцдэг. Энэ нь чоно бороо орох үеэр далимдуулан хоттой хонь эргэж байдаг буюу муу хүн үргэлж сиймхийг харж хөдөлдөг гэсэн утга юм. Тиймээс иргэдийн хувьд эрүүл мэндийн сонор сэрэмжээ эрс нэмэгдүүлсээр байгаа энэ онцгой цаг үед авлигын эсрэг хараа хяналтаа ч бас алдахгүй байх хэрэгтэй юм.

Т.МӨНХТУНГАЛАГ

АТГ-ын США-наас орчуулж бэлтгэсэн “Corruption and the Coronavirus” нийтлэлийг эх сурвалж болгов.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна

Огноо:

,

Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. Өдөр шөнө, цаг хугацааг ялгалгүй ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилтан, цагдаа, мэргэжлийн хяналт, хороод, шуурхай алба, онцгой комиссын бүх гишүүддээ баярлалаа! Зөвхөн Баянгол дүүрэг ч биш нийт монголчууд цар тахлыг хазаарлах, аюулт өвчнөөс сэргийлэхийн төлөө хамтдаа зүтгэлээ. УОК,ДЭМБ, ЭМЯ- наас гаргасан анхаарал сануулга, зөвлөмж, хорио цээрийн дэглэмийг чандлан сахисаар ирсэн ард иргэддээ талархаж байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, сахилга дэг журмыг сахиж өдөр тутам олох орлогоо алдсан ч өнөөдрийг хүртэл тэвчиж буй бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагын хамт олон, удирдлагууддаа баярлалаа.

Хүнд нөхцөл, хорио цээр, хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан чадах бүхнээ хийж байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч, хяналтаас гарах өндөр эрсдэлтэй байна. Олон улсын шинжээчид цар тахлыг дайнтай зүйрлэхүйц аюултай болохыг анхааруулж, буурьтай хандах, сөрж гарахыг уриалсаар байна. Гэтэл манай Засгийн Газарт ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих, иргэдийнхээ орлогыг хамгаалах санаачилга огт гаргахгүй ,тоомжиргүй шинжтэй байгаа нь бидний сэтгэлийг зовоосоор байна. Импортоос ихээхэн хамааралтай хүнс, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хэзээ мөдгүй дундрах нь тодорхой. Иргэд цалин орлогогүй, бизнес эрхлэгчдийн чадамж суларсаар удаж байна.

Гэтэл эрх баригчид асуудалд гал унтраах төдий хандаж, улс орны ойрын ирээдүйг төсөөлөх, харах сөхөөгүй байгаа нь тодорхой харагдлаа. Дэлхийн улс орны Засгийн Газрууд бизнесийг хамгаалах, ажлын байрыг хадгалахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүх шийдвэрийг шуурхай, зоригтойгоор гаргаж байна. Гэтэл манай Засгийн Газар банкны зээлийн хүү, төлбөрийг хойшлуулах, хугацаа хэтэрсэн татварын торгуулийг цуцлахаас хэтэрсэнгүй. Уучлаарай, гаргасан шийдвэр чинь байгаа онохгүй, айл өрх рүү чиглэхгүй иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, ажлын байрыг хадгалах боломжийг өгөхгүй байна.

Түрээслэгчдийн нөхцөл хүндэрч, үйлчилгээ эрхлэгчид хаалгаа барьж олон мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байхад юу хараад суугаад байна вэ? Ажилгүйдэл нь орлогогүй айл өрхийг олноор нэмэгдүүлж, ядуурал өлөн зэлмүүн амьдралыг даллах нь тодорхой боллоо.Хүнсээ граммлан авдаг иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймд иргэдийнхээ болон , ажил олгогчдын өмнөөс эрх баригчдад хандан дараах шаардлагуудыг тавьж байна.

Үүнд:

НЭГ. Шаардлагагүй , хугацаа нь болоогүй хөрөнгө оруулалтын төсвийг хасах, хойшлуулах, танах замаар ажлын байрыг хадгалж үлдээхэд чиглэсэн төсвийг яаралтай шийдвэрлээч ээ!

ХОЁР. Цар тахлын тэргүүн фронт дээр өдөр, шөнийг үл ялган ажиллаж байгаа эмч,эмнэлгийн ажилтан, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх, онцгой нөхцлийн нэмэгдэл олгохыг шаардаж байна. 6 сар гамшгийн голомтонд ажиллуулчихаад нэг ч төгрөгний нэмэгдэл өгөөгүй хэрнээ яам, тамгын газрын түшмэдүүдийн цалинг нэмснийг сонсоод нүүрээ хийх газар олдсонгүй. Цалингийн нэмэгдлийг дээрх ажилтнуудруугаа чиглүүлж өгөөч ээ!

ГУРАВ. Цар тахлын аюулыг дутуу үнэлж, тун удахгүй арилчих мэтээр төсөөлж, дүгнэж байгаагаа зогсоож, онцгой байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлээч ээ!

ДӨРӨВ. Урт хугацаанд учрах эрсдэл, хямралын үед иргэдээ хамгаалахад бүх нөөц, боломжийг чиглүүлж, шаардлагатай хөрөнгө, санхүүг дайчлах, арга хэмжээг яаралтай төвлөрүүлээч ээ!

ТАВ. Цар тахал намжсаны дараа эдийн засгийг богино хугацаанд хэвийн түвшинд оруулахын тулд одооноос үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бүх боломжийг судалж нөөцөө шавхаж, эдийн засгаа хамгаалах нь улсаа, иргэдээ хамгаалах цор ганц арга болчихоод байна. Тийм учраас цалин, тэтгэврийг баталгаатай өгөхийн тулд ажил олгогчдоос нийгмийн даатгалд төлдөг шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг цар тахал өнгөртөл цуцалж ажил олгогчдод амьсгал авах боломж олгох шийдвэрүүдийг яаралтай гаргаач ээ!

Улс орнуудын жишгээр иргэдээрээ дамжуулж жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихгүй бол цалин, орлогогүй болсон иргэд хөл хорионы дэглэмийг удаан сахиж чадахгүйд хүрэх нь. Учир нь тэд үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ямар ч аргаар хамаагүй гадагшаа гарах, ажил орлого хайх нь тодорхой. Ингэснээрээ халдвар авах эрсдэлд өртөх магадлал өндөр болох аюултай. Эрх баригчид шаардлагагүй хөрөнгө оруулалтын төсвөө танаж улс орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шуурхай ажиллахыг уриалж байна.

Эрсдлийн үед шаардлагатай хөрөнгө босгохын тулд дотооддоо болон гадаадад тусгай бонд гаргах боломжийг ч эрх баригчид судалж үзэх ёстой болоод байна. Иймээс Улсын Их Хурал, Засгийн Газрыг цар тахлын үед ажиллах бодлогыг яаралтай боловсруулж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж байна!

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА САЛДАНГИЙН ОДОНТУЯА
/2020.03.26/

Дэлгэрэнгүй унших

Санал болгох