Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийн, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Узбекистантай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан айлчлал хийж байгаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо.
Өнгөрсөн онд Ташкент хотноо харилцан тохирсон зүйлс бодит ажил хэрэг болж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж, харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлэх гэж байгаа нь онцгой үйл явдал, харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэнэ гэдэгт санал нэгдэв.
Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Монгол Улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг тэмдэглэж, цаашид ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.
Төрийн тэргүүн нар харилцааны эрх зүйн орчныг улам бэхжүүлэх, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарт хамтран ажиллахаар Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурах болсныг сайшаалаа.
“Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс”, “Автотээврийн хамтарсан хороо” байгуулан, анхдугаар хуралдааныг өнгөрсөн хоёрдугаар сард Ташкент хотноо зохион байгуулсныг онцоллоо.
Ташкент-Бишкек-Урумчи-Улаанбаатар чиглэлийн авто коридор нээж, туршилтын авто цуваа амжилттай болсныг өндөр үнэллээ. Монголын агаарын тээврийн компани энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатар-Ташкент-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх болсныг тэмдэглэлээ.
Хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд “Узбекистаны худалдааны төв”-ийг Улаанбаатар хотноо нээснийг сайшаав. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, 100 мянган толгой хонь, ямааг Узбекистан Улсад нийлүүлэхээр тохирсны дагуу уг ажил 2024 оноос хэрэгжиж буйг онцоллоо.
Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг дэмжих, монгол, узбекистаны оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.
Хоёр улсын өсвөрийн боксын болон хүндийн өргөлтийн шигшээ баг, тамирчдын хамтарсан нөхөрсөг бэлтгэл сургуулилтыг Монгол Улсад хийхээр боллоо.
Айлчлалын хүрээнд “Аялал жуулчлалын форум”, “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистаны соёлын тоглолт”, фото зургийн үзэсгэлэн болон узбек үндэсний хоолны өдөрлөг зохион байгуулсныг өндөр үнэлэв. Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотоллоо.
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэхээр болсонд манай улс талархал илэрхийлж, цаашид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, харилцан туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Урлаг спорт2019/08/26
Аврагчид 3-20 метрийн гүнд 80 удаагийн шумбалт хийлээ
-
Цаг үе2021/03/10
Коронавирусний халдвар илрэх өндөр магадлалтай хороод
-
Цаг үе2022/05/02
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Цаг үе2025/10/24
“Гермес” төвийн нүхэн гарцыг барихдаа их бие буюу туннелийг түлхэж оруулах т...





