Шударга мэдээ
Улаанбаатар хотод нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-ын талтай хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын ерөнхийлөгч Нам Гүнг Ван нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн М.Намсрайхүү нээж, Улаанбаатар, Намъянжү хотуудын хамтын ажиллагааны талаар үг хэллээ. Улаанбаатар, Намъянжү хотууд 1998 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж ирсэн түүхтэй.

БНСУ-ын Намъянжү хотын захиргаанаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ тус хотын төлөөлөгч Нам Гүнг Ваны санаачилгаар Улаанбаатар хотод хандив өгөх, цаашид гэр оронгүй эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсний дагуу тус арга хэмжээг зохион байгуулаад байна.
Харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд дараах 3 чиглэлд урт хугацаанд хамтран ажиллана.
- Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн боловсрол, хамгаалалд дэмжлэг үзүүлэх,
- Хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлд мод тарих, ойн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт, сайн дурын их цэвэрлэгээ хийх,
- Монгол, Солонгос хоёр улсын харилцан соёл, туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

Түүнчлэн Солонгосын талаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын удирдлагууд, гишүүд нийлсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаадугаар сарын 29-нөөс долоодугуур сарын 3-ны өдрүүдэд айлчлал хийж, Нийгмийн хамгааллын тусгай төв, тус төвийн өргөтгөл буюу Сургалт хөгжлийн цогцолбор төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагааг тохиолдуулан “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлэгч иргэдэд зориулан 33 хайрцаг нийт 367ш хувцас (өвлийн куртик-302, хүүхдэд зориулсан таеквондогийн өмсгөл-65ш) хандивлаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, санаачилгуудын талаар харилцан санал солилцов.


НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВ
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа
Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт болон эдийн засгийн танилцуулга уулзалт боллоо. Энэ үеэр Хөх хот, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 20 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.


Энэхүү санамж бичиг нь хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн холбоог бэхжүүлэх, экспорт, импортын худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг бий болгох зорилготой юм.


Эдийн засгийн танилцуулга уулзалтад Хөх хотын 40 гаруй, Улаанбаатар хотын 28 аж ахуйн нэгж оролцсон юм. Мөн уулзалтын үеэр Монгол орын онцлогийг шингээсэн, дотоодын түүхийн эдийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын 35 жилийн найрсаг харилцааг, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулж, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, түншлэл, боломж нээх чухал алхам болсныг оролцогчид онцолж байлаа.





