Цаг үе
Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсaд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, төрийн айлчлалын хүрээнд харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хууль, эрхзүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг байгуулсны дотор “Хамтран ажиллах тухай Монгол Улсын их сургууль, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Боловсролын сайд П.Наранбаяр, Киргизийн талаас Киргизийн Үндэсний их сургуулийн ректор Д.Т.Чонтоев нар гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд Киргизийн Үндэсний их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны дээд сургуулийн дор “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв”-ийг байгуулж, Монгол судлалын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайлбал, хоёр улсын ард түмний нийтлэг түүх, соёлын өв болох нүүдэлчдийн соёл иргэншил болон монгол судлалыг сурталчлах, хөгжүүлэх, хэлний солилцоог дэмжих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн болон бусад арга хэмжээ зохион байгуулах замаар эрдэм шинжилгээ, соёлын солилцоог хөгжүүлэх юм.
Энэхүү төвийг Киргиз Улсын Үндэсний их сургуульд байгуулах бөгөөд улмаар их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа, нэн ялангуяа эрдэмтэд, судлаач, оюутан хоорондын солилцоог дэмжиж, судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, хурал зохион байгуулна.
Цаг үе
COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP-17 үргэлжилж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар уг арга хэмжээний ногоон бүсэд “Говийн гайхамшигт -6” санаачилга болон Монгол орны Улаан дансыг танилцууллаа.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г 2016 онд санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж, хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм. Энэ талаар тус байгууллагын мэргэжилтнүүд танилцууллаа.
Зэрлэг амьтдад зориулсан худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр олон ажил хийжээ. Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан ач холбогдолтой арга хэмжээ болжээ.
Түүнчлэн Монгол Улс хөхтөн, хэвлээр явагч, хоёр нутагтан, загас гэсэн дөрвөн том бүлгийн хүрээнд IUCN-ийн Улаан дансны улсын хэмжээний хоёр дахь иж бүрэн дахин үнэлгээг 19 жилийн дараа хийж гүйцэтгэлээ. Энэ нь зэрлэг амьтдын талаархи шинжлэх ухааны суурь мэдээллийг сайжруулах, нэн ховордсон зүйлийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Дахин үнэлгээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Их Сургууль, үндэсний судлаачид болон хараат бус шинжээчидтэй хамтран хийсэн юм. Энэ удаад Монгол Улс 249 зүйлийг дахин үнэлжээ.
Цаг үе
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Цаг үе
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.
“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.
Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

-
Улстөр нийгэм2020/07/08
Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид тан...
-
Улстөр нийгэм2021/11/16
НЗДТГ, Удирдлагын академийн хамтын ажиллагаа өргөжиж байна
-
Улстөр нийгэм2021/01/22
МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ
-
Улстөр нийгэм2021/12/01
ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав
