Цаг үе
Амны хаалт үйлдвэрлэхэд хотоос дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ төрлийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ДЭМБ болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр коронавирусийн халдвараар нийт 87003 хүн өвчилсөн, 2977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол, бүрэн эдгэрсэн 41675 иргэн эмнэлгээс гарсан байна. Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ.
Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр хүн, Сэлэнгэ аймагт нэг хүн гээд нийт 302 хүнийг ажиглалтад тусгаарлаж байгаа аж. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналтыг цэгийг ажилуулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж байна. Коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага, сургалтыг Сүхбаатар нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байгааг дуулгасан юм.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөцлөлтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ үеэр танилцууллаа. БНХАУ болон дэлхийн зарим улс оронд гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амыг хүнсээр хангах албаны мэргэжлийн 32 анги, таван худалдааны төв, 27 хүнсний үйлдвэр, дүүргүүдийн Хүнсээр хангах албаны мэргэжлийн 108 анги, томоохон зах, худалдааны 36 төвүүдээс хүнсний нөөцлөлтийн талаар долоо хоног тутам авч мэдээлэл авч нэгтгэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хүнсний нөөцлөлт хэвийн хэмжээнд байна. Нөөцийн махны үнийн хөөрөгдөл, хоомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өргөтгөсөн худалдаа”-г зохион байгуулахад хамтран ажиллах талаар бөөний худалдааны томоохон 11 зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзалт хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах бүрдүүлэлт, хадгалалт хэвийн үргэлжилж байна. Мөн болзошгүй гамшгийн үед хоол хүнсээр хангах ажлын хүрээнд хоол хүнсээр хангах мэргэжлийн ангийн гэрээг байгуулж, зарим хоол үйлдвэрлэлийн хүчин чадлын судалгааг гаргасан” гэдгийг онцоллоо.
Хуралдааны үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлд автомашинаар зорчих хөдөлгөөний зохион байгуулалтад оруулах зарим арга хэмжээнүүд талаар мөн танилцуулга мэдээлэл хийгдлээ.
Нийслэлд 530,000 автомашин бүртгэлтэй байдаг ба хөдөлгөөнд оролцож байгаа нь 420,000 автомашин гэсэн тооцоолол байдаг аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, улсын дугаарын тэгш сондгой дарааллаар явуулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад хамрагдах байдлаар зохицуулах болон өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналтай байгааг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэв.

Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд амны хаалтыг үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой байгаа талаар нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан хэлсэн юм. Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 27 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бидний үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авах, стандартын дагуух материалын олдоц муу байгаа зэрэг асуудлыг шийдэх өгөхийг хүссэн. Өнөөдрийн байдлаар 20 мянган амны хаалт бэлэн байна” гэв.
Ийнхүү цаг үеийн асуудлаар онцгой комиссын гишүүд асуулт асууж, санал хэлж байв. Тодруулбал, Багануур дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир “Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хорионд орсон ажилтнуудаа зарим аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд халах шийдвэрийг гаргаж байна. Цаг үеийн байдлаас болж гэнэтийн шийдвэр гарсан учраас иргэдийг ажлаас нь халах, цалингаас нь хасах арга хэмжээг авч болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгох хэрэгтэй” гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарласан байгаа. Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч өгөхийг хүсч байна” гэв.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан автомашины зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, нийслэлд зорчих авто машины хөдөлгөөнд шаардлагатай хязгаарлалт хийж хөдөлгөөний зохион байгуулалтад анхаарах, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих амны хаалт, хамгаалах хувцас оёж үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай зээл олгох асуудлыг олон улсын байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийслэлд орон гэргүй, гадуур амьдардаг иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, түр байрлуулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн сайжруулсан түлшний хоёрдахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэрийн дагуу энэ сарын 10-ны дотор газрын судалгааг гаргаж ирүүлэхийг Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болголоо. Түүнчлэн шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эцгийн ажлын цагийг хорогдуулах тухай А/268 тоот захирамжийг нутгийн захиргааны албан байгууллагуудыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Шударга мэдээ2024/03/01
Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт боллоо
-
Шударга мэдээ2024/01/08
"Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
-
Цаг үе2025/05/07
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2019/08/05
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
