Улстөр нийгэм
Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс хадаж экспортод гаргахыг хориглов
Улсын Онцгой Комиссын III хуралдаан өнөөдөр болж, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, цаг уур орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувь нь гангүй зуншлага хэвийн байна.
Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнхи, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар 77.68 сая мал бэлчээрлэж байгаагаас энэ онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой мал худалдан борлуулж хонин толгойд шилжүүлснээр 100 орчим сая мал өвөлжиж, хаваржих тооцоо гарган, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд 2025 онд 554.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тариалангийн бүсэд 5, 6, 7 дугаар сард хур тунадас багатай, хэт халалт олон хоногоор үргэлжилж гантай байгаа учраас ургац олон жилийн дунджаас буурах төлөв ажиглагдаж, холбогдох мэргэжилтнүүд тооцоо судалгаанд үндэслэн өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгааг танилцууллаа.
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийгдэж байна. 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг 12 дугаар сард 1800 МВт хүрэх тооцоолол гарсан.
Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт, батерей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн ЦС-ийн 150 МВт хүчин чадалтай 2-р блокыг 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй болно гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.
Дээрх мэдээллүүдийг сонсож Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
- Нийслэл, аймаг, сум, дүүргийн засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа эртнээс хангаж, нарийвчлан төлөвлөгөө гарган шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүх шатанд авч хэрэгжүүлэх;
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцсан салбар, орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй бэлчээрийн даац, ган, зудын эрсдэлийн үнэлгээ, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдал болон болзошгүй эрсдэлийн зарлан мэдээллийг ард иргэдэд тогтмол шуурхай хүргэх;
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, зуншлага тааруу хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумдыг бусад аймаг, орон нутгаас өвс тэжээл бэлтгэх, худалдан авах боломжоор хангах холбогдох зохицуулалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх;
- 2025-2026 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэн гаргах, холбогдох зохион байгуулалтыг нарийвчлан хийж гүйцэтгүүлэх, урьдчилсан тооцоо судалгааг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын онцгой комисст танилцуулах;
- Мал, махны экспортыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
- Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлэх;
- Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хадлангийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээхэд анхаарах, ой хээрийн түймэрт их өртдөг талбайн судалгааг гаргаж, холбогдох зохицуулалтыг хийх;
- Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах түлш, нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийг тооцоолж авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
- Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах, хомсдол үүсгэхгүй байхад анхаарах, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдөлд оруулахгүй байх зэрэгт анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
- Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн нүүрсний нийлүүлэлтийг хангаж айгаа “Багануур”, “Шарын гол”, “Шивээ Овоо” болон орон нутгийн нүүрсний уурхайн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хангуулах;
- Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Цаг үе2023/03/31
ЦАГ АГААР: Өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга шуурна
-
Улстөр нийгэм2020/12/14
Хүний эрхийн сургагч багш бэлтгэх цахим сургалт зохион байгуулна
-
Цаг үе2021/10/28
Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ
-
Улстөр нийгэм2024/05/28
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороо
