Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Австралийн Канберра хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон-той уулзаж, энэ хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар Малайзын парламенттай хамтран ажиллах санал тавьсан билээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ноён Дато Мохд Рашид Хаснон-той зориуд уулзаж энэ асуудлыг хөндөж ярилцсан. Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан Ажлын хэсэг байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллах санал тавьсныг тэрбээр хүлээж авсан. Гэхдээ Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болж, өмнөх үеийн удирдагчдын хууль бус үйлдлүүд, ээдрээтэй асуудлыг ил гаргаж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ амаргүй, ээдрээтэй хэрэг тул тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэж байсан.
Улсын Их Хурал бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн болон түүний аав ээж, үр хүүхэд, хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг үүргээ гэж үзэж байна. Тиймээс УИХ болон холбогдох Байнгын хороод, Ж.Мөнхбат нарын зэрэг гишүүд Ажлын хэсэг байгуулах, тодорхой шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байна. Үүнд хохирогчдын санал бодол чухал байх болно. Тиймээс таныг урьж уулзаж байна гэлээ.

Иргэн С.Шаарийбуу:
-Хэрэг гараад 14 жил болж байна. Нэгэнт үйлдэгчид нь ил болсон энэ хэрэгт хэн захиалагч байсан бэ гэдгийг тодруулах шаардлагыг миний зүгээс Малайзын талд тавьдаг. Гүйцэтгэгчид бусдын даалгавраар хэргийг үйлдсэнээ хүлээсэн. Малайзад сөрөг хүчин Засгийн эрхэнд гарч, өмнөх удирдагчдын олон бусармаг үйлдлийг илчилж байгаагийн дотор охины минь амийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгахаар болсон. Гэхдээ үйл явц удаашралтай, төвөг саад ихтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Таны зүгээс энэ асуудалд онцгой анхаарал тавьж буйд бид баяртай байна. Охины минь амь нас хөнөөгдсөний дараа Монголын талаас хамгийн анх намайг хүлээж авч уулзсан хүн бол тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Та билээ. Миний санал хүсэлтэд маш шуурхай хандаж, Малайзын талд Гадаад харилцааны яамны шугамаар албан ёсоор асуудал тавьж байсан. Одоо ч гэсэн энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө хичээж яваад чинь талархал илэрхийлье гэлээ.
Тэрбээр энэ хэргийн нарийн ширийнийг сайн мэдэх, хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэсэн өмгөөлөгч, хуульчдын санал дүгнэлтийг УИХ-аас байгуулагдах ажлын хэсэг, гарах шийдвэрт тусгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
