Шударга мэдээ
“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцалж, гэрээний хүрээнд концесс эзэмшигчид шилжүүлсэн газар эзэмших эрх, болон бусад дагалдах өмч, хөрөнгийг төрийн өмчид зохих журмын дагуу шилжүүлэн авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийн 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан концессын гэрээнд “Концесс эзэмшигч нь төслийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг, төсөл, хуваарийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жилд багтаан гүйцэтгэнэ” гэж заажээ.
Төслийн санхүүжилтийн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 12 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрөөс хойш зургаан сарын дотор Монгол Улсын аль нэг арилжааны банк дахь өөрийн дансанд байршуулж, төслийн зориулалтын дагуу зарцуулаагүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг аваагүй зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрэн хангагдаагүй нь цуцлах үндэслэл болжээ.
Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Шударга мэдээ
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
