Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална

Огноо:

,

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг.

Өнгөрөгч 2024-2025 оны халаалтын улиралд нийслэлд 600 борлуулалтын цэгээр нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж, 540 мянган тонн шахмал түлшээр өвлийг давжээ. Энэ онд буюу 2025-2026 оны халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5000 төгрөг байна. Хэрэглэгчид есдүгээр сарын 15-аас эхлэн өмнө нь хэрэглэж байсан “Сайн” карт болон “Хотула” аппликейшнийг ашиглан нүүрсээ худалдаж авна. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжих аж. 

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Хагас коксон шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэхээсээ өмнө бид ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Хятад, Орос, Солонгос зэрэг улсын лабораторид туршилт хийлгэсэн. Лабораториудаас ирсэн хариуг товч танилцуулъя. Хагас коксон түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2 хувиар бага байна. Мөн азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 68 хувиар бага байгаа юм. Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна. Улаанбаатар хотод 172 мянган айл нүүрс түлдэг. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа 15-20 мянган өрх нэмэгддэг. Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг. Уурын зуух, нам даралтын зуухуудад түүхий нүүрс ашигладаг ААН-үүдийг ул ширмээ сайжруулах, мидлинг, хий, цахилгаан руу шилжүүлэх хугацаа өгсөн. Энэ галлагааны улиралд Улаанбаатар хотод түүхий нүүрс огт нэвтрүүлэхгүй. 2024-2025 оны өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас коксон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэж байсан” гэлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Нүүрсний орон байж яагаад нүүрс гаднаас худалдаж аваад байна вэ гэдэг дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Нүүрсийг угааж шорооноос нь ангижруулсан түүхий эдээр шахмал түлш хийдэг байсан. Мидлингийг хөгжиж болох бүх аргаар сайжруулсан. Үүнээс цааш хөгжих боломж байхгүй нь судалгаагаар нотлогдсон. Улаанбаатар хотын хагас коксон нүүрсний хэрэглээг хангах үйлдвэр манай улсад байхгүй. Хагас коксон түлш гэдэг нь түүхий нүүрсийг 600-800 хэмд жигнэж хүхэр, дэгдэмхий бодисыг нь цэвэршүүлсэн бэлэн бүтээгдэхүүн юм. Бид боловсруулсан, жигнэсэн нүүрсийг гаднаас олон улсын стандартын дагуу оруулж ирж байгаа. БНХАУ-ын компани тус тендерт шалгарсан. Хагас коксон шахмал түлшийг бид шилжилтийн үед ашиглана. Үүний дараа 2028 он гэхэд 103 мянган айл өрхийг огт гал түлдэггүй болгох зорилго тавьсан байгаа” гэв.

Өнгөрсөн жил угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжийг 60 мянган айлд суурилуулсан. Ингэснээр нийслэлийн Хяналтын удирдлагын төвд уг төхөөрөмжөөс мэдээлэл ирж, шаардлагатай тохиолдолд 5-7 минутын дотор тухайн айлд очиж арга хэмжээ авч ажилладаг байсан. 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 51 мянган айлыг энэхүү ухаалаг системд холбосон. Есдүгээр сард 61 мянган айлыг энэ системд холбохоор ажиллаж байна. Түүнчлэн 45 мянган айлд угаар мэдрэгч төхөөрөмж суулгах төсвийг оруулж ирж байгаа. Ийнхүү Улаанбаатар хотод гал түлж байгаа нийт 172 мянган айл хяналтын системд бүрэн холбогдох юм.

Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд айл өрхүүдийг хий, цахилгаан, сэргээгдэх эрчимд хүчинд шилжүүлэх ажлыг үе шаттай төлөвлөж байгааг албаныхан онцоллоо. Тодруулбал, хийн түлшинд шилжүүлэх ажлын ТЭЗҮ хийгдэж байна. Эхний ээлжид энэ жил нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийнхээ хүчин чадал дээр үндэслэн 5000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ. Айл өрхүүдийг дулаалах ажлыг мөн давхар зохион байгуулж байна.

Агаарын чанарыг сайжруулах ногоон бүсэд хамаарах айл өрхүүд гэр болон байшин сууцаа дулаалж, хийн халаагуурт шилжсэн тохиолдолд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн НИТХ-ын тогтоолын дагуу “Хэрэглээний үнийн урамшуулал” олгоно.  Тодруулбал, халаалтын улирал болох есдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал хийн халаагуур хэрэглэсэн бол нийт 900 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Урамшууллыг хүйтэн, дулааны улирлаас хамаарч харилцан адилгүй олгоно гэдгийг албаныхан мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ

Огноо:

,

"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.

Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36  хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.

Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох