Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 16-18 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
-
Шударга мэдээ2025/12/23
Сэндбоксын зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ
-
Улстөр нийгэм2020/11/12
Монголын сайтын холбоо уриалга гаргалаа
-
Улстөр нийгэм2025/12/15
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
-
Цаг үе2025/08/12
Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 н...
