Цаг үе
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн.
Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэхээр төлөвлөсөн. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан. Авто замын хөдөлгөөнөөс тусдаа, бие даасан дугуйн тээврийн хэрэгсэл явах боломжтой, ногоон байгууламжийг тусгасан байдлаар төлөвлөнө.
2025 онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл, арга хэмжээнд хяналт тавин хэрэгжүүлж байна. Үүнээс 73,410 ам.метр талбайг угсарч дууссан бөгөөд нийт ажлын явц 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн энэ онд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 11770 ам.метр талбайд дугуйн зам, явган замын ажлыг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод хүн ам олноор суурьшиж байгаа учраас дугуйн замыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан төлөвлөж байгаа аж.

Цаг үе
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.
“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.
Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Цаг үе
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
2026-2027 оны хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэх орчимд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Тус бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Шунхлайн шандас” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Улсын комисс ажиллуулахад бэлтгэж байна.






Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 6 хэмаар дулаарч, 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 27-ноос
2026 оны наймдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
