Цаг үе
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга, нийслэлийн хэмжээнд 2025 оны худалдан авах ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, 2026 онд анхаарах асуудал, Сэлбэ хорин минутын хотын бүтээн байгуулалтын явц, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх хэлэлцэв.
Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 28 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88.1 хувьтай байна.


Үргэлжлүүлэн нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар борлуулалтын 425 цэгээр хагас коксон түлш борлуулж байгаа бөгөөд 32.170 тонны нөөцтэй байна. Мөн нийслэл хотод 15-100 квт-ын зуухтай нийтийн байр, дугуй засвар, хүнсний дэлгүүр зэрэг 2306 байгууллага байгаа бол 100-4200 квт-ын зуухтай арьс шир, хөөсөнцрийн үйлдвэр, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг 213 байгууллага байна. Харин 4200 квт-аас ДЦС 2, ДЦС 3, ДЦС 4, Амгалан ДЦС, Багануурын ДЦС, Налайхын ДЦС үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 526 аж ахуйн нэгж, байгууллага “Тавантолгой түлш” ХХК-иас 24,382 тонн мидлинг худалдан авсан байна.

Мөн өнөөдрийн байдлаар сууц дулаалгын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ онд 3361 байшин, 1468 гэрийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх юм. Хийн халаагуурт шилжүүлэх ажил эхэлсэн гэдгийг хэлж байв.

Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Үзэл бодол2025/08/14
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвши...
-
Цаг үе2023/04/14
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 1000 гаруй тамирчи...
-
Шударга мэдээ2022/02/14
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
-
Цаг үе2022/12/14
Иргэн М-ийн хэргийг шүүхэд шилжүүллээ
