Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийн тухай/ буюу тэдгээр иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлээс ирүүлсэн өргөдлийн тухай байв. Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэр биелэгдэхгүй гурван жил болсон тул биелэлтийг хангуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Өргөдлийг судалж, холбогдох санал танилцуулахаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нарт хуваарилсан хэмээн хуралдаан даргалагч танилцууллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүд холбогдох талуудтай уулзаж, тайлбар, мэдээлэл авч, санал гаргасан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хийсэн юм. Тэрбээр, Бэрхийн уурхайчдыг төлөөлөн “Асар их хүч” төвийн тэргүүн, иргэн Д.Алтангэрэл Монгол Улсын Засгийн газраас уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрт 4,790,480,334 төгрөгийг гаргах асуудлаар өргөдөл, гомдол гаргасны дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 85 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулсан байна. Мөн 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд 2013 онд байгуулагдсан ажлын хэсгээс нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлыг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлэх дүгнэлт гаргажээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5/2858 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг дэмжсэн ч тухайн үеийн Засгийн газраар шийдэгдээгүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №0404 тоот шийдвэрээр Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд мөн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0570 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Бэрхийн уурхайн үйл ажиллагаа 1954 онд эхэлж, улмаар 1999 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор “Монголсовцветмет” /Монголросцветмет/ нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, “Бэрх Уул” төрийн өмчит үйлдвэрийн газар, Засгийн газрын 2001 оны 442 дугаар тогтоолоор “Бэрх Уул” ТӨҮГ нь “Бэрх Уул” хувьцаат компани болсон. Уурхайг 2005 онд хувьчилж, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Бэрхийн уурхайчдын зүгээс “Юдентакс Тин Аудит” ХХК-аар хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, “Итгэлцүүр шинэчлэн тогтоох тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолыг үндэслэн нийт төлөөллийн эрхтэй 88 иргэнд хоёр удаа олгох 7,032,820,405 (долоон тэрбум гучин хоёр сая найман зуун хорин мянга дөрвөн зуун таван) төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоолол гаргуулсан байна. Улсын Их Хурлын гишүүд холбогдох талуудтай уулзалт зохион байгуулж тодорхой тайлбар, мэдээллийг авсан. Өргөдлийг судлан үзээд өргөдөл гаргагчийн хүсэлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа тул дараах саналыг гаргалаа. Үүнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын хуралдааны дараалалд оруулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарах, Монгол Улсын Засгийн газраас шүүхийн шийдвэрийн биелэлтийг шуурхай хангаж, Монгол Улсын 2027 оны төсөвт тусгахад анхаарах талаар Өргөдлийн байнгын хорооноос албан бичиг хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд нэр бүхий 112 иргэнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэн Д.Алтангэрэл оролцож, өргөдлийнхөө талаар үг хэллээ. Тэрбээр, асуудлын талаарх танилцуулга эхнээсээ ташаа явж ирсэн учраас энэ асуудал гурван жил гаруй хугацаанд шийдэгдэхгүй байгаа. Төрийн албан хаагчдын буруу тайлбар, танилцуулгаас болж иргэд их хохирдог юм байна. Бэрхийн уурхайг татан буугдсан, дампуурсан мэт танилцуулсан. Ийм зүйл байхгүй. Эрх зүйн актгүй учраас нотлогдохгүй зүйл. Хариуцах эзэнгүй гэдэг нь худал. Бэрхийн уурхайг төрийн өмчид харьяалалтай байх үеийн хохирлоо нөхөн төлүүлэх асуудал хөндөж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуультай холбогдох нөхөн төлбөр олгох зохицуулалтад хамаарна. Надад анх 290 хүн өөрсдийн нотлох баримт, итгэмжлэлээ өгч хандсан. Энэ хүмүүс хуульд заасан нөхөн төлбөрөө авах эрхтэй эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бичгээр хандахад, тус газрын дүгнэлтээр эдгээр иргэд хоёр удаагийн нөхөн төлбөр авах эрхтэй гэж дүгнэсэн. Би 2008 онд холбогдох газруудад уг бичгийг нь үзүүлж явахад ерөөсөө авч хэлэлцээгүй. Захиргааны хэргийн шүүх Төрийн өмчийн хорооны даргад "Бэрхийн уурхайд ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группт орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны хоёрдугаар сараар тасалбар болгож, өмнө нь мөрдөж байсан журмын дагуу “Монголросцветмет” нэгдлийн хариуцаж байх асуудлыг хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлсүгэй" гэж даалгасан байдаг. Улмаар шүүх уг асуудлыг "эс үйлдэхүй" гэсэн дүгнэлт шийдвэр гаргасан гэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал асуулт асууж, үг хэлэв. Юуны өмнө иргэний төлөөлөл болон олон жилийн турш хохирсон хүмүүсийн өмнөөс ажиллаж ирсэн Д.Алтангэрэлд талархал илэрхийлээд, хүний эрх зөрчигдсөн асуудал амаргүйг онцолж, олон жилийн хугацаанд шийдэхгүй байгаа учир шалтгааныг Засгийн газрын төлөөллөөс асуув. Хэдийгээр хариуцагч тал нь Засгийн газар боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа шалтгаан нь төсөв батлагдаагүйтэй холбоотой. Тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн ч санхүүгийн эх үүсвэргүйн улмаас хойшилсон хэмээн Засгийн газрын төлөөлөл хариуллаа.


Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, бид хууль батлаад л байдаг. Хэрэгжихгүй, цаасан дээр үлддэг бол баталсны хэрэг байхгүй. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо ирэх хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хяналт, шалгалтыг түлхүү явуулна. Төсвийн санхүүжилтгүй гэсэн шалтгаан хэр оновчтой эсэх, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй. Иргэний болоод захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт хангалтгүй, муу байна. Шүүхийн шийдвэр биелэхгүй олон жилээр сунжирдаг нь иргэдийг чирэгдүүлж, давхар хохироодог байдал үүссэнийг анхааралдаа авна гэв. 

Байнгын хороо ийн хэлэлцээд, Бэрхийн уурхайтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нараас гаргасан саналд үндэслэн яаралтай шийдвэрлүүлэх тухай дүгнэлтийг танилцуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ

Огноо:

,

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” Төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ.

Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийг ажил хэрэг болгохоор хариуцлагатай ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд Засгийн газар улс эх оронд тулгамдаад байгаа асуудлыг богино хугацаанд цаг алдалгүй шийдэж, үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэгчид болон бизнеснүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, багш, ажилтнуудын цалинтай холбоотой үүсээд байсан асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой байгуулсан салбарын хамтын хэлэлцээрээр тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөлөө Засгийн газар биелүүлэх боломжтой болсон. 

2026 онд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдэд өсөлт хадгалагдах эерэг төлөвтэй. 2026 онд ажиллагчдын тоог 20 мянган хүнээр нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд гарах эерэг өөрчлөлтийг хадгалахын тулд ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн эрх чөлөө олгох, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл санааг хэрэгжүүлэх нь Засгийн газрын гол бодлого гэдгийг хэллээ.

Эдийн засаг, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Олон Засгийн газар дамжин шийдлээ хүлээсээр гацсан асуудлуудыг шийдвэрлэх суурь реформуудыг хийнэ. Тухайлбал, олон жил ярьсан Нийгмийн халамжийн шинэчлэлийг хийхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг онцлов.

Мөн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийх, төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авдаг болох шударга зарчимд шилжих бодлого баримтална. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэтгэвэр ба нийгмийн даатгалын асуудлаар шинэчлэлийн багц арга хэмжээг удахгүй танилцуулна гэлээ. 

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар салангид ялгаатай зохицуулж байгааг өөрчилж, цалин хөлсний нэгдсэн бодлогоор зохицуулах зэрэг бодлогын чухал алхмуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын гол бодлого байх болно.  Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.

МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх,  салбарын хэлэлцээрт анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд буюу нийт 11 удаа байгуулжээ. 2022 оноос хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж байна. 2023-2025 оны Улсын хэлэлцээрийн биелэлтийг өнгөрсөн онд дүгнэсэн бол өнөөдөр 2026-2028 оны шинэ хэлэлцээр байгуулах гэж байна.

2026-2028 оны Улсын хэлэлцээрт тусгасан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хамтарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Маргааш 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

Огноо:

,

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах уулзвар, гарцын мэдээллийг хүргэж байна.

  • Цэцэг төвийн уулзвар
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
  • Чингэлтэй дүүргийн уулзвар
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
  • 11-р хороолол
  • Сансарын шатахуун түгээх станц
  • Сансарын туннел
  • Зүүн 4 замын уулзвар
  • Халдварт
  • Нарантуул захын уулзвар
  • Нүхэн гарц
  • Жанжин клуб
  • Улиастай уулзвар
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
  • Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
  • Жаргалан хотхон
  • Шангри-Ла төвийн уулзварт тус тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Орон сууцны захиалгаар хохирсон иргэдийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Хуралдааны үеэр Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд “орон сууцны захиалга” нэрээр бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн шалгагдсан талаар мэдээлэв. Мөн өнөөдрийн байдлаар 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг мөрдөн шалгагдаж байгаа аж.

Хохирогч иргэдийн төлөөлөл олон жил орон сууцаа хүлээсэн, гэрээний нөхцөл өөрчлөгдсөн, зарим төсөл бүрэн зогссон, шүүх, прокурор, цагдаагийн ажиллагаа удааширч байгаагаас иргэд дахин хохирч буй талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, зарим иргэн газраа чөлөөлөөд 10 гаруй жил орон сууцандаа орж чадаагүй, зарим төсөлд нэг орон сууцыг давхардуулан захиалсан, мөн урьдчилсан тэмдэглэл болон бүртгэлийн хяналт хангалтгүй байсныг онцоллоо.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, 52 төсөлд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байгаа талаар танилцуулсан байна. Эдгээрээс барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрөв, зогссон 15 төсөл байгаа бол ажил огт эхлээгүй болон шүүхийн байгууллагаар хянагдаж буй тус бүр дөрвөн төсөл байгаа аж.

Гишүүдийн зүгээс орон сууцны захиалагч иргэдийг хамгаалах эрх зүйн орчин сул, барилгын компаниудын санхүүгийн чадамжид тавих хяналт хангалтгүй, иргэдийн төлсөн хөрөнгийг хамгаалах даатгал, баталгааны механизм шаардлагатай байгааг хэлэв. Мөн захиалгын гэрээг бүртгэлжүүлэх, баригдаж дуусаагүй орон сууцанд “урьдчилсан тэмдэглэл” хийдэг байх, хуурамч болон эрсдэлтэй төслүүдийг “хар жагсаалт”-д оруулах зэрэг зохицуулалт хэрэгтэй гэж үзлээ.

Ингээд Өргөдлийн байнгын хороо орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох