Улстөр нийгэм
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалтаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхэллээ.
Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн зүүн болон хангайн бүсэд ажилласныхаа дараа ийнхүү төвийн бүсийнхэнд тулгамдаж буй асуудал, орон нутагт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтот санаачилгуудын хүрээнд нээлттэй санал солилцож байгаа юм. УИХ-ын дарга Алтанбулаг сумын иргэдтэй хийсэн уулзалтаараа өөрийн дэвшүүлсэн Чөлөөлье санаачилгыг иж бүрэн хэрэгжүүлэх “Эрх чөлөөний Дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” илтгэлээ танилцуулав.
Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын эхэнд эдийн засгийг чөлөөлөх зорилтот арга хэмжээнүүд багтжээ. Өөрөөр хэлбэл хүнд суртал, хууль дүрмийн чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөх ажлуудыг УИХ-ын дарга онцоллоо. Тэрбээр, макро эдийн засгийн зарим тоон үзүүлэлтээс танилцуулаад, эдийн засгийн өсөлтийг иргэдэд мэдрэгдэхүйц, айл өрхүүдийн амьжиргаанд нөлөөлөхүйц хүртээмжтэй болгоход төсвийн сахилга бат, хариуцлагатай байдлыг чухалчилж ажиллана гэлээ. Өнгөрсөн намрын чуулганаар иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгсөн. Энэ хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх цогц арга хэмжээг авч, төсвийн хэт тэлэлт болон эрэлтийн гаралтай инфляцаас сэргийлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн бол Монголбанкинд зээлийн хүүг үе шаттай бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг зорилтот бүлэгт чиглүүлэх ажлуудыг даалгажээ.
Ипотекийн зээлийг хоёр ч удаа авсан 1558 тохиолдол гарсныг дурдлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон зохицуулалтыг хүчингүй болгож, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэхийг чиглэл болгосон. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, бизнесийн орон зайг тэлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлнэ гэдгээ УИХ-ын дарга тодотгов. Энэ бүхнийг Эрх зүйн чөлөөлөлтөөр амилуулж, бодитоор хэрэгжүүлэх хуулийн орчныг бүрдүүлэхээ тэрбээр хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөөг илүү баталгаажуулсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм.
Цаашид хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний аливаа эрх, эрх чөлөөг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан, дүн шинжилгээ хийдэг болно гэв. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга энэ хаврын чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль болон хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжуудаас дурдав. УИХ-ын даргын дэвшүүлсэн гурав дахь чөлөөлөлтийн бодлого нь ногоон хөгжил, эрчим хүчний хараат байдлыг багасгахад чиглэж байна.
Манай улс нар, салхины арвин нөөцөө ашиглан өрхийн хэрэглээнд болон аймаг, сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээг санаачлан эхлүүлснээ танилцууллаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 өрх нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбуулснаар хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ нийлүүлж, орлого олж эхэлжээ. Яг энэ шийдлийг айлуудад нэвтрүүлэхэд 14-15 шат дамжлагатай байсныг цуцалж, Эрчим хүчний сайдын баталсан шинэ журмаар 11 өдрийн дотор шийдвэрлэдэг болсныг танилцууллаа. Үүнээс гадна орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, эдгээрт суурилсан цахилгаан машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборуудыг барих ажлуудын талаар дурдав.
Малчдын орлогыг төрөлжүүлж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, хөдөө аж ахуйн салбарын өгөөжийг төрөлжүүлэх зорилгоор Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудтай Худалдааны түр хэлэлцээр байгуулсан тухай УИХ-ын дарга танилцуулав. Хэлэлцээр хэрэгжих хугацаанд Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж бүрдэх юм. Энэхүү хэлэлцээрийг “амилуулах” гол байршил нь Алтанбулагийн чөлөөт бүс гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Чөлөөт бүс нь Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 500 га талбайг эзэлдэг бөгөөд одоогоор ачаа тээврийн терминал, гаалийн лаборатори болон доторх авто зам, холбоо дохиоллын ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ. Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын сүүлийнх нь авлигын эсрэг хийх чөлөөлөлт хэмээн УИХ-ын дарга Н.Учрал тодотгов.
Манай улс өнгөрсөн онд авлигын төсөөллийн индексээр 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгджээ. Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийг парламентын тэргүүний хувьд ч, эрх баригч намын даргын хувьд ч бүх шатны институтын түвшинд манлайлж ажиллахаа илэрхийлэв. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг иргэний журмаар хураах хуулийг хэлэлцэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Алтанбулаг сумын иргэдийн хувьд инженерийн дэд бүтэц, бохирын шугам, цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг хөндлөө. Түүчнлэн хил орчмын боомт хотын статустай болж, төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгаа хөгжүүлэх саналуудаас дэвшүүлэв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний төлөөлөл гаалийн байгууллагын хүнд суртал их байдаг талаар шүүмжилж нэг борлуулсан бараа, бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 10 гаруй хоног зарцуулж байгааг хэллээ.
Мөн Алтанбулаг сумын эмнэлэг, сургуулийн өргөтгөл, соёлын төвийн шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон хэдий ч улсын төсөвт суугаагүйн улмаас гацсан талаар ч дуулгалаа. Иргэдийн зүгээс Ахмад настны тухай хууль, Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарч өгөхийг уламжлаад, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад саналаа хэлцгээсэн юм. Иргэдийн асуултад УИХ-ын даргаас гадна бүсээс сонгогдсон гишүүд, орон нутгийн удирдлагууд хариулцгаасан юм. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр, С.Лүндэг нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
