Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагаанаар төвийн болон хойд бүсийн 2100 орчим иргэнтэй уулзаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиуд, “Чөлөөлье” санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтын мөрөөр төрийн үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутагт тулгамдсан асуудлуудыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр холбогдох арга хэмжээг чиг үүргийн байгууллагууд авч хэрэгжүүлэх юм. Хойд бүсийн иргэдийн уулзалт өнөөдөр (2026.03.08) Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд болсон. 

Соёлын дундаршгүй өв, байгалийн арвин нөөцтэй Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багт нийт 137 мянган хүн ам аж төрж байна. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарууд зонхилдог. Хөвсгөл аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс болох зорилтыг тавьжээ. УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд малчдын эрх ашгийг төрийн бодлогод нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр багтсаныг уулзалтын үеэр онцлов. Хаврын чуулганы хугацаанд малчдад чиглэсэн бүхий л хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг УИХ-ын дарга дурдсан. Хойд бүсийн хөгжлийн зорилтод  Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ гэж заасанчлан энэхүү хэлэлцээрийн үр ашгийг бүс нутгийн иргэд бүрэн хүртэх боломжтойг мөн онцоллоо. 

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах зорилготой “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлэх дөрвөн тулгуурт бодлогод эдийн засгийн, эрх зүйн, ногоон хөгжлийн болон авлигын чөлөөлөлтийн ажлууд багтжээ. Эдийн засгийн чөлөөлөлтийн зорилго нь хүнд суртал, хууль журмын чөдөр, тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөхөд оршино гэдгийг УИХ-ын дарга тодотгож байв. Манай улс бизнесийн эрх чөлөөгөөр 184 орноос 85 дугаарт, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээрт, хувийн өмчийн эрхийн индексээр 94 дүгээрт тус тус бичигджээ. Нэн түрүүнд өрхийн дундаж орлогыг бодитоор нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээдэг байхын тулд төсвийн урсгал зардлыг танаж, сахилга батыг сайжруулахад анхаарах зарчим баримталж буйгаа УИХ-ын дарга онцолсон. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, үр ашиггүй тохиолдолд татан буулгах, хувьцааг нээлттэй арилжих эсвэл нэгтгэх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ. 

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулснаар хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг бүрдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай болон Зөвшөөрлийн тухай хуулиудыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Татварын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.7 орчим их наяд төгрөгөөр буурна гэж тооцсон. Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд хиймэл оюун ухааныг ашиглан хууль тогтоох үйл ажиллагааг ил тод, эргэх холбоотой, иргэндээ ээлтэй болгохоор зорилтот ажлууд эхлүүлснийг дурдлаа. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 228, шууд зөрчдөг 110 хууль байгааг тогтоожээ. Хүний эрхийн зөрчлийг арилгаж, хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнөх үе шатанд ийм төрлийн зүйл, заалт байгаа эсэхийг шалгахын тулд D-Parliament: AI дүн шинжилгээ цэсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулжээ. Монгол Улсын Их Хурлаас 2026 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласнаар гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Энэ хүрээнд Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүд, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг эн тэргүүнд хэлэлцэн батална гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ. 

Эрх зүйн чөлөөлөлтийн эхлэл болсон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Уг нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж, хүчинтэй хугацааг нь сунгаж, зарим зөвшөөрлийг тусгай ангиллаас энгийн ангилалд шилжүүлэх зохицуулалт багтсаныг дуулгалаа. Чөлөөлөлтийн гурав дахь зам ногоон хөгжлийн бодлогод чиглэж байгааг УИХ-ын дарга танилцуулсан. Энэ хүрээнд УИХ-ын тогтоол баталж, өрхийн болон аймаг сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх юм. Хөвсгөл аймгийн иргэд уурын зуухны тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулах энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрийг байгуулахад аймаг, сумдын удирдлагууд газар олголтоос эхлэн төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангаж, дэмжин ажиллахыг УИХ-ын дарга уриаллаа. Түүнчлэн хаврын чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцэхээр бэлтгэлдээ орсныг дурдаад, ногоон санхүүжилтийг татах, карбон зах зээлд нэвтрэх эрх зүйн бололцоог бүрдүүлнэ гэв. 

Илтгэлийнхээ төгсгөлд УИХ-ын дарга Н.Учрал Авлигын эсрэг чөлөөлөлтөөр хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байгааг танилцуулсан. Үүнд, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах тухай хуулийг эн тэргүүнд онцолсон юм. Мөн уул уурхайн салбарын ил тод байдлыг сайжруулах, хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөж байгаа юм байна. Тэрбээр, ёс зүй, хариуцлагыг бүх шатанд шаардаж ажиллахаа илэрхийлээд төрийн бүх эрх мэдэл иргэдээс эх сурвалжтайг ямагт санах учиртай гэдгийг тодотгов. Иргэдийн зүгээс, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт харилцан адилгүй, зарим газар оновчгүй байгааг хөндөж, төсвийн хөрөнгө оруулалт зогссоны улмаас гацсан бүтээн байгуулалтуудын ажлуудыг урагшлуулахыг захилаа. 

Мөн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилгуудаас дурдаж, ингэхдээ унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ёстойг ч хэлж байв. Хамгийн их хүн амтай Хөвсгөл аймагт ажлын байрыг нэмэгдүүлэх нэн тэргүүний шаардлагатайг онцлоод, ноос ноолуур, түүхий эдийн боловсруулах үйлдвэр байгуулах чухал ач холбогдолтойг ч уламжлав. Олон нийтийн санхүүгийн боловсролыг сайжруулахад анхаарч, энэ төрлийн хичээлийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад багтаах зэрэг саналуудыг иргэд дэвшүүлсэн. Уулзалтад УИХ-ын даргаас гадна  УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.

               Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

               Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж,  Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ. 

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Улстөр нийгэм2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Цаг үе2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Улстөр нийгэм2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Улстөр нийгэм2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Улстөр нийгэм2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Цаг үе2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Санал болгох