Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын битүүн. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Мод
Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана,, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цаг үе
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын төсөл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 24 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэхэд хэрэгжилт 74.2 хувьтай байгааг танилцуулав.
Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг тогтмол усалж, чийгшүүлэх, улиасны унгиралтыг бууруулах ажлын хүрээнд есөн дүүргийн 183 байршил дахь нийт 16,394 улиасанд хэлбэржүүлэлт хийж, 11,000 модыг даралтат усаар шүршин унгиралыг нь унагасан байна.
Үер, усны аюул, гамшиг, гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 311 алба хаагч, 119 нэгж техник, тоног төхөөрөмжийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд license.mn зөвшөөрлийн цахим системээр худалдаа, үйлчилгээний 10 төрлийн 100 бизнесийн бүртгэлийг нэгдсэн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1,196 мэдэгдлийг шийдвэрлэсэн байна.
Ногоон нуур орчмын орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 422,510 ам метр талбайг цэвэрлэж, 231 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, 12,320 урт метр үерийн далан, суваг шуудуу, инженерийн байгууламжийг цэвэрлэж, 53 тонн лаг, хог хаягдлыг зайлуулжээ.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан 2026 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд нийт 622 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 566 нь барилга угсралтын ажил бөгөөд 395 нь он дамжин хэрэгжиж буй төсөл юм. Харин 2026 онд шинээр 171 төсөл хэрэгжиж байна. Үүнд 141 барилга байгууламж, 68 тохижилтын ажил, 13 гэрэлтүүлгийн ажил, гэр хорооллын төлөвлөлтийн 24 ажил багтаж байна. Мөн газрын маргаантай долоо, шүүхийн маргаантай 16, нэмэлт хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай 36 төсөл байгааг тэрбээр танилцуулгадаа онцоллоо.
Цаг үе
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Австралийн Квинсленд мужид нэг өндгөн эсээс үүссэн дөрвөн ихэр охин төрсөн ховор тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 34 настай Женитар Сау На’амоана охидоо Квинсленд мужийн Рояал Брисбэн энд Вүмэнс эмнэлэгт төрүүлсэн байна.
Эмч нарын тайлбарласнаар, жирэмсний эхэн үед нэг үр тогтсон өндгөн эс дөрөв хуваагдсанаар генетикийн хувьд ижил дөрвөн охин бий болсон аж. Ийм тохиолдол маш ховор бөгөөд ойролцоогоор 15 саяд нэг тохиодог гэж эмч нар үзэж байна.
Ерөнхийдөө дөрвөн ихэр жирэмслэх магадлал 700 мянгад нэг байдаг бөгөөд ихэнх тохиолдол нь нөхөн үржихүйн технологийн тусламжтай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн тохиолдол ийм эмчилгээтэй холбоогүй гэдгээрээ онцлог аж.
Эмнэлгийн мэдээлснээр, На’амоана болон түүний нөхөр Жортам нар дахин хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан тул дөрвөн ихэр тээж буйгаа мэдээд ихэд гайхсан байна. Эх жирэмсний 10 дахь долоо хоногоосоо эхлэн эмч нарын хяналтад орж, 25 дахь долоо хоногоос эмнэлэгт хэвтэн хянуулжээ. Тэрээр долоодугаар сарын 14-нд кесар хагалгаагаар охидоо төрүүлсэн байна.
Охид 28 долоо хоног, дөрвөн хоногтойдоо мэндэлсэн бөгөөд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр, эхийн биеийн байдал сайн, охидод Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх нэр өгчээ.
Цаг үе
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2026 оны эхний хагас жилд 3 814.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 594.1 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 485.1 (17.5%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 50.4 (22.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2026 оны эхний хагас жилд 3 342.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.0 (15.1%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 365.7 (13.8%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 43.3 (49.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас 2026 оны эхний хагас жилд 531.1 мянган хүнд 3 032.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 12.3 (2.4%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 366.1 (13.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 80.1 хувь нь өндөр настны, 11.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4.4 хувь нь цэргийн, 3.9 хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид байна.
