Шударга мэдээ
Хүүхэд хохирсон хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,358 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1,639 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 732 хэрэг шинээр нээж, 343 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 133, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, Өмчлөх эрхийн эсрэг 74, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 9, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Авлигын эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Кибер аюулгүй байдлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Хэрэг хянан шалгах ажиллагааны эсрэг тус бүр 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 133 гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл,
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 8, хүндэвтэр хохирол санаатай учруулах 16, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах 1, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 105, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 3 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
-Б.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу ...нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан багш, ажилчдын үзлэгийн төлбөрийн мөнгийг “байгууллагын дансанд тушаана” гэх нэрийдлээр бусдын дансаар шилжүүлэн хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд;
-Б.М, Е.С нь нар нь харилцан тохиролцож, Е.С-ийн 11 настай хүүхдээр уралдааны морь унуулж, сар бүр 500 мянган төгрөгийн цалин өгөхөөр гэрээ байгуулж, Дорнод аймгийн нутагт дэвсгэрт 2024 оны 4 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хурдан морь унуулж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц хөдөлмөр эрхлүүлсэн, улмаар 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч хүүхдээр хориглосон цаг хугацаанд хамгаалах хэрэгсэлгүйгээр морь унуулсны улмаас хүүхэд мориноос унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх), мөн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-"В..." ХХК нь химийн хорт, аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 224.3 килограмм натрийн гидроксид, 73.9 килограмм устөрөгчийн хэт исэл зэрэг химийн бодисыг худалдан авч, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Гадаадын хөрөнгө оруулалттай “Ш.....” ХХК нь химийн хорт, аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй атлаа 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бусдаас этилийн спирт, цууны хүчил, натрийн гидроксид зэрэг химийн бодисыг худалдан авч, улмаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн байранд хадгалсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Баянгол дүүргийн прокурорын газраас
- М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах гэртээ 3 настай дагавар хүүг хүчиндэхийг завдсан, улмаар энэ үйлдлээ нуун далдлах зорилгоор онц, харгис хэрцгийгээр зодож, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг алсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Бага насны хүүхдийг хүчиндэх), 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар,
- Ц.Л нь хамтран амьдрагч М.Э нь хүүг нь зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байхад хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хохирогч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, гэм буруутай гэж үзвэл хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг хуулийн зохицуулалттай.
Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.


Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.



Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
Шударга мэдээ
ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг өнөөдөр зохион байгуулна
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны зургаадугаар сарын 29ний өдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн юм. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоов. Сонсголд хэр бэлтгэсэн талаарх УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад, Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба түрүү долоо хоногт бэлтгэлээ бүрэн хангасан гэж хариуллаа. Гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэнээр тогтоолыг батлав.
Үргэлжлүүлэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь хоёр заалттай. Манай улс хөдөө аж ахуйн салбарын харилцааг зохицуулж буй 30 орчим хуультай. Гэхдээ эдгээрийг нэгдсэн зохион байгуулалт, уялдаа холбоогоор хангах шаардлага үүссэн. Тогтвортой хөгжүүлэхийн тулд төрөлжүүлж, бие даасан бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн Ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ч.Анар гишүүний асуултад хууль санаачлагч гишүүн М.Мандхай хариулахдаа сонгуулийн мөчлөгөөр хэмжих боломжгүй, урт хугацааны төлөвлөлтөөр хөгжих учиртай салбарын онцлогийг тайлбарласан юм. Байнгын хороо санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг төслийг Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй томьёолол бүхий нэг санал гаргасныг хэлэлцэж, санал хурааж шийдвэрлэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төслийг дэмжиж байгааг илэрхийлээд, Тосон уул дахь талбайгаас авах хэмжээг ижил тогтоох санал гаргасан хэмээв. Тэдний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.
Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Анар, Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, П.Батчимэг, Х.Булгантуяа, Б.Заяабал, Б.Жавхлан, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Л.Энх-Амгалан, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, А.Ундраа, Д.Үүрийнтуяа нар оролцсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
