Цаг үе
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-д сонголт үлдсэн гэж мэдэгдэв
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи дөрөвдүгээр сарын 8-ны орой олон нийтийн сүлжээнд АНУ-д хандан мэдэгдэл хийсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Тэрбээр,
“Иран, АНУ-ын хооронд гал зогсоох нөхцөл тодорхой. АНУ сонголт хийх ёстой — гал зогсоох уу, эсвэл Израилиар дамжуулан дайныг үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй”
хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Аракчи бүс нутагт гал зогсоох талаар Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифын мэдэгдлийг эш татаж,
Иран, АНУ болон холбоотнууд бүс нутгийн хэмжээнд гал зогсоох асуудлыг хэлэлцсэн
гэж дурджээ.
Гэсэн хэдий ч одоогийн байдлаар:
- АНУ-ын талаас албан ёсны баталгаа гараагүй
- Израилийн талаас гал зогсоох тухай албан мэдэгдэл хийгдээгүй
- Олон улсын томоохон агентлагууд (Reuters, AP, CNN) гал зогсоох тохиролцоо батлагдсан талаар мэдээлээгүй байна
Өөрөөр хэлбэл,
Ираны талын мэдэгдэл гарсан боловч гал зогсоох албан ёсны тохиролцоо баталгаажаагүй байгаа юм.
Ойрхи Дорнодын нөхцөл байдал одоогоор эмзэг хэвээр байгаа бөгөөд АНУ болон холбоотнуудын байр суурь тодорхой болохыг олон улс анхааралтай ажиглаж байна.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр /Цагаан-Үүр сум/ голын усны түвшин өмнөх өдрөөс 10 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/ гол үерийн түвшинг 5 см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цаг үе
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын "Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь" сэдэвт салбар хуралдаан боллоо.
Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.
Тэрбээр “Усны хомсдол бий болсны дараа хэрхэн арга хэмжээ авах вэ гэдгээс илүүтэй, хомсдолоос яаж сэргийлэх вэ гэдэг асуулт бидний бодлогын төвд байх ёстой. Өнөөдөр дэлхийн олон хотод энэ сорилт тулгарч байна. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, эдийн засгийн төвлөрөл усны хэрэгцээг улам нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, газрын доройтол, хур тунадасны гормын өөрчлөлт, хөрсний ус шингээх болон хадгалах чадавхын бууралт усны байгалийн эргэлт, нөхөн сэргээлтийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, усны эрэлт өсөж байхад байгалийн нөхөн сэргэлт, хүртээмж буурч байгаа юм.
Ус бол хотын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчин, улмаар хотын хөгжлийн тогтвортой байдалтай шууд холбоотой суурь нөөц билээ. Улаанбаатар хотын ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь Туул голын сав газрын доорх усны нөөцөд түшиглэдэг бөгөөд хүн ам, барилгажилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг дагаад усны эргэлт нэмэгдсээр байна.

Дэлхийн банкны 2026 оны үнэлгээнд Улаанбаатар хотын гүний усны нөөцөд үзүүлж буй дарамт нэмэгдэж, ашиглагдах хэмжээ нь уст давхаргын нөхөн сэлбэгдэх хурднаас хэтрээд байгааг онцолсон байна.
Ийм нөхцөлд шинэ эх үүсвэр хаана байгаад ач холбогдол өгөхөөс илүү байгаа усаа хэрхэн хамгаалах, хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх зэрэгт анхаарлаа хандуулах нь зүй. Тиймээс хур тунадас, үерийн усыг зөв менежментээр удирдаж, боломжит нөөц болгон ашиглах шаардлагатай. Бид энэ чиглэлийн бодит алхмуудыг эхлүүлж, Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг дахин цэвэршүүлэх “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан. Үүний үр дүнд эрчим хүчний салбарт жилд 18 сая хүртэлх шоо метр гүний усыг хэмнэх боломж бүрдсэн юм.
Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, усны эргэлтийн системийг сайжруулах зорилго, зорилтуудын биелэлтийг хангах хүрээнд голууд дээр тохируулгатай усан сан барьж, гадаргын усны эх үүсвэрээс унд ахуйн ус хангамжийг хангах, болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх зэрэг төсөл хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлэх нөхцөл шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Тулгамдсан энэхүү асуудлыг аливаа хот дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс хот, бүс орон нутгийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.




Цаг үе
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар 2026 оны наймдугар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад албан томилолттой ажиллаж байна. Сайд нар энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.
Энэ үеэр төслийн гүүрэн байгууламжийн хүрээнд баригдах нийт 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, гүйцэтгэл 100 хувьд хүрсэнтэй холбогдуулан холбогдох албаныхан мэдээлэл өгөв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, “Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон төслийн хэрэгжилтэд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 49.27 ХУВЬД ХҮРЛЭЭ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 49.27 хувьтай үргэлжилж байна.
Төслийн хүрээнд 2,382 шон суурь үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн 291 доод хөндлөн нурууг үйлдвэрлэн бэлэн болгосон байна. Нийт 594 дам нуруу үйлдвэрлэж бэлэн болгосны 296 дам нурууг угсраж төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан туршилтын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж буйг албаныхан энэ үеэр танилцууллаа. Одоогоор тулгамдсан асуудал байхгүй, төлөвлөгөөт ажил хоёр улсын талаас графикийн дагуу явж байгааг онцоллоо.
ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Энэхүү Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, тээврийн харилцаанд чухал ач холбогдолтой шинэ төмөр замын коридор бий болж, экспортын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Тус төмөр замаар жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломж бүрдэж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллараар өсгөх эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн эдийн засгийн тооцооллоор уг төслийн хүрээнд 200 байнгын болон 800 түр ажлын байр шинээр бий болох бөгөөд Монгол Улсын экспортын гол гарцын нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, хугацааг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Өнөөдөр ийнхүү хил дамнасан төмөр замын төслийн гүүрэн байгууламжийн гол бүтээцийн нэг болох 291 тулгуурын ажлыг бүрэн дуусгаснаар гүйцэтгэгч байгууллагууд, төслийн ажлыг гардан гүйцэтгэж буй инженер технийкийн ажилтнуудын хувьд дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх суурь бүрдэж байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.


-
Улстөр нийгэм2020/09/28
Судалгааны их сургуулийг хөгжүүлэх ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт хийлээ
-
Улстөр нийгэм2025/10/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
-
Улстөр нийгэм2022/09/13
Засгийн газрын гишүүд иргэний нисэхийн салбарт ажиллалаа
-
Улстөр нийгэм2021/01/28
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараал...
