Цаг үе
Хотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа
Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, сурагчдын бүтээлүүдтэй танилцлаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хүүхдийн урлан бүтээх төв нь Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг тасралтгүй зохион байгуулж ирсэн чухал төв. Бид багш, сурагчдын хамтран хийсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаандаа худалдан авч, тохижуулж, урлан бүтээх төвийн сан хөмрөгийг шинэчлэх боломжийг судалж байна" гэв.
Мөн хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус төвийн сурагчдын бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, олсон орлогоор сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах чиглэл өглөө.

Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар манай төвд ирж суралцдаг. Энэ жил 19 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд хамрагдан өөрсдийгөө хөгжүүлж байна. Манай төв нь Монгол Улсад үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг цорын ганц томоохон урлан гэдгээрээ онцлог. Сурагчид уран зураг, уран баримал, уран сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцдаг. Анхан шатаа төгсөөд ахисан шат руу дэвшин илүү нарийн бүтээлүүд хийж сурдаг. Мөн бүх дугуйланд зураг зүйн суурь олгодог тул хүүхдүүдийн гарын ур дүй, анхаарал төвлөрөл сайжирч, дэлгэцийн хамаарлаас холдож чаддаг” гэлээ.
Хүүхдийн урлан бүтээл төвийн сурагч Н.Оюунтуяа “Би хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 2-3 удаа урландаа ирж суралцдаг. Одоогоор сүрлэн урлалын дугуйланд суралцаж, бүтээлийнхээ суурийг хийж байна. Энэ дугуйланд суралцсанаар олон шинэ зүйл сурч байна. Мөн багш нар маань бидэнд сонирхолтой байдлаар зааж өгдөг учраас илүү ойлгомжтой байдаг. Чөлөөт цагаа утас, цахим орчинд өнгөрүүлэхээс илүүтэй урландаа ирж, шинэ зүйл сурах нь надад илүү гоё санагддаг. Цаашид илүү сонирхолтой, нарийн хийцтэй бүтээлүүд хийж сурмаар байна” гэсэн юм.








Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

-
Шударга мэдээ2022/12/01
ИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой ₮3.1 тэрбумын санхүүжилти...
-
Цаг үе2021/02/17
"Ковид-19"-ийн вакциныг түгээхэд агаарын тээврийн компаниуд хамтарна
-
Улстөр нийгэм2021/11/25
Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд 7 бүлэг, 22 тэргүүлэх зорилт, 485 арга...
-
Улстөр нийгэм2022/06/08
ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
