Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.

УРИАЛГАД:

“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын саналыг оруулан бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн нийгмийн даатгалын чиглэлээр төслийн хоёрдугаар шатыг урт хугацааны сургалт зохион байгуулахаар болсон. Ирэх есдүгээр сард сургалтын агуулга тодорхой болно” гэв.

Дээрх хоёр төслийн хүрээнд яамны болон сайдын зүгээс саналаа илэрхийлэхийг хүслээ. Цаашид ХНХЯ-тай нийгмийн суурь судалгааны тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт хүрч чадаж байгаа эсэх хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхож байгаагаа дурдлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Яг одоо манай улс нийгмийн даатгалын шинэчлэл хийх цаг үе дээр явж байна. Тэтгэврийн тогтолцоог буруу гэж үзсэн ард иргэдээс хуримтлалын систем рүү шилжинэ гэсэн маш том хүлээлт үүсээд байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шинэтгэлийн хуулийн төслүүдийг олон жил бэлдсэн. Яамны зүгээс актуар тооцоолол хийх шатандаа явж байна. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхтэй холбоотой ажлуудыг хийнэ.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл. Манай улсын хүн амын 65 хувь нь 35 наснаас доош залуус. Хөдөлмөр эрхлэх гэхээр нэг талаасаа ажлын байр байхгүй. Нөгөө талаасаа сул байгаа ажлын байранд тохирох ур чадвартай боловсон хүчин байхгүй. Эрэлт, хэрэгцээ нь нийцэхгүй хөдөлмөрийн зах зээлтэй. Тиймээс хөдөлмөр, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх гэсэн манай яамны гол үндсэн чиглэл танай үйл ажиллагаатай уялдаа холбоотой.

Ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Мөн нийгмийн халамжийн 50-аас дээш хувь нь ядуу бус хүнд очсон гэсэн дүн гарсан. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэх ёстой хүндээ 100 хувь хүрч чадахгүй байна. Тиймээс эхний ээлжинд халамжийн газрын системийг цахимжуулж бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбох ажил хийнэ. Өрхийн мэдээлийн сангаас тухайн өрхийн гишүүн бүрт мэдээллийн сан үүсгэнэ. Ингэснээр халамж үйлчилгээнд хамрагдах иргэд бүрдүүлэх материалаа онлайнаар авах боломжтойгоос гадна тухайн иргэний бүх мэдээлэл гараад ирэх учраас яг халамж авах ёстой хүн мөнүү бишүү гэдэг нь ч тодорхой болно. Мөн манай албан хаагчдад ирэх цаасны ажил буурч иргэндээ үйлчилгээ үзүүлэх цаг зав нь нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөр эрхэлдэггүй, татвар төлдөггүй хэрнээ халамж авдаг бол хөдөлмөр эрхлүүлэх талаас нь анхаарах зэрэг халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ” гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мэдэгдэл

Огноо:

,

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар Үндэсний телевизийн сарын хураамж 20,000 төгрөг болно гэнэ” гэсэн худал мэдээлэл цацагдаж олон нийтийг эргэлзээнд оруулж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.

МҮОНРТ нь 2005 оноос эхлэн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү хуулийн 17.1.1-д “МҮОНРТ-ийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс байна”, 18.1-д “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна” заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, албан байгууллагаас 1,650 төгрөг, аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтоосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд айл өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар төвлөрүүлдэг.

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 3.1-д “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн үйл ажиллагааг зөвхөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан.

Иймд Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдаж мөрдөгдсөнөөр МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс буюу хураамж нэмэгдэхгүй хэвээр байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Дарь-Эхийн 3.3 км авто замыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг шалгаж ажиллалаа.

Уг замыг 2020 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж эхэлсэн. Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг долоодугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “2010 оноос хойш Дарь-Эхийн замд их засвар хийгдэж байгаагүй. Урсгал засварын ажил бол хийгдэж байсан. Энэ замд борооны ус их хуримтлагддаг, авто зам эвдрэлтэй байна гэдэг гомдол, санал иргэдээс их ирдэг. Эхний ээлжинд бид 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийж эхэллээ. Шинэчлэхдээ ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг, хоёр талаараа явган зам болон бусад тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн” гэсэн мэдээллийг өгөв.

Авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Зэстхөлөг” ХХК ажиллаж байна. 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ дуусах боловч хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлж ажилласнаар зорчих хэсгээ 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн хийсэн байхаар зорьж ажиллаж байгаа. Түүнээс хойш гэрэлтүүлэг, тохижилт болон бусад ажлуудаа замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийхээр төлөвлөж байна гэдгээ нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра мөн Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд онцолж хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Замын засвар шинэчлэлтийн ажилд холбогдох газрууд хяналтаа сайн тавьж ажиллах шаардлагатай. Хүн хүчээ нэмэгдүүлж ажиллаарай. Энд амьдарч байгаа оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй. Төлөвлөсөн хугацаандаа замын ажлыг хийх ёстой. Хоног хугацаа алдаж болохгүй” гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хандаж хэлээд “Дарь-Эхийн замаар зорчдог иргэд бүтээн байгуулалтын ажилд хүлээцтэй хандаж, заасан хугацаанд энэ замаар зорчихгүй, нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон бусад хяналт тавьж ажиллаж байгаа газруудын ажилд хүндэтгэлтэй хандан, өөрсдийн амьдрах орчныг сайжруулах ажилд идэвхтэй оролцоорой” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох