Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сөүл, Токиогоос гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ эх орондоо авч ирнэ

Огноо:

,

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол улсын иргэдээ татан авах ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал: “Дэлхий нийтэд тархан суурьшсан 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ элчин сайдын яамд болон дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан мэдэгдлээ хүргүүлсэн байна. Дэлхийн 100 гаруй улс иргэдээ гадаад улс орноос татаж авч байгаа. Энэ бол зөвхөн Монгол Улсад хийгдэж байгаа үйл ажиллагаа биш. Өнөөдөр өглөө Австралийн Засгийн газраас хүсэлтээ илэрхийлсний дагуу Монгол Улсад суугаа 6 иргэнээ татаж авах ажиллагаа хийгдлээ. Энэ амралтын өдрүүдэд БНСУ-аас Монгол Улсад суугаа иргэдээ татаж авах ажиллагаа явагдана. Ойролцоогоор 200 орчим Солонгос иргэн нутаг буцна. Харин манай улсын хувьд Сөүл, Токио руу дахин нислэг хийж, нийт 750 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Ирэх сарын 02, 04-нд Сөүл, 03-нд Токиогоос иргэдээ эх орондоо авчирна. Гурван удаагийн тусгай нислэгээр ирж байгаа иргэдийн хувьд ирээд тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдана. Тусгаарлах байранд байх 21 хоногийн төлбөрийг төлнө. Мөн тухайн улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Шинжилгээний бичгийг үндэслэж, онгоцонд суух зөвшөөрлийг өгнө.  Ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг гарсан бол онгоцонд суулгахгүй. Тухайн улс нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ. Монгол Улсаас Солонгос руу явахаар 300 гаруй хүн хүсэлтээ гаргасан. Тэдэнд тавих ганц шаардлага нь энэ өвчин намдаж, олон улсын нислэгүүд хэвийн горимд ортол тэднийг эргүүлж авахгүй. Тэр хүн өөрөө эрсдлээ үүрэх ёстой” гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Сөүлээс ирэхээр 800 орчим хүн бичгээр хандсан. Тиймээс энэ удаад ирэх хоёр тусгай нислэгт эдгээр иргэдээс ирнэ. Шинжилгээг тухайн улсдаа хэрхэн өгөх талаар Элчин сайдын яамнаас өнөөдрөөс чиглэл өгч хамгийн боломжит хэлбэрээр, аюул эрсдэл багатайгаар зохион байгуулах талаар иргэдэд тухай бүрт мэдээлэл өгнө” хэмээлээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:  “Гурван удаагийн тусгай нислэгт Мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын хоёр байцаагч дагалдан явж, онгоцны буудал дээр болон онгоцонд иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, асуумж авах ажлыг зохион байгуулна. Эдгээр байцаагч нь эмч мэргэжилтэй. Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах тул иргэд тэдний зааврын дагуу тайван, хүлээцтэй байх хэрэгтэй. Зорчигчдод өгөх асуумж нь эрүүл мэндийн 20 асуулттай ба үүнээс 14 төрлийн шинж тэмдгийг зорчигч заавал бичих ёстой. Үнэн зөв бичихгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар сануулсан байгаа.  Сүүлийн 10 хоногт явсан газрууд болон хаагуур дамжиж ирж байгаагаа заавал бичнэ. Дэлгэрэнгүй бичнэ. Онгоцонд аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй, суудалдаа сууж, амны хаалтаа зүүх ёстой. Онгоцонд суухад амны хаалт тарааж өгнө. Тодорхой хугацааны дараа амны хаалтаа солино. Сольсон маскаа хаа хамаагүй хаяхгүй. Онгоцны үйлчлэгч тусгай саванд хүлээж авна.  Халуун бууруулах эм хэрэглэх шаардлагагүй. Эрсдэлтэй байгаагаа эртхэн мэдэгдсэнээр эмчлэн тусгаарлах байр руу явж, эмчлүүлэх ба энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг. Энгийн нислэг биш учраас онгоц газардахад бүх хүн босоод, үймж болохгүй. Бүх хүний нэрийг дуудах тул нэр дуудахад л босож, заасан хаалгаар гарна. Ингэснээр тухайн иргэнийг тусгаарлан эмчлүүлэх үү, тусгаарлан ажиглуулах уу гэдгийг шийднэ. Цаашлаад бусдад болон өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхад тустай юм” хэмээн анхаарууллаа.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: “Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг бид мэргэжлийн байгууллагуудын вэб сайтад албан ёсоор байршуулна. Тэр заавар зөвлөмжтэй сайтар танилцаж, дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр тусмаа тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачаа тээврийг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа гартаа барих ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй тул хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох