Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
1993 онд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурчээ. Сонгуулийн үндсэн зарчмын нэг болох бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байгаа нь сонгуульд оролцож буй сонгогчдийн ирц, оролцоо тогтмол буурч байгаа дээрх судалгааны дүнгээс харагдаж байна.
Мөн сонгуулийн ирц, оролцоо буурч байгаа гол шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан гэдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцолжээ.
Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоолоор “хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгох талаар санал боловсруулах”-ыг үүрэг болгосон байна.
Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ.
Өнөөдөр сонгуульд саналаа өгөх нь хязгаарлагдмал 250 орчим мянган сонгуулийн насны иргэд байгаа тул тэдний санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нь өргөжүүлэн нээж өгөхөд хуулийн төслийн гол ач холбогдол нь чиглэж буйг төсөл санаачлагч гишүүн Д.Бум-Очир тодотгов.
Хуулийн төсөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөхөд өөрийнх нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээс санал нь шууд бүртгэгдэх, улмаар орон нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд сонгуулийн албан ёсны санал хураалт болохоос өмнө урьдчилж санал өгөх боломжийг нээж байна. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгох зохицуулалтыг тусгасан гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир хэлэв.
Мөн санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Уг хуулийн төслийг дагалдуулан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Цаг үе2026/05/27
АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалы...
-
Цаг үе2019/07/19
Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орно
-
Цаг үе2019/11/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
-
Үзэл бодол2019/06/16
Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна
