Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсан байгааг төсөл санаачлагчид танилцууллаа. Иймд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин, О.Номинчимэг нар 6 бүлэг, 20 зүйлтэй, анхдагч бие даасан хуулийн төслийг боловсруулжээ. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. 

Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал /2026.10.22/ боллоо. 

Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол 2026 онд 32 хувь болж нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн жил нийт цахим гэмт хэргийн 78 хувийг фэйсбүүк ашиглаж үйлдсэн бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд энэ тоо 2026 онд 60 хувь болж буурчээ. Энэ оны есөн сарын байдлаар 11,440 гаруй цахим гэмт хэрэг гарсан байна. 

Цахим гэмт хэргийн улмаас 2025 онд иргэдэд 26.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөг битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Харин энэ оны аравдугаар сарын байдлаар 28 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. 

Хуурамч хаяг, сэжигтэй холбоос, хуурамч сугалаа, бусдын нэр барьж мөнгө нэхэх зэрэг цахим залилангийн арга улам нарийн, зохион байгуулалттай болсон.

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг олгоход чиглэсэн www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна. Энэ цахим хуудсыг ашиглан цахим залилангийн түгээмэл аргыг таних, сэжигтэй холбоос болон имэйлийг шалгах боломжтой бөгөөд залиланд өртсөн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг тус системд багтаасан.

Цахим залилантай тэмцэх тогтолцоогоо сайжруулж, цогцоор нь шинэчлэхийг Ерөнхий сайд Н.Учрал холбогдох яамд болон байгууллагуудад үүрэг болголоо. Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол банк, арилжааны банкууд зэрэг холбогдох бүх байгууллага уялдаагаа сайжруулж хурдтай ажиллахын тулд нэг цэгт төвлөрөн ажилладаг олон улсын сайн туршлага нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.

Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно. 

Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.  

Ерөнхий сайд, 

“Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард  1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно. 

Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Огноо:

,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд  гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/23

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Шударга мэдээ2026/10/23

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Улстөр нийгэм2026/10/23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Улстөр нийгэм2026/10/23

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алд...

Цаг үе2026/10/23

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

Улстөр нийгэм2026/10/23

Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 6...

Цаг үе2026/10/23

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэм...

Цаг үе2026/10/22

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Улстөр нийгэм2026/10/22

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Шударга мэдээ2026/10/22

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц

Санал болгох