Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Улстөр нийгэм
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ.

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ.


-
Шударга мэдээ2021/09/10
24 цагаар болон уртасгасан цагийн хуваариар ажилладаг эмийн сангууд
-
Цаг үе2024/02/23
Шинэ Яармаг цогцолбор хорооллын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна
-
Улстөр нийгэм2024/11/21
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны со...
-
Цаг үе2022/01/19
CBI Nabs Авлига нэхсэн 2 инженер
