Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ. Тэрбээр, Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлан, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй гэдгийг нотоллоо.
Киргиз Улс энэ удаагийн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулж байна.
Хуралдаанд манай улсаас гадна Хятад, Орос, Энэтхэг, Турк, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан, Азербайжан, Армени, Вьетнам, Пакистан, Египет, Иран, Лаос, Того зэрэг 20 орчим улсын төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш болон олон улсын бусад байгууллагын удирдах албан тушаалтан хүрэлцэн иржээ.
Хуралдаанаар:
- Өнгөрсөн жил Тяньжин хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнг урагшлуулж, ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх,
- Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын сорилтуудыг хамтран шийдвэрлэх,
- Худалдаа, эдийн засаг, тээврийн дэд бүтэц, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах зэрэгт анхаарах,
- Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, соёл, хүмүүнлэг зэрэг салбарт хамтрах,
- Дижитал, хиймэл оюун ухаан, залуучуудын солилцоо, тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар голлон хэлэлцэнэ.
Гишүүн орнууд “Бишкекийн тунхаглал” болон гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдал зэрэг салбарт хамтран ажиллах 28 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загвар юм.
Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.
Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн дараагийн хуралдааныг Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс даргална.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй.
Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.
Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болоод байна.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
