Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, технологи, логистик, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хамарсан олон салбар хуралдаан, хэлэлцүүлгийг багтааж байна.
Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.
Уулзалтын үеэр Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, логистик зэрэг харилцан сонирхсон салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт, цаашдын төлөвийн талаар санал солилцоно.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш гарч буй үр дүнгийн талаар хэлэлцэх ач холбогдолтой.
Мөн энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа зохион байгуулагдах “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг”-т хоёр улсын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тарифын болон тарифын бус саадыг бууруулах, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэх юм.
Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайдын түвшинд хоёр удаа тус тус оролцжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
