Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа өнө эртний түүхтэй. ОХУ-ын хувьд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг тэмдэглэлээ. 

Мөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг онцлов. “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” хэмээн хэлэв. 

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  

Мөн хоёр улсын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд ярилцсан аливаа асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэв.

Талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав. 

Монгол, Оросын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. 

Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, бусад албаны төлөөлөл оролцов. ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Шадар сайд А.Л.Оверчук, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Тээврийн сайд А.С.Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Төв банкны орлогч дарга А.Г.Гузнов болон “Оросын төмөр зам” ХК, “Росатом” улсын атомын эрчим хүчний корпорац, “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлага зэрэг албаныхан байлцлаа.

Цаашид хоёр тал хамтран ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох