Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын 2020 оны хаврын чуулганы өнөөдөр болон маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жаагссааыг хүргэж байна.
04 дүгээр сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нарын гишүүдээс “Монгол Улсад короновирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Улстөр нийгэм
УИХ: Ажлын хэсгийн хуралдаан боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, гишүүдэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг нар ажиллаж байна.
Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж, гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Х.Ганхуяг нар үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойрын хугацаанд эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдээс хамгаалах, далд эдийн засгийг ил болгох чиглэлээр хийж байгаа ажил болон, ирэх оны төсвийг өмнөх жилүүдээс ямар ялгаатай боловсруулж буй талаар холбогдох яамд, байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаас тодруулж, хариулт авлаа.
Гишүүдийн асуултад ажлын дэд хэсгийн гишүүд болох Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Эдийн засгийн хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан, Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэг, Сангийн яамны Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Г.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир нар хариулахдаа үнийн өсөлтийн хувь хэмжээ болон үнэ өсөж буй шалтгаан, үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буйгаа танилцуулав. Мөн инфляцийн шалтгааныг тогтоож, ямар арга хэмжээ авахаар ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.
Хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагчийн зүгээс ирэх даваа гаригт ажлын дэд хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт нөлөөлж буй байдлыг үнэлнэ
Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Иймд хууль эрх зүй, байгаль орчин, нийгэм, компанийн засаглалын хүрээнд тавигддаг шаардлагуудыг бүрэн хангах нь чухал юм. Манай улсын хувьд, уул уурхайн бүс нутгийн иргэд, нийгэм, соёл, байгаль орчны өвөрмөц тогтоц, шинж чанарт үзүүлэх нөлөөллүүдийг харгалзан салбарын боломж, цар хүрээ, тулгарч буй нарийн, төвөгтэй асуудлуудыг сайтар зохицуулах шаардлага бий.
Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн аргачлалыг боловсруулснаар Монголын эрдэс баялгийн салбарын нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны үнэлгээг системтэй боловсруулахад хувь нэмэр оруулахаас гадна Монгол Улсын дунд, урт хугацааны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.
Хэлэлцүүлэгт ХБНГУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Соёл, Эдийн засаг ба Олон улсын харилцаа хариуцсан атташе Ханна Нетзбанд, Герман Улсын Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-ийн Монгол болон Төв Азийн төслүүд хариуцсан ерөнхий зохицуулагч Текла Абель,төслийн удирдагчВибке Креветт болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Хурлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд хэрхэн сайжруулах стратегиудыг хэлэлцсэн юм гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож алтан медаль хүртэж их мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
УИХ-ын даргын хувьд Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад УИХ дахь Шатрын лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, БОАЖ-ын сайд Б. Бат-эрдэнэ нарын хүмүүс оролцов.
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад 197 орны шилдэг 343 баг оролцсоноос Монгол улсын баг дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдэж, эмэгтэй баг 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байр, эрэгтэй баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлсэн бол хувийн дүнгээр дөрөвдүгээр ширээнд суусан Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон билээ.
17 насандаа дэлхийн шатрын олимпиадын аварга болоод байгаа Б.Мөнгөнзул нь Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн сурагч. Цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурч, найман настайгаасаа эхлэн дугуйланд хичээллэж иржээ. Тэрээр цаашид оюуны спортоороо үргэлжлүүлэн суралцаж, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа.
Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурвансайхан хэлэхдээ “энэ удаагийн 44 дүгээр олимпиад шатраар багийн спорт амжилттай хөгжих боломжтой гэдгийг харуулсан. Тиймээс цаашид өсвөрийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцож, ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч өгөөч” гэдэг санал хүсэлттэй байгаагаа уламжилж байв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай нэг өрөг шатар нүүлээ.