Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Т.Бадрал: Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэрийг гаргалаа

Огноо:

,

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар Гадаад хэргийн сайдын саналын дагуу тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг УОК-оос өглөө. Замын-Үүдийн хилийн боомтын ажлын эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ. Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй бөгөөд хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийнэ. Мөн ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад нийтдээ 40 хоног тусгаарлагдана. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 06 дугаар сарын 01-нд хүлээж авч, эхний ээлжинд коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарсан. Мөн  энэ сардаа багтаан бүх эрүүл мэнд, УОК-ийн гишүүн байгууллагуудыг оролцуулж “COVID-19” тархсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар  дадлага сургуулийг зохион байгуулна. Түүнчлэн нүүрс экспортод тээвэрлэж байгаа жолоооч 14 хоног ажиллаж 14 хоног амардаг. Ээлж нь дууссан жолооч нарыг тухайн кэмпэд нь тусгаарлах нь зөв гэж шийдсэн. Гадаадаас иргэдээ авах асуудлыг УОК хуралдаж, шийдвэрээ гаргадаг болсон. Өнөөдрийн хувьд БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэр гаргалаа. Гадаадаас ирэх гэсэн хүсэлтэй иргэдийн тоо 8000 хүрсэн байна” гэлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд нэг хүндрэл байна. Тухайлбал, хаяг дээрээ байхгүй тохиолдол гарсан. Бид Иргэний бүртгэлийн ерөнхий газартай хамтарч ажиллаж байгаа. Иргэдийнхээ бүртгэлийг сайжруулж ажиллаж байна. Тусгаарлах байрнаас гараад Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол гарсан. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүст хариуцлага тооцсон.Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлагатай байгаач гэж хэлмээр байна” хэмээлээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Нэгдүгээрт, ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөв.  Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж, ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 аж, ахуйн нэгж хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-аас аваагүй байсан нь тогтоогдсон. Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл “Нахиа импекс”, “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн байна.  Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалтыг эхлүүлээд байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр хуралдах УИХ-ын 2026 оны Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Хуралдаан

10:00

Танхим

Их хуралдай

Хэлэлцэх асуудал

4

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

  • Улсын Их Хурлын асуулгын цаг

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.

Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий.  Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно.  Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.

Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар  нь хөдөө аж ахуй.

Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа  ард түмэн шүүн тунгаана” гэлээ.

21 дэх жилдээ болж буй энэхүү  өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.

“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.

Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж,  хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.

Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.

Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.

Өдгөө:

  • “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,

  • “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,

  • “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,

  • “Бичиг үсгийн боловсролын тухай”,

  • “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.

Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох