Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Баярдаваа: Бодлогын хүү буурснаар банкуудын зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүү буурах өрсөлдөөнийг дэмжинэ

Огноо:

,

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

- Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг дахин буурууллаа. Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье. 

- Гуравдугаар сарын 11-нд мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Үүнээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын хороо дахин хуралдаж, бодлогын хүүг 10 хувиас 9 хувь болгож буурууллаа. Үүний хамгийн гол шалтгаан нь гадаад эдийн засгийн орчин, түүнээс улбаатайгаар дотоод эдийн засаг агших эрсдэл үүссэнтэй холбоотой. Хоёрдугаарт, энэ манай эдийн засгийн гол улиралтай давхцаж байгаа нь ойрхон хугацаанд дараалан шийдвэр гаргах шалтгаан юм. Түүнчлэн хүндрэлд орсон хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах бололцоог шийдвэр гаргалаа. Энэ өрхийн хувьд зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн дарамтыг бууруулах, улмаар хэрэглээний сөрөг шокыг зөөлрүүлэх байдлаар эдийн засгийн эрэлтийг дэмжих зорилготой.

- Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг хямарч, буурч байна шүү дээ. Яг нөхцөл байдлыг төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ?

- Монголбанкны зүгээс 2018 оны сүүлээс эхлээд олон нийт, бизнес эрхлэгчдэд гадаад эдийн засгийн орчин таагүй байх нь гэдгийг анхааруулж байсан. Гэхдээ шалтгаан нь бидний бодсоноос өөр байлаа. Ковид үүсээгүй байсан ч ер нь гадаад орчин муудахаар байсан гэсэн үг. Гэхдээ ийм гүнзгий хүнд биш байх байсан. Ковид-19 вирусээс улбаалсан энэ нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн идэвхжил, худалдаа, санхүүгийн зах зээлд доргио үүсгэж маш гүнзгий уналт, тодорхой бус байдалд хүргэлээ. ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн хандлагын тайлангаас харахад 3 сарын өмнө +3 хувийн өсөлттэй байхаар хүлээгдэж байсан дэлхийн эдийн засгийн өсөлт –3 хувь болж, 6 хувийн өөрчлөлт бий болж байна. Энэтхэг, Хятадыг эс тооцвол дэлхийн эдийн засгийн 2/3-ийг бүрдүүлдэг 10 том эдийн засаг 2020 онд 5-9 хүртэлх хувиар агшихаар байна. Оны эхнээс хөрөнгийн зах зээл дээр үнүүд 20-30 хувиар, таваарын үнүүд дунджаар 20 гаруй хувиар, үүний дотор металлын үнүүд 15 орчим хувиар унаж, эрчимтэй хөгжиж буй орнуудаас валют их хэмжээгээр америк руу шилжиж, тэдгээрийн үндэсний мөнгөн тэмдэгтийн дунджаар ханш 10 гаруй хувиар ам.долларын эсрэг суларч, эрсдлийн үнүүд 3-4 дахин нэмэгдсэн, хөгжиж буй улс орнуудын Засгийн газрын зээлжих хүү 2 дахин өссөн зэрэг нөхцөл байдал үүсээд байна.

- Хэдий хэр хугацаанд вэ?

- Одоогийн нөхцөл байдлаас харахад сайнаар бодоход энэ оны 2-р хагаст сэргэлт эхлэх нэгмдэл таамаглалтай. Гэхдээ энэ хямрал нь өмнөх хямралуудаас шалтгаан, үр дагавар, хямралаас гарах жор нь ялгаатай болохоор тааварлахад маш хэцүү. Эдийн засгийн бус шалтгаанаас хамааралтай. Тэр вирус, түүний тархалт, түүнийг эмчилэх хяналтандаа оруулж чадах эсэхээс сэргэлт хамаарна. Аль ч улс хичнээн мөнгө нийлүүлээд хөл хорио бүрэн тавигдаагүй бол, тавигдсан ч хүмүүсийн айдас болгоомжлол арилаагүй тохиолдолд эдийн засгийн бодлогын үр нөлөө сул байх болно. Тухайлбал, 2008/09 оны хямрал бол санхүүгийн зах зээлээс улбаалан эрэлтийг агшаасан хямрал байсан.  Энэ удаагийнх бол өвчний нөхцөл байдлаас үүдэлтэй хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ үлдсэнээр эдийн засгийн идэвхжил, үйл ажиллагаа зогсож байгаа. Энэ нь эрэлтийг эрс бууруулж, улмаар нийлүүлэлтийн суваг тасарсан. Түүнчлэн, санхүүгийн зах зээл дээр 2008, 2009 оных шиг хүчтэй доргио үүсч, хөрөнгийн үнэ цэнүүд унасан.

- Гуравдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 10 хувь болгосон. Тодорхой хугацааны дараа буюу өнгөрсөн даваа гарагт дахин 1 нэгж хувиар буурууллаа. Тэгэхээр өмнөх удаагийн 1 хувийн бууралт хангалтгүй байсан уу?

- Бодлогын хүүгийн бууралтын үр дүн 14 хоног эсвэл нэг сарын дотор гарахгүй. Яагаад гэвэл бид зах зээлийн харилцаанд амьдарч, бизнес хийж байгаа. Тэгэхээр бизнесийн харилцаанд өөрчлөлт гарч байж, үр дүн нь гарна. Бид яагаад гуравдугаар сараас хойш дахиад нэг сарын дараа бодлогын хүүг бууруулсан бэ гэхээр эдийн засгийн төлөв байдлын муу нөхцөл байдал нь хүлээснээс давж байна. Өөрөөр хэлбэл, 2, 3 дугаар сарын төлөвт үндэслэн эдийн засгийн өсөлтийг 2020 онд 4 орчим хувь буюу 2-р улирлаас байдал сайжирахаар хүлээж байсан. Хятадын хувьд таамаглал биелсэн боловч Европ, Америкийн  нөхцөл байдал муугаар эргэсэн. Шинэчилсэн нөхцлөөр бол хоёрдугаар улирлыг дуустал дэлхий нийтэд энэ вирусийн нөхцөл байдал хүнд хэвээр байх нь. Америк, Европ хоёр улс сайнаар бодоход хоёрдугаар улиралдаа багтаад вирусийн тархалтыг хяналтандаа авсанаар гадаад орчиныг даган дотоод орчин сүүлийн хагаст сэргэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сэргэлтийг 1 улирлаар хойшлуулсанаар эхний хагас бүхэлдээ ЭЗӨ хасах байж, сүүлийн хагаст сайжирах ч эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь болгож буурууллаа. Бодлогын хүүнээс гадна Монголбанкнаас заавал байлгах нөөц, банкуудад олгож байгаа санхүүжилтийн хүү, банкуудын төв банк дахь хадгаламжийн хүүг бууруулахын зэрэгцээ хэрэглээний болон бизнесийн зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжийг арилжааны банкуудад олгож байна. 

- Бодлогын хүү буурсанаар зээлийн хүү буурах уу?  

- Бодлогын хүү гэдэг Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулсаны зорилго нь бизнесийн идэвхжлийн хаврын улиралд зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм. Банкууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурай гүйцэтгэхийн тулд төв банкинд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог.  Нөгөө талд нь банк эх үүсвэрээ зээлд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар зээлийн дундаж хүү 17 хувь байна. Түүнчлэн банкууд 12-13 хувиар хадгаламж татаад, 9 хувийн хүүтэй Төв банкны үнэт цаасанд байршуулах нь алдагдалтай. Бас бодлогын хүү буурснаар зээл олгоогүй алдагдсан боломжийн өртөг нэмэгдэж байна. Зээл олгохгүй бол 9% дээр нөөцөө байршуулна гэсэн үг. Иймд бодлогын хүү 11%-иас 9% болж буурсан нь банкуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахыг шахаж байгаа юм. Түүнчлэн бодлогын хүү буурснаар нөөц дутагдах үед Төв банкнаас банкуудын авдаг санхүүжилтийн хүү дагаж буурдаг. Энэ хүү 13%-иас 10% болж буураад байна.

- Бодлогын хүү бууруулсанаар өөр ямар боломжууд бий болох вэ?

- Бодлогын хүү буурч зээл олгоогүй алдагдсан боломжийн зардал өсч байгаа нь зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөнийг ширүүсүүлнэ. Энэ өрсөлдөөн нь зээлийн хүү, зээлийн хуагцаа, үнэлгээ, барьцаа хөрөнгө, санхүүгийн зөвлөгөө гэх мэт олон янзаар илэрнэ. Энэ зээлдэгчидэд илүү таатай нөхцөлийг бий болгоно. Өнөөгийн орчинд зээлдэгчийн сууриа тэлж чадсан банк түр зуурын шинжтэй энэ хямралт нөхцөл байдал арилахад илүү хурдан өсөх бололцоог олж авах тул сайн зээлдэгчийн төлөөх банкуудын өрсөлдөөн ширүүн байх болно. Мэдээж энэ нь тухайн банкны санхүүгийн чадавхиас бас хамаарна. Урт хугацааг харж, харьцангуй тогтвортой байдлыг эрхэмлэдэг банкуудын давуу тал өдийд илрэх боломжтой. 

Үүсээд байгаа нөхцөл байдалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд аль аль талдаа дэмжлэг болж чадаж байна гэж харж байгаа юу?

Бид нэг талаас банкуудыг санхүүгийн механизмаар маш хүчтэй шахаж байгаа. Эдийн засгийн хувьд тодорхой бус нөхцөл байдал үүссэн байгаа үед зээл олгохыг шахаж байгаа гэдэг нь тэднийг тодорхой хэмжээнд эрсдэл үүрэхийг шаардаж байна гэсэн үг. Нөгөө талдаа шинэ зээл гаргахдаа банкууд хөшүүн байж болох талтай тул зээлийг банкинд эргүүлэн татагдахаас илүү зээлдэгчийн гар дээр нь үлдээх зорилгоор эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээг макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа сайжруулах зорилгоор Төв банкнаас зээл авах нөхцөл үүсвэл энэ хэрэгцээг илүү хямдаар хангах үүднээс санхүүжилтийн хүүгээ 13% байсныг 10% болгож бууруулаад байна. Банкинд зээл олгох барьцаа хөрөнгийн жагсаалтыг ч бас нэмэгдүүлсэн.

Банкуудад одоо байгаа зээлийнхээ хугацааг 12 сараар сунгах болсон үндэслэл юу вэ?

Өмнө нь дурьдсан дээр нэмж тодруулъя. Хямралын үед, эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал бий болсон үед бидний хэллэгээр эдийн засагт “Зээлийн тасалдал” бий болдог. Нэг ёсондоо санхүүгийн байгууллага өөрийнхөө үүрэх эрсдэлийг бага байлгахыг зорьдог. Харилцагчийн хадгаламжийг татаад, зээл болгож байгаа учраас харилцагчийн мөнгийг эрсдэлгүй байлгахын тулд зээлээ эрсдэлгүй байлгах ёстой. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс зээл гаргах шалгууруудаа чангатгаад, зээл олголтоо эрс багасгадаг. Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэл байгаа учраас банкны зээл рүү татагдаад байгаа мөнгөн хөрөнгийг аль болох эдийн засагт нь үлдээх бодлогын арга хэмжээ авч байгаа юм. Гуравдугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр ярьсны дагуу бизнесийн болон хэрэглээний зээлийг 3 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Үүнээс хойш арилжааны банкуудад дөрөвдүгээр сарын эхээр авсан мэдээгээр 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бүтцэд өөрчлөлт орсон байна.

Хугацаа сунгаж байгаа нь мэдээж тодорхой хэмжээнд эргэн төлөлт нь хүндэрч байгаа зээлүүдэд хамаарах байх? Зээлдэгч энэ боломжийг яаж ашиглах вэ? Яаж хэрэгжих вэ?

Хүндрэлд орсон зээл хамаарна. Зээлдэгч аль болох эрт банкиндаа хүсэлтээ гаргах ёстой. Ажилгүй болсон, ажлын цаг багассан, эсвэл гэр бүлийн гишүүн ажилгүй болсон гэх зэрэг мэдээллээ арилжааны банкиндаа өгнө. Ингэснээр зээлдэгч Монголбанкнаас олгож байгаа хугацаанд харьцангуй зээлийн дарамт багатай байх боломж бүрдэнэ. Хэрэгжилтийн хувьд энэ маш том ажил болно. Тухайлбал, зээлдэгчийн тоо 1.2 сая байхын зэрэгцээ олон хүн цуглуулахгүй байх, цахим хэлбэрээр зохион байгуулах гээд банкууд дээр ачаалал их байгаа.

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад Монголбанк тодорхой хэмжээний арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргаж байна. Цаашид юун дээр анхаарах вэ?

Нэгд, тодорхой бус байдал өндөр байгаа тул эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг аль болох хэмнэх, хамгаалах шаардлагатай. Хоёрт, манай эдийн засгийн дотоод идэвхжилийг эцэстээ гадаад урсгал тодорхойлох учраас гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, тухайлбал экспортоо сэргээх, 1-р улиралд алдсан экспортоо нөхөх. Гуравт, хөрш орнууд, донорууд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа харилцаагаа эрчимжүүлэх. Дөрөвт, ААН, өрхийг дампуурал хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд бий болгосон бодлогын зарчмуудаа хадгалж хамгаалах, зах зээлийн үндсэн зарчмуудаа хадгалах нь чухал гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

П.Сайнзориг: Нийслэлийн ирэх жилийн төсөв дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглэсэн

Огноо:

,

Нийслэлийн 2024 оны төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийслэлийн 2024 оны төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх суурь дэд бүтцийг байгуулахаар тусгасан. Тухайлбал, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нэгдүгээрт эрэмбэлнэ. Хоёрдугаарт, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогын хүрээнд метроны ТЭЗҮ-ийн зураг төсөл, менежментийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ оны төсвийн тодотголоор 28 тэрбум орчим төгрөг шийдсэн бол ирэх 2024 онд 91 тэрбум орчим төгрөг төсөвлөлөө. Түүнчлэн 42 сургуулийн цайны газрын тохижилт, засварт мөнгө тусгасан.

-Түгжрэлийн бууруулах хүрээнд хэдэн төгрөг тавьж, ямар ажлууд хийх вэ?

-Метроны зөвлөх үйлчилгээний болон ТЭЗҮ, зураг төслийн сонгон шалгаруулалтыг хийснээр ямар өртгөөр метроны нэгдүгээр шугамыг тавих вэ гэдэг шийдэгдэнэ. Үүнд Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгийн баталгаа гаргаж байж дараагийн сонгон шалгаруулалтыг хийх юм. Нийслэлийн гол магистраль замыг өргөтгөж, гэр хорооллын замуудыг холбон хатуу хучилттай зам тавих зэрэгт 77.4 тэрбум төгрөгийг  тусгасан. Ирэх жилийн төсөв нийслэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглэсэн. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадвал 20-25 мянган ажлын байр шинээр бий болгох төсөөлөлтэй байгаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд гүйцэтгэл 70 орчим хувьтай байгаа бүх ажлыг дуусгана. Түүнчлэн Улаанбаатар хотыг бүхэлд нь камержуулахад 80 тэрбум төгрөг тусгасан.

-Нийслэл хотын албан татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлсэн хууль, эрх зүйн үндэслэл юу вэ?

-2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, нэг хувь байгаа татварыг хоёр хувь болгохыг НИТХ шийдэхээр тусгасан. Хотын албан татварыг архи, тамхины жижиглэн худалдаа гэсэн хоёр төрлийн бараа, зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын газар болон авто үйлчилгээ үзүүлэгч гэсэн зургаан төрлийн үйлчилгээ эрхлэгчээс авдаг. Хотын татвараас  16 тэрбум төгрөг төвлөрдөг. Нэмэгдүүлснээр 32 тэрбумын орлого бүрдэх бөгөөд үүнийг дэд бүтэц, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулна. Мөн явган хүний зам, дугуйн замыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, Нарны хорооллыг Нарны замтай холбосон явган хүний гүүрэн байгууламж байгуулахаар болсон. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 30 орчим хувиар, түгжрэлийг мөн хувиар бууруулах зорилт тавьж байна.

Үерийн байгууламжийг нэмэгдүүлэхэд 24 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөлөө. Үерийн байгууламжийг зөвхөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй. Иймээс олон улсын байгууллагуудтай ярилцаж байна. Улаанбаатар хотын инженерийн байгууламжийн 70 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Мөн эдгээрийн ашиглалт, хамгаалалт байгууллагуудын уялдаа холбоогүйгээс дунд нь орхигдож, хариуцах эзэнгүй болсон. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд гарч, Засгийн газарт танилцуулж, эдгээрийг иж бүрнээр нь шийднэ.

-Метроны ТЭЗҮ-ийг 2009, 2016 онд хийж байсан юм билээ. Түүнийг ашиглаж болохгүй юу?

-Эдгээр нь урьдчилсан ТЭЗҮ бөгөөд үүнээс хойш Улаанбаатар хотын нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн. Метроны менежментийн зөвлөх үйлчилгээ, мөн зураг төслийг хийх гэсэн хоёр багц ажил бий. Үүнд маш олон судалгаа хийгддэг. Геологийн, усны хайгуулын өрөмдлөгүүд хийнэ. Энэ ТЭЗҮ, зураг төсөл зөв гарч байж зөв хөрөнгө оруулалт босгоно, өртөг, зардлаа шийднэ. Хөрөнгө оруулалт бүтэлгүйтэх шалтгаан нь бэлтгэл үе шат болох зураг төслөө хийдэггүй, хэт төсөөллийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулдагтай холбоотой. Хэрэгжүүлье гэхээр барилгын зураг төсөл гэх мэт бичиг баримт нь байхгүй байдаг.

-37 тэрбумаар цахилгаан халаагуур тараана гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хороолол дахь 5000  байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараах юм. Ингэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд тараахаар ярьж байгаа. Мөн давхар шаталттай зуухыг судалж байна. Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо бий. Холбогдох байгууллагуудын дүгнэлт зуухны чанар, утаа их ялгаруулсан гэж гардаг. Иймээс өмнөх алдааг давтахгүйн тулд энэ асуудлыг судалж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байна. Үүний цаана хүний амины асуудал бий. Утааг бууруулах дунд хугацааны бодлого бол орон сууцжуулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Бат-Орших: МҮОНР-гийн “Алтан төлийн эзэн” шагналд бэлчээрийн даацын асуудлыг тусгана

Огноо:

,

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио”-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын түүх 1978 оноос эхтэй.

“Энгэрийн яргуй цасан доор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангинана” гэх

дуу шигээ малчин түмэндээ хоногшиж, хүндлэгдсэн энэ шагнал 2024 онд 46 дахь жилдээ олгогдох юм. Мал сүргээ өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд анх санаачлагдаж байсан энэ шагнал улс орон болон дэлхий нийтэд тулгамдаж асуудлыг бодлогодоо тусгаж, цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байна.

1978 онд Монгол Улс 24.0 сая орчим толгой малтай байсан. Харин 2022 оны жилийн эцсийн тооллогоор 71.1 саяд хүрсэн. Мал сүргийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт гарж байвч нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрч, сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. “МҮОНРТ тогтвортой хөгжлийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн нэг улсын биш, дэлхий нийтийн асуудал. Энэ тал дээр эерэг, зөв өөрчлөлтийг бий болгох нь манай байгууллагын үүрэг, олон нийтийн эрх ашиг мөн гэж бид үздэг” гэж МҮОНР-гийн захирал Д.Бат-Орших ярьсан юм.

Энэ зарчим “Алтан төлийн эзэн” шагналд ч тусгалаа олж байгаа аж. Тогтвортой хөгжлийн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах 13 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын хувьд тулгамдаад буй томоохон асуудал бол бэлчээрийн даац юм. Тэгвэл сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, мал сүргийн чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулсан, шинэ залуу малчин бэлтгэж, малжуулсан зэрэг өмнөх шаардлагуудаас гадна мал сүргээ бэлчээрийн даацад тохируулсан малчин цаашид “Алтан төлийн эзэн” болно гэдгийг Д.Бат-Орших захирал онцолж байлаа. “Энэ бодлогыг бид үе шаттайгаар тусгаад явна. Эхний шатанд орсон өөрчлөлтүүдийг бид 2024 он гараад шагналынхаа журамтай хамт танилцуулна" хэмээн тэрбээр хэлсэн юм.

Тогтвортой хөгжлийн зарчмууд энэ шагналд тусгалаа олж буй анхны тохиолдол энэ биш юм. Мал аж ахуй бол хамтын хөдөлмөр. Гэтэл ямар нэг шагнал болоход голдуу өрхийн тэргүүн гэдгээрээ гэрийн эзэн нь шагнуулаад өнгөрдөг тухай шүүмжлэлийг тэртээ 1956 онд зохиолч Ш.Гаадамба “Элбэг дээл” өгүүллэгтээ ч дурдсан байдаг. Харин 2022 оноос МҮОНРТ, Жендерийн Үндэсний Хороо хамтран “Алтан төлийн эзэн” тэмдгийг өрхийн эхнэр, нөхөрт хоёуланд нь гардуулдаг болсон юм.

Ер нь малын тоог өсгөхгүйгээр малчид орлогоо өсгөж болох уу? Болно гэдгийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” (АДАПТ) төслийн хүрээнд хийсэн судалгаа харуулж байна. Энэ утгаараа Д.Бат-Орших захирал “Малчин гэхээр орлого багатай, мэдээллээс хоцрогдмол байсан үе нэгэнт ард хоцорсон. Нүүдлийн уламжлалт соёл, ахуйг тээж яваа гэдгээрээ малчид маань одоо өрхийн орлогоо улам нэмэгдүүлэх замаар улс орон, дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах боломжтой. "МҮОНРТ-ийн "Алтан төлийн эзэн" шагналаар бид энэ нөлөөллийг бий болгохыг зорьж байна. Энэ зорилго, үзэл санааны төлөө хамтран ажиллахад бид нээлттэй" гэдгээ илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

Огноо:

,

Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр байна вэ?

-Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн үг. Энэ нь өмнөх долоо хоногоос бага зэргийн бууралттай, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 орчим хувиар буурсан үзүүлэлт.

-Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Эмнэлгийн ор хүрэлцээтэй байгаа юу?

-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Нийт 2000 орчим ор дэлгэх боломжтой.

-Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор хэдэн иргэн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 1067 ор дэлгэгдсэн. Орны дүүргэлт 95 хувьтай байна.

-БНХАУ-д уушгины хатгалгаа нэмэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-БНХАУ-ын хойд хэсгийн бүсэд томуугийн өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болж байгаа мэдээлэл гарсан. Энэ дагуу ДЭМБ-аас Хятадын талд асуулга тавихад “Ямар нэгэн шинэ үүсгэгч биш. Томуугийн үүсгэгчүүд багц хэлбэрээр өвчлөл үүсгэж, энэ нь уушгины хатгалгаанд хүргэж байгаа” гэх мэдээлэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ мэдээлэл хийсэн. ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд томуугийн тандалт судалгаа хийдэг бөгөөд долоо хоног бүр тандалтын дүнгээ гаргадаг. Цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарал, халамж сайн тавьж, дулаан хувцаслахаас гадна хоол унданд нь анхаарч, олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших шаардлагатай. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гэртээ нойтон цэвэрлэгээг тогтмол хийж, гараа байнга угаах, олон хүн цугласан газар хүүхдээ дагуулж явахгүй байх гэх мэтээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.

-Томуугийн дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?

-Хоёр төрлийн дархлаажуулалт бий. Сайн дурын дархлаажуулалтаар 17 мянга гаруй тун вакциныг хийсэн. Зорилтот бүлгийн буюу бага насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажиллагсдад үнэгүй дархлаажуулалтад хамруулдаг. Энэ дархлаажуулалт 90 орчим хувьтай байна. Нийт 130 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагдсан.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2023/12/08

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиол...

Улстөр нийгэм2023/12/08

Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай...

Улстөр нийгэм2023/12/08

Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав...

Цаг үе2023/12/08

Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хя...

Цаг үе2023/12/08

Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгуу...

Улстөр нийгэм2023/12/08

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоов

Улстөр нийгэм2023/12/08

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хороол...

Улстөр нийгэм2023/12/08

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-и...

Шударга мэдээ2023/12/08

“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зү...

Цаг үе2023/12/08

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ

Санал болгох