Шударга мэдээ
Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгов

Засгийн газар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны Даваа гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.
Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм.
Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Шударга мэдээ
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэрийг гаргажээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр болж, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ.
Үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлөв.
Шударга мэдээ
АТГ: Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 52 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 701 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Улс, орон нутаг хооронд авто замаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагууд нь Дорноговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Сум дундын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгч, жин хэтэрсэн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр нэвтрүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
Шударга мэдээ
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна
Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын угсралтаас гадна үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулж байгаа юм.
Олимпын гүүрийг барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Энэ хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд нийт ажлын явц 95 хувьтай байна.