Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар салхи шуургатай байна.
2020 оны 5 дугаар сарын 4-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 8-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Цаг үе
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа
"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах” “Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг Монгол Улсад “Аппликейшн”, “Сайт”, “Цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлж, арилжааны банкны 1422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалт хийлгэж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд 1015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй нийт 2,526 линк, домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс 1221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1305 буюу 51,7 хувь нь хүлээлгийн горимд байна.
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
