Цаг үе
“Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж.

“Энэрэл” төвд одоогийн байдлаар оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай гэх оноштой 24 хүүхэд явж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон хөдөлгөөний засал, сургалтууд явагддагаас гадна хүүхдүүдээ харж буй эцэг эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодгоороо онцлог. Тус төв нь хажуудаа “Ханни” чихмэл тоглоомын үйлдвэртэй бөгөөд хүүхдүүдийнхээ ээжүүдийг ажилладаг байна. Ээжүүдийн урласан тоглоомыг борлуулж олсон ашиг төвийн үйл ажиллагаанд чамгүй их нэрэм болдог хэмээн “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн тэргүүн Т.Туяажаргал хэлж байв.

Тэрбээр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв өнөөдрийг хүртэл статусгүй явж байгаа. Ямар нэгэн стандарт журам байхгүй үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрөөс санхүүжилт авахгүйгээр хүүхдүүдийн багахан хэмжээний төлбөр, ээжүүдийн урласан чихмэл тоглоомоосоо санхүүжилтээ зохицуулдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй учраас Төр захиргааны байгууллагын харьяа болох эсхүл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Тусгай сургуульд бүртгэлтэй боловч байнгын асаргаатай учраас хичээлдээ явж чаддаггүй маш олон хүүхдүүд гэртээ байна.
Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байхгүй аль болох өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг хийлгэж, хөгжүүлэх сонирхолтой.Бид адилхан зовлонтой эцэг эхчүүд учраас үр хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж явна” гэсээр төвийнхөө үйл ажиллагааг болон чихмэл тоглоомын үйлдвэрээ танилцуулсан юм. Мөн тэрбээр хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудал эмийн хэрэгцээ дутмаг байгааг хэллээ. Монгол улсад бүртгэлтэй 5 төрлийн эм эмийн хэрэглээ байдаг боловч хүүхдүүдийн биеийн онцлогоос хамаараад таарахгүй байх тохиолдол их байдаг гэнэ.Коронавирусийн халдвараас үүдэж хил хаасантай холбогдуулан гадаадаас захиж авчирдаг эм тасарснаас үүдэж зарим хүүхдүүдийн өвчин хүндэрсэн учраас Энэрэл төвийн хамт олон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамд удаа дараалан хандаж хүсэлт өгсөн ч амжилт олоогүй талаараа мөн дуулгаж байв.

“Энэрэл” хүүхэд хөгжлийн дэргэдэх “Ханни” чихмэл тоглоомын төвд ээжүүд бүх төрлийн зөөлөн тоглоомуудыг урладаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн захиалгаар 100 ширхэг чихмэл туулай урлаж байв. Энд чихмэл тоглоом урлахаас гадна амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор бүх төрлийн гар эсгүүрийг хийдэг байна.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдийн аавууд нэгдэн “Ирээдүй төв” Төрийн бус байгууллагыг нээж өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг талаараа дууллгалаа. “Ирээдүй төв” ТББ-ын гишүүн хуулийн зөвлөх Ж.Ганболд “Бид өнөөдрийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаж ажиллаж байна.Энэ үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад маш хүндрэлтэй асуудлууд их.Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлсан хөгжлийн төвүүдийг дүүрэг бүрт нээж өгөх, дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатай байна. Тусгай сургууль 4, 2 цэцэрлэг байгаа боловч бүтэн цагийн, ганцаарчилсан болон бүлгийн тогтмол хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд биеэрээ мэдэрч байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгаад цаашид тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгох асуудлуудыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар боллоо.

Мөн 9 дүүргийн хэмжээнд хүүхэд хөгжлийн төвийг нээх асуудлыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөөлүүдэд судалж шийдвэрлэхийг үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зөвлөлийг хуралдуулж эрх зүйн орчинг сайжруулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр анхаарч ажиллана” хэмээлээ.
Цаг үе
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.
“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.
Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Цаг үе
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
2026-2027 оны хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэх орчимд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Тус бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Шунхлайн шандас” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Улсын комисс ажиллуулахад бэлтгэж байна.






Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 6 хэмаар дулаарч, 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 27-ноос
2026 оны наймдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
