Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Х.Мандахбаяр: Надад УНАХ, УХРАХ эрх байхгүй

Огноо:

,

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр “80 дугаар микрофон” нэвтрүүлгийн анхны зочноор уригдан оролцлоо. Нэвтрүүлгийг сэтгүүлч М.Батбилэг хөтлөн явуулсан бөгөөд  уг ярилцлагыг тоймлон хүргэж байна


-80 дугаарын микрофон бол олон нийтийг төлөөлж тэдний байр суурийг илэрхийлэх нэвтрүүлэг юм. Үүний анхны зочноор “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Хархүүгийн Мандахбаярыг урилаа. Та хаана төрсөн билээ?

-Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн хүн. Аав Ханхонгор, ээж Баяндалай сумынх. Тэгээд цаашаа нүүсэн дээ, Ханбогдод амьдарсан. Манай аав яруу найрагч, дээрээс нь 28 жил багшилсан багш хүн. Тэр үед чинь томилолт өгөөд л явуулдаг байсан шүү дээ. Би эхээс тавуулаа. Дээрээ нэг эгчтэй, дороо гурван дүүтэй. Айлын том хүү. Айлынхаа бол хоёр дахь нь. 

-Хэвлэл, мэдээллийн салбар бусад салбараас сэтгэл зүйн их хат шаарддагаараа онцлог байдаг?

-Бидний ажил их онцлог. Сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд зайлшгүй баримтын араас хөөцөлддөг. Нийгэмд болохгүй байгаа асуудлыг гаргаж тавьдаг. Өөрөөрөө золиос хийгээд ч болтугай энэ нийгмээ засахын төлөө явах ёстой.

-МСНЭ-ийн тэргүүн байхдаа энэ чиглэлд юу хийв?

-Би бол менежмент, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, салбарын бүтэц, зохион байгуулалт талаас нь дэвшил хийе гэж ажилласан. Тэгэхдээ МСНЭ-ийн ерөнхийлөгч болохоороо бүх юмыг шийдчихдэг, бүгд гарт баригдаж, нүдэнд харагдахаар байна гэж тооцсон маань алдаа байсан. “Ямар янзын амьтан тавьчихав аа, гарч ирээд л мөнгө яриад байдаг” гэх шиг. Мөнгө нь юу байсан бэ гэхээр 16 давхар, 10 мянган м/кв “Сэтгүүлч ордон” барина. Хоёрдугаарт, 1000 сэтгүүлчийн орон сууц барина. Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийднэ. Энэ салбарыг тогтмол санхүүжилттэй болгоно гэсэн. Ямар ч гэсэн “Сэтгүүлч ордон”-ыхоо газрыг шийдсэн.

-Салбарын тэргүүн маань тэмцэгч болоод явчихсан. Энэ тэмцэл Тост, Тосон бумбаас эхэлдэг. Тост, Тосон бумбын нурууг үндсэнд нь тэр чигт нь төрийн тусгай хамгаалалтад авлаа. Та ер нь хэн бэ?

-Би уг нь 2002 онд математикч, эдийн засагчаар төгссөн хүн. 2019 онд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Сэтгүүлч гэдэг мэргэжлийг мэргэшлээр олж авсан. 1998 оноос эхлээд сурвалжлагчаар ажилд ороод 2002 онд “Зиндаа” сониноо байгуулаад, 2017 оноос “Эрхэт Монгол” медиа групп болсон. Би хэвлэл, мэдээллийн салбарт өөрийгөө мэргэшлээрээ, амьдралын туршлага, энэ салбарт, энэ ажилд хайртай, дуртайн хувьд олж авсан. Та намайг тэмцэгч гэж харж байгаа юм байна. Би энэ тэмцлийг сэтгүүлчийн буянд хийсэн хүн. Ерөөсөө тэмцэгч юм уу, сэтгүүлч болоод төрчихсөн хүн биш. Би сэтгүүлчийн гэр бүлд, яруу найрагчийн гэр бүлд төрсөн. Тэр нь надад ойрхон. Сэтгүүлчид янз бүрийн байдлаар шүүмжлэлтэй ханддаг. “Мандахбаяр гэдэг хүн салбарын ажлаа хаяад уул уурхайтай тэмцээд явчихлаа“ гэдэг. Би тэмцэх ёстой шүү дээ. Яг эх нутгаа хамгаалах гээд эхлээд сэтгүүлчийнхээ хувьд энэ тэмцэлд орсон. 2017 оны дөрөвдүгээр сард Тосон бумбаас сурвалжлага хийхэд тагнуулынхан бариад хорьчихсон. Тэр үед телевизээр цацах боломжгүй байлаа шүү дээ. Миний хийсэн сурвалжлагыг мөнгө төлье гэхэд цацахгүй байлаа.”Тосон бумбын нулимс” гэдэг гурван цуврал нэвтрүүлэг хийгээд, тагнуулд баригдаад, гурван хоног Ганц худагт хоригдож, хоёр сар шалгагдаад тэр хэрэг хэрэгсэхгүй болсон. Надад ямар ч хамааралгүй хэргээр хэрэг үүсгэсэн. Тэр намайг хурцалсан. “Тэгвэл би илүү хэрсүү байх ёстой юм байна. Зохион байгуулалтад орох ёстой. Шийдэл олох ёстой юм байна” гэж бодсон. Тэгээд би иргэний нийгмийн байгууллагуудтай нийлж тэмцсэн. Өөрөөр хэлбэл, энэ тэмцлийн төлөө явж байгаа хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалт, менеж­ментэд оруулсан. Энэ бол ялалтын үндэс байсан гэж боддог.

-Тост, Тосон бумбын төлөө тэмцэхдээ та тэнд байсан компанитай тэмцсэн юм уу?

-Би бол компанитай биш, асуудалтай тэмцсэн. Жишиг шийдэл гаргуулахын төлөө жишиг тэмцэл хийсэн. Шийдвэр гарах нь тодорхой гэдгийг би олж харсан. Тост, Тосон бумбад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан Б.Чойжилсүрэн гишүүний нэр холбогддог “Сауд гоби коал транс” гэдэг компани түмэн янзын хууль зөрччихсөн. Энэ компанийн лиценз “Айвенхоу Майнз”-ийн хорчин Боб хочит Фрийдландаас эхтэй шүү дээ. Тэр хүний түүж авсан олон лицензийн нэг салаа мөчир нь энд явж байгаа юм. Жастин Капла гэдэг нөхөр хожим холбогдож ирдэг лиценз. Яг энэ дээр төрийн шийдвэр гарч чадахгүй бол миний хувьд, иргэний хувьд, сэтгүүлчийн хувьд дүгнэхэд итгэл найдлага үлдээгүй юм байна гэж бодсон.

Би юунд итгэж байсан бэ гэхээр хууль зөрчсөн маш тодорхой үйлдлүүд байна. Хамгийн муу жишиг тэнд байна. Үүнийг шийдүүлж чадах юм бол хариуцлагагүй уул уурхай гэдэг зүйлд Монгол даяар доргио үүснэ. Т.Лхагвасүмбэрэл гэж сайхан залуу амиа алдсан. Би энэ тэмцлийн араас сэтгүүлчийн ажлаа хийгээд явж байхдаа энэ бол аллага байжээ гэж хатуу итгэж үнэмшсэн хүн. Тийм учраас энэ залуугийн амийг төрөөс дахиж нэхэх ёстой гээд ҮАБЗ, Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газарт хандсан.  Яг үнэндээ энэ хүнийг хоёр удаа алсан. Эхлээд эх орон, газар шорооныхоо төлөө, ховор ан амьтныг хамгаалахын төлөө явсан эх орончийн алтан амийг бүрэлгэсэн. Дараа нь нэр хүндийг нь, нэр төрийг нь, итгэл үнэмшлийг нь, энэ хүнд итгэсэн монголчуудын, олон зуун хүний итгэл үнэмшлийг, байгаль хамгаалах, эх орноо хамгаалах үзэл санааг үгүй хийж байгаа. Захиалагчтай, гүйцэтгэгчтэй тодорхой хэрэг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нэгэн цагт мэдэгдэж байсан.

ТББ-ууд энэ хэргийн талаар гомдол гаргаж байгаа. Гэтэл “Үүнийг та нэхэмжлэх эрхгүй байна” гэсэн хариу ирсэн. Бид зогсохгүй. Тийм юм бол бид яг хуулийн шаардлагыг нь хангаж энэ залуугийн амийг Монголын төрөөс, тэр алуурчдаас нэхэх болно. Жишээ нь, тэр Тосон бумбад байсан компанийн асуудал шийдэгдэхээр яаж байгаа вэ. Араас нь Ноён уул, Архангайн Цэнхэр чөлөөлөгдөж байна. Өмнөговьд найман компанийн 11 лиценз чөлөөлөгдөж байна. Хууль бус л байсан байхгүй юү. Бид хуульгүй, дүрэмгүй амьдраад ирсэн. Яг үүний жишээ бол Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг. Тэр залуу амь үрэгдсэн явдал олон тэмцэгч, олон иргэдийн зүрхэнд амь настай нь холбоотой цохилт болж ирж байна. Ядаж өөрөө айхгүй ч гэр бүл нь анхааруулна биз дээ. “Боль, үүний араас явж байгаад амиа алдах вий. Ирвэс хамгаалагч залуу шиг болох вий” гэдэг коммент, мессеж надад ямар олон ирж байна. Ийм айдас бий болгосон байна. Энэ бол эх оронч үзлийг нухчин дарж байгаа, байгаль хамгаалах үйлсийг нухчин дарж байгаа явуулга.

-Ноён уулын тэмцэл таны мэр­гэжлийн сэтгүүлчийн хувьд явж ирсний ялалт мөн үү?

-Ноён уул дээр Монголын ард түмэн ялсан. Монголын төр ялсан.Иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хэчнээн жилийн туршид Монголын шүүхтэй үзэв ээ. Монголын тэр хонгилын гэдэг юм уу, 60 тэрбумын гэдэг юм уу, энэ тогтолцоотой үзлээ шүү дээ.

-Энэ тэмцэл хаана хүрэх юм. Эсвэл уурхайг бүгдийг нь хаах уу?

-Наадах чинь нийгэмд үүсч байгаа болгоомжлол мөн. Гэхдээ үүнээс илүүтэй нөгөө талаас асуудлыг муухай харагдуулах гэсэн арга заль мөн. Хоёр талтай юм. Бид хариуцлагагүй уул уурхайг хааж, хариуцлагатай болгох тэмцэл хийсэн хүмүүс болохоос биш, бүх уурхайг хаая гээгүй. Бид "Тавантолгой"-гоо дэмжих ёстой. Гэхдээ үр ашиг нь илүү тодорхой бай. Авлигагүй, ашиг сонирхолгүй бай. "Оюутолгой"-гоо бид дэмжих ёстой. "Эрдэнэт"-ээ дэмжих ёстой. Нарийнсухайтын нүүрсний бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгааг дэмжих ёстой. Салхитын мөнгөний ордоо ашиглах ёстой. Гэхдээ хуулийн дагуу, авлигагүй, ард түмэндээ ээлтэй байдаг, айлын хаалгаар тэр мөнгө нь давж ордог байя л даа. 30 жил явсан үйл явцын ард эргээд харсан чинь бидний уул уурхайд барьсан төрийн бодлого буруу байжээ. Үүнийг бид засахын төлөө явж байгаа. Энэ тэмцлийн эцсийн үзүүр энэ дээр очих ёстой. Бодлогын шинэчлэл хийх ёстой. Эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Эргүүлээд энэ мөнгө Монгол хүний халаас руу, Монгол айлын хаалгаар давдаг болох хэрэгтэй. Энэ улсын хамгийн том эдийн засаг нь уул уурхай байна. Бид уул уурхайгаа дэмжиж хөгжүүлэх ёстой. Гэхдээ хуулиудынхаа уялдаа холбоо, төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, энэ бүхнийг сайжруулж,  бодлогын шинэчлэлт хийхгүйгээр энэ бүхэн явахгүй юм байна гэсэн бодолтой хүн. Үүнийг хийлгэхийн төлөө сэтгүүлчийн тэмцэл явж байгаа. Энэ цаашдаа дахиад үргэлжилнэ. Нэг зүйлийг би ялангуяа залуучуудад захиж хэлэхийг хүсэж байгаа юм. Ер нь өрийг төлж дуусгадаг юм. Өрөөс зугатаж, өрийг луйвардаж дуусгадаггүй. Чи эцсийн зоосыг өгсөн үедээ л өрийг дарна. Тэр өрийг төлж л давдаг. Яг үүнийг одоо уул уурхай руу хариуцлагагүйгээр, увайгүйгээр дайрч байгаа хүмүүс бодох хэрэгтэй. Та нар энэ өрийг төлж дуусгана шүү дээ. Та нар тэр уулыг ухаад, усыг эргүүлээд, рашаанаар нь алт угаачихсан шүү дээ. Та нар ойг тэр чигээр нь сүйтгээд, байгаль ээжийн өрцийг цөмлөөд, элгийг нь эмтлээд алт аваад идчихсэн шүү дээ. Тэрнээс үр хүүхэд чинь идэж байгаа шүү дээ. Удам судар чинь идэж байгаа шүү дээ. Энэ өрийг төлнө.

-Х.Мандахбаярын тэмцэл шударга ёсны тэмцэл үү, эрх ашгийн тэмцэл юм уу гэдгийг ялгахгүй хүмүүс байна.

-Би говийн хүн. Нүдний рашаанаар алт угаасан байна гээд бод л доо. Түүнээс болж тэр нутгаас тэр компанид ажилд орсон хүмүүс бүгдээрээ зэрэг ажил хаяж гарсан байна. Жишээ нь, чи миний тэмцэлд итгэж байна уу.

-Би итгэж байна. Гэхдээ уул уурхай Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг салбар шүү дээ. Төлөх ёстой татвараа хуулийн дагуу төлж байгаа. Лицензээ хууль ёсны дагуу авсан гээд байгаа асуудлуудыг яах вэ?

-Яг үнэн. Одоо ингээд тэмцээд л яваад байх юм уу. Энэ олон иргэний хөдөлгөөнүүд хуультай хуульгүй үйл ажиллагаа хийгээд яваад байх уу. Энэ хэдэн иргэний хөдөлгөөнүүдээ захиалгаар харлуулж байхгүй болгох уу. Сэтгүүлчид шантаажчин гэдэг шиг иргэний хөдөлгөөнүүд бас шантаажчин нэртэй. Би дотор нь орж ажиллаж үзсэн. Энэ залуучуудтай, иргэний нийгмийн байгууллагуудтай, “Хил хязгааргүй алхам”-ын Н.Баярсайхан, “Эрс шинэчлэл”-ийн Д.Энхбат зэрэг хүмүүстэй би уулзаж үзсэн.

Би хамтарч ажиллаж үзсэн. Гайхмаар эх орончид. Гайхмаар үнэний төлөө явдаг хүмүүс. Өөрийнхөө амьдралыг орхичихоод үүний араас яваад байдаг. Яагаад гэвэл энэ хүмүүст өөр арга үлдээгүй. Хэвлэлд мэдээлэл, ярилцлага өгье гэхээр түүнийг нэвтрүүлэхгүй байх шалтгаан байна. Шаардлага байна. Дуу хоолойгоо төрд хүргэе гэхээр шийдэхгүй байна. Тэгээд л энэ хүмүүс тэмцэл гээд гудамжинд гардаг юм байна лээ шүү дээ. Тэгж байж л өөрийнх нь 100 үгээс хоёрыг нь сонсдог. Яригдаад байгаа зүйлүүд нь шийдэгддэг бол Тост, Тосон бумба дээр очиж мөнгө, цаг, нервээ үрж тэмцэх ямар хэрэгтэй юм. Хуулиараа л шийдэгдээд явах ёстой. Төрийн захиргааны байгууллагууд нь ажлаа хийгээд явах ёстой. Байгаль хамгаалагч, экологийн цагдаа нь энэ асуудлаа шийдээд явах ёстой. Үүнийг л ийм болгох хэрэгтэй юм байна. Үзэл санаа, бодлого, хууль эрх зүйн өөрчлөлт энд хэрэгтэй. Би аль хэзээний л уул уурхай болохгүй байна. Байгаль хамгаалал болохгүй байна гээд бичиж байсан. Нэвтрүүлж, нийтэлж байсан. Эргээд өөрөө 2017 оноос хойш энэ үйл явдал дунд ороод, тэмцээд, бүр гүн рүү нь орж сурвалжлаад ирэхээр өөрийн эрхгүй шоконд ордог юм байна. Би тэр шокоос одоо л гарч байгаа хүн. Өнгөрсөн оны сүүлээр “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” гэдэг үндэсний хэлэлцүүлгийг яг хувийн компанийнхаа зардлаар, өөрийнхөө хувьдаа хийх ажлуудыг хойшлуулж байгаад 21 аймгаар тойрч хийсэн. Одоо надад хэдэн боодол цаас байна. Хэдэн боодол гомдол байна. Баримт байна. Үүнийг шийдэхгүй юм чинь яах юм. Тийм учраас үзэл санааг бий болгоё гэж байгаа юм. Одоо монголчууд энэ тэмцлийг орхиж болохгүй. Ингэж байж төр, засагт, шийдвэр гаргах түвшинд асуудлыг ойлгуулж, шахалт үзүүлэх ёстой.

-Энэ танд ямар хэрэгтэй юм?

-Би энэ улсын иргэн. Асуудал ийм байгааг олж харлаа. Би үүний төлөө явахгүй юм бол өөр хэн явах юм. Хүн энэ ухамсарт амьдралыг өөртөө зориулж, өөрөө сайхан амьдрах, гэр бүлээ сайхан авч явах үүрэгтэй л байх. Айлын эр хүн, эцэг хүн. Гэхдээ надад бусдаас илүү боломж байна шүү дээ. Надад дунд хэрийн хувийн медиа групп байна. Хүнд худалдагдахгүй өөрийгөө аваад явчих санхүүгийн боломж байна. Өөрт сэтгүүлчийн гэдэг юм уу, олон нийтийн өмнө гараад ярих авьяас чадвар байна. Үүнийг илүү олон хүнд зориулмаар байна. Даан ч үнэндээ 21 аймгаар явсны дараа энэ тэмцэл, асуудал дунд өөрийгөө ямар өчүүхэн юм бэ гэдгийг бас олж харсан. Гэхдээ бууж өгч болохгүй. Нутгаасаа эхэлье.Өмнөговьд ямар ч байсан уул уурхайн үйлдвэрлэлийн 70-80 хувь нь явж байна. Эхлээд уул уурхайг хариуцлагатай болгох тэмцлийг хийх иргэдийг нэгтгэе л гэж гарсан хүн. Одоо өмнөговьчууд гайхамшигтай нэгдэж байгаа. Чи алхах тусмаа алдаж байгаа юм бол зогсоод бод. Дүгнэ. Цаашаа явахаар тэртэй тэргүй алдана. Тийм бол явж яах юм. Зогс. Зогсож байгаад бодох ёстой.

-Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн. Иргэд дэмжиж байгаад ялсан. Тэр үед юунд нь нулимс гаргасан юм?

-Тэр нулимс бол тухайн моментын нулимс. Тэгэхдээ надад бол буянтай нулимс. Хэдийгээр уйлсан асуудал нь олон нийтэд шооч байдлаар ч юм уу, янз бүрийн байдлаар хүрсэн ч гэсэн миний үйлс, зорилгыг олон нийтэд тодотгож өгсөн рашааны булаг шиг нулимс шүү. Би бол тэр нулимсандаа хайртай. Би харамсдаггүй. Тухайн үеийн ситуац их өөр байсан юм. Тэр үед би эмнэлэгт хэвтэж байсан. Ээж маань ирчихсэн. Би ер нь өвчин ярьдаггүй, цовоо цойлгон талдаа хүн. Тэгсэн гараа даадаггүй. Толгойгоо даадаггүй. Үг гардаггүй. Ингээд болдоггүй.

-Сэтгэл санааны юм байсан юм биш үү?

-Сэтгэл санааны ч юм байсан байх. Яг тэр үед муу ээжийгээ л бодож байгаа юм л даа. Хүн ч томоожихгүй л амьтан юм байна. Ингэн ингэн ээжийгээ зовоогоод л. Хөгшин настай эцгийгээ зовоогоод. Хоёр нялх хүүхдээ хаяад ирчихсэн. Гэргийгээ зовоогоод л. Юуны төлөө яваад байгаа юм бэ гэж. Тэр бол гэр бүлээ харамласан, хайрласан нулимс. Магадгүй том утгаар нь, хэрэв зөвөөр нь харж чадвал эх нутгаа хайрласан нулимс. Эцсийн эцэст хүн бол сэтгэл санааны амьтан. Тэр орой бол “Ёстой алалцана аа, эд нартай нэгийгээ үзнэ ээ” гэж бодсон. Илүү их зоригжиж байгаа юм. Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн нэг үг байдаг. “Эр хүний нулимс цуснаасаа илүү үнэтэй байдаг юм шүү“ гэж. Би тийм нулимсаа гаргачихсан хүн. Эргэж буцах аргагүйгээр энэ тэмцэлд шуударсан.

-Тэр бэрхшээлүүд, хадга­ламж зээлийн хоршоо дам­пуураад буцаж зүтгэж байх хоёрын аль нь хүнд даваа байсан бэ?

-Магадгүй, хадгаламж зээлийн хоршоо байгуулаад дампуурсан үедээ унаж үзсэн туршлага, мэдрэмж намайг хурдан босгож байна. Би 2006 онд дампуурсан. 2002 онд “Зиндаа”-г байгуулаад, 2005 онд 27 настай, тэр үед өөрийгөө их баян болчихсон л гэж бодож байсан. Яалт ч үгүй мөнгөтэй л болчихсон байсан л даа. Хэний ч зөвшөөрөлгүй, хэний ч шахалт шаардлагагүй, хяналтгүйгээр зарцуулдаг мөнгөтэй, 27 настай залуу явж байна гэж бод. 17 компанитай, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ оруулах юм бол 21 компанитай, 500 сая төгрөг кейшилчихсэн залуу явж байгаа шүү дээ. Тэгж яваад унасан. Дампуурсан. Хэн ч биш болсон. Яг шоронгийн хаалганы өмнө би олон удаа ирсэн шүү. Арай ч хоригдчихоогүй. Би хадгаламж зээлийн хоршоо байгуулаад 1200 хүнд 2,7 тэрбум төгрөгийн өрөнд ороод явж байхдаа шоронд ороогүй хүн Тост, Тосон бумбынхаа төлөө тэмцээд  нэвтрүүлэг хийснийхээ төлөө энэ ардчилсан нийгэмд хоригдож үзлээ шүү дээ. Х.Мандахбаяр гэдэг хүн одоо л нэг мөнгөтэй болчихсон ч юм уу, одоо л хэдэн төгрөгтэй болсон юм шиг хүмүүс ойлгодог. Тийм биш л дээ. Би 24 настайдаа бизнесээ эхэлсэн хүн. 27 настайдаа Монголын дунд хэмжээний компанийн эздийн нэг болчихсон байсан. Тэгээд дампуурсан. Дампуурахдаа зүгээр ч нэг дампуураагүй. Бүх юмаа хаяж дампуурсан. Хамгийн сүүлд би 2010 онд муу ээжийнхээ байшинг өрөнд өгч байлаа шүү дээ. Би зургаан жил өр төлж амьдарсан.Өглөө босоод л яаж өр төлөх вэ, яаж мөнгө олж ийш нь өгөх вэ гэдэг амьдралыг би туулсан.

-Тэгээд яаж болгов?

-Хүн болгоё гэвэл болгодог. Нэг зүйлийг би залуучуудад ялангуяа захиж хэлэхийг хүсэж байгаа юм. Ер нь өрийг төлж дуусгадаг юм. Өрөөс зугтаж, өрийг луйвардаж дуусгадаггүй. Эцсийн зоосыг өгсөн үедээ л чи өрийг дарна. Яг үүнийг уул уурхай руу хариуцлагагүйгээр, увайгүйгээр дайрч байгаа энэ хүмүүс бодох хэрэгтэй. Та нар энэ өрийг төлж дуусгана шүү дээ. Та нар уулыг ухаад, усыг эргүүлээд, рашаанаар алт угаасан шүү дээ. Та нар ойг тэр чигт нь сүйтгээд байгаль ээжийн өрцийг нь цөмлөөд, элгийг нь эмтлээд алт аваад идчихсэн шүү дээ. Тэрнээс чинь үр хүүхэд, удам судар чинь идэж байгаа. Энэ өрийг төлнө. Байгалийн хууль ийм.

-Наадах чинь аймаар үг байна даа.

-Үнэн шүү дээ. Хэзээ нэг үед төлнө, есөн үеэрээ төлнө. Дахиад сүнс  чинь төлнө. Үр хүүхэд чинь төлнө. Үүнийг яагаад бодохгүй байгаа юм бэ. Сэжиг сүжиг гэж юм байхгүй байж болно. Шуналын дэв нүдийг чинь сохолсон байна аа л гэж хэлэх гэж байгаа юм. Тийм учраас одоо энэ шуналаа татах хэрэгтэй. Хүнд ер нь уул овоо шиг мөнгө ямар хэрэгтэй юм. Ямар ч байсан нийгмийн, нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа хүн би бол өөртөө тийм шаардлага тавьдаг хүн. Нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа хүн ямар ч байсан авлигын мөнгө авахгүй байх хэмжээнд өөрийн санхүүгээ зохицуулсан байх хэрэгтэй.

-Энэ тэмцлийг та төрсөн нутагтаа төлж байгаа өр төлөлт гэж ойлгож байна уу?

-Миний энэ тэмцэл одоо л эхэлж байгаа. Би ерөнхийдөө мориор бол давхилаа, хүнээр бол одоо л ухаанаа олж байгаа хүн. Би хатуу итгэл үнэмшилтэй болсон. Яг энэ тэмцлийг хийхийн тулд золиос байвал хийх ёстой юм байна, үүний талд хатуу зогсох ёстой юм байна гээд өөрийгөө кодолчихсон. Би өөрт чинь нэг юм хэлэх үү. Тосон бумбын тэмцлийг яаж хийсэн юм бэ гэж. Би уул усанд амлаж хийсэн хүн. Энэ бол яг үнэн. Энэ нөхдүүд намайг мөнгө нэхэж шантаажилж байна л гэнэ, улс төрд орох гээд нэр хүнд хөөцөлдөж байна л гэнэ, попорч байна л гэнэ. Юу ч гэж хэлж байсан би эх орон, газар шороо, эцэг дээдсийнхээ өмнө амласан амлалттай хүн. Үүний араас маш хатуу итгэл үнэмшилтэй, дээрээс нь хүний үг сонсохгүй яваад байгаа чинь энэ.

-Тост, Тосон бумба гээд явж байхад Б.Чойжилсүрэн гишүүн холбогдсон уу. Уулзаж байв уу. Яагаад шантаажчин нэр аваад байдаг юм бэ?

-Яагаад гэвэл би сэтгүүлч шүү дээ. Энэ тэмцлээ больчих оо, тэдэн төгрөг өгье. Хамтарч бизнес хийе, ийм дэмжлэг үзүүлье гэхээр нь хүлээж авахгүй болохоор “Энэ ер нь яадаг дурак вэ. Буруу ишилсэн сүх шиг.  Наадахаа устга, дуусга, нэр төрийг нь гутаа, тэмцлийг нь мохоо”, өөр яах ёстой юм, бүгдийг хий гэсэн даалгаврыг л өгдөг юм байна. Надад өчнөөн тохиолдол байсан. Сүүлдээ хамгийн итгэж явсан найзуудын нэг нь хүрч ирээд “Чи хөгшөөн, уулзчих л даа” л гэж байгаа юм. Тэгэхээр нь би ганц л аргатай болсон. Шууд л утсаа гаргаж ирээд “Чамайг Чойжилсүрэн явуулсан уу. Хэн явуулсан бэ” гэж асуудаг. Тэгэхээр энэ ямар өвчтэй , балай болчихсон юм бэ гэдэг болсон. Сүүлд "Страто" дээр миний хайрлаж хүндэтгэж явдаг эгч над руу ярьсан.

Яагаад бид нар ийм болчихов. Хамгийн хайрлаж хүндэлж байсан хүмүүс маань хууль бус зүйлийн эсрэг биш, талд нь зогсоод байгаа нь л энэ системийн чинь асуудал, энэ улс орны чинь асуудал болчихсон байна шүү дээ.

-Та яагаад ингэж бодож байна вэ?

-Би өөр дээрээ жишээ авч байгаа учраас мэдэж байна. Цэнхэр, ягаан тасалбар гэж байсан. Монголчууд хөөрхий, бүгдээрээ хувь хувьцаа, өмч хувьчлал гэж юу вэ гээд эргэлзэж байх зуур гадаадад явж галуу шувууны мах идсэн хэсэг нь лиценз гэдэг юмыг “хусаж” байсан байна. Лиценз гэдэг А4-ийн цаасаар, ямар ч хуульгүйгээр “Үхэртийн хөндий манайх” гэдэг шиг “Энэ газар минийх” гээд авсан байна. 4000-5000 лиценз тараагдсан. Тэгээд Монголыг тэр чигт нь лицензийн талбай болгоод хуудас цаасаа барьж яваад БНХАУ, Канад, АНУ, Австрали ОХУ гээд дэлхийгээр нэг зарчихсан. Үүний цаана далд эдийн засаг, авилга, хээл хахууль, албан тушаалын наймаа бий болж, тэр тогтолцоо, мөнгө, лицензээ хамгаалахын тулд мафижиж байгаа юм. Ийм том тогтолцоо үүссэн. Эргээд засъя гэсэн чинь хяналтаасаа алдчихсан. А4-ийн цаасаар АГМ майнинг гэх компани 15 мянган га газар авсан байна. Оюутолгойгоос гурав дахин том газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани аваад тэр уулыг тал бүрээс нь ухаж байна.

-Тийм том юм уу, "АГМ майнинг" ХХК чинь?

-Тийм шүү дээ. Хийж байгаа ажлыг нь харах юм бол муу ёрын юм хийж байгаа. Ямар сайндаа нүдний рашаанаар алт угааж байх вэ дээ. Тэр компанийн жишээн дээр аваад үзэхэд Оюутолгойгоос гурав дахин том газар нутгийг лицензээр авчихсан. Бүгдийг нь ухах нь л дээ. Энэ солиорол, гажуудал биз дээ. Харин тэр лицензийг энэ солонгос ирээд гаргуулаагүй. Тэр лиценз нь 4-5 удаа дамжин зарагдсан. 1993 оноос улбаатай. Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын яг баруун урд талд нь байрлалтай энэ газрыг тэр хэсгээс нь гаргаад арал шиг цоолоод авчихсан. Алтан уулыг нь тойруулаад цагираг шиг лиценз олгочихсон. Бүр биднийг доромжилчихсон, тэнд алт байгааг мэдээд байна шүү дээ. Тэгээд тэрийг нь ухаж авахын тулд авлига, маш олон лобби явсан гэсэн үг. Ингэж гажуудсан юм. Бодлогын шинэчлэл, хууль эрх зүйн шинэчлэл гээд байгаа юмыг уг мухраар нь шийдэхгүй бол Мандахын тэмцэл зогсохгүй. Иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл дуусахгүй. Ноён уул шиг тэмцэл дуусахгүй. Одоо бодлогын тэмцэл хийж эх орондоо эзэн шиг байя л даа. Үүнийг хэн нэг нь засах л ёстой. Би засахгүй бол өөр хэн засах вэ гэж л хандаж ирсэн. Би мундагтаа биш. Би эцэг дээдсийн тэр дуудлагыг л хүлээж авч байна гэж боддог.

-Та хууль зөрчиж байгаа бүх газарт очиж тэмцэх юм уу. Улс төрийн алхам хийх юм уу?

-Би хийнэ ээ. Одоо өөр зам үлдээгүй. Яг үнэндээ хувь хүнийхээ хувьд ч харсан. Энэ тэмцлийн үзүүр мухардалд ороод байна. Улс орны хэмжээнд ч мухардалд ороод байна. Үүний тулд амьдралаа зориулна, 2020 оны сонгуульд боломж олддог юм бол, мандат нь олддог юм бол дэвшинэ ээ. Би ингээд зарлачихаж байгаа юм.

-Таны барьж авсан асуудал бүхэн шийдэгдэж байна. Үүнийг та болохоор надад мундаг баг байдаг юм аа. Бид багийн хүчээр шийдэж байна гэдэг. Гэтэл нөгөө талаас харж байгаа хүмүүс Х.Мандахбаяр намын хүчээр шийдэж байгаа юм аа. У.Хүрэлсүхтэй ойрхон, Л.Оюун-Эрдэнэтэй найзалдаг болохоор шийдэж байна гэдэг?

-Яг үнэндээ өнгөрсөн хугацааны тэмцлүүд, шийдвэрүүд дээр намын хүч хэрэглэсэн нэг ч юм байхгүй. Үүнийг хатуу хэлье. Би У.Хүрэлсүх даргад зүрх сэтгэлээсээ баярлаж явдаг. Иргэд тэмцээд байдаг. Шийдвэр гарахгүй бол яах юм бэ. Өмнө нь гаргадаггүй байсан шүү дээ. Тэгвэл шийдвэр гаргадаг, шударга ёсны алхыг цохиж чаддаг, Монголын төр эзэнтэй, энэ улс эцэгтэй гэдгийг харуулж чадлаа шүү дээ. Би эрх мэдэлд тийм дуртай хүн биш. Яагаад ч юм энэ амьдрал намайг ийм болгож хүмүүжүүлсэн. Би нүүр бардам хэлнэ. Жар хүрсэн ахмад хүнээс илүүтэй амьдралын жаргал зовлонг туулсан байж магадгүй. Би зургаан жил өр төлж амьдарсан. Хэн ч биш болчихоод муу аавтайгаа Дэнжийн мянгын захын хажууд айлын хашаанд таван ханатай гэр дугуйлаад хоёр жил амьдарсан. Яг амьдралын бор хөрсөн дээр бууж явсан. Одоо нэг их эрх мэдэлд шунаад гоё амьдрах гээд яах юм. Би хангалттай сайхан амьдарч байна. Эхнэр хүүхдээ сайхан авч явахын тулд тэр гэрийн санхүү, хамт олныхоо цалинг цагтаа тавьчихдаг хувийн бизнестэй. Улс төр хийгээд явъя гэхэд хүний барьцаанд орчихгүй санхүүгийн боломжтой байна. Үүнээс илүү яах юм. Энэнээс илүү мөнгө үрээд л эхлэх юм бол чи зовлон үүрнэ. Ингэж бодох хэрэгтэй. Эрх мэдэлд хүрээд дахиад шунах юм бол чи зовлон л үүрч байгаа шүү дээ. Чи юу хийх гэж байгаа юм, ямар газар очиж зогсох гээд байгаа юм. Тэр газар чинь очиход хүндрэлтэй байгаа бол түүнийгээ хараад, газар ухахад хүрз хэрэгтэй машин хэрэгтэй гэдэг шиг эрх мэдлийг би тэгж л харж байна. Одоо надад дархлаа бий. Би унаж болохгүй гэсэн дархлаа байгаа. Тэгэхээр надад унах эрх байхгүй, ухрах эрх байхгүй. Одоо дайрах ёстой юм байна. Давших ёстой юм байна. Энэ хулгайч нартай, авлигачидтай очиж байж үзнэ үү гэхээс биш эндээс барахгүй юм байна. Яахав, нэг хоёрыг нь барж л байна. Эд нарыг нийтэд нь барах хэрэгтэй. Ингэж байж монгол хөгжинө.

-УИХ-ын гишүүд өөр өөртөө 76 микрофонтой. Төрийн гурван өндөрлөгийг нэмээд 79 болж байгаа. Харин бидний гарт 80 дугаарын буюу олон нийтийг төлөөлөх микрофон байна. Өнөөдөр би тантай ярилцсан нь 80 дугаарын микрофоныг төлөөлж чадсан гэж итгэж байна.

-Чиний зүрх сэтгэлд, чиний оюун тархинд эх орон чинь байгаа юм бол чи үүний төлөө л явж байх ёстой. Үүний төлөө дандаа зогсож байх хэрэгтэй. Энэ Монголыг, монголчууд хайрлахгүй юм бол өөр хэн ч хайрлахгүй. Одоо энэ цаг үе хамгийн эгзэгтэй цаг үе. Энэ цаг үед Монголыг Монголоор нь авч үлдэж чадахгүй юм бол үүнээс цааш аюул болох нь ээ гэдгийг бүгд ойлгож байна. Энэ зүйлийг авч үлдээсэй гэж залуучуудаас хүсэж байна. Бид нар ямар эх орон, газар шороо, ямар тусгаар тогтнол үлдээх гэж байгаа юм бэ гэдгийг залуучууд бодох хэрэгтэй. Энэ бол монгол хүн бүрийн ярианы сэдэв. Тийм учраас 80 дугаар микрофоны ард суух ёстой хүн гэж тооцож байгаад туйлын баяртай байна. Нөгөө талаас хариуцлага гэж харж байна. Энэ микрофоны ард хэлсэн үг төрд хүрдэг, нийгэмд оч гаргадаг, асуудлыг шийддэг байгаасай гэж хүсье.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр шийднэ

Огноо:

,

Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

-Нийслэлд хүний царай таньдаг ухаалаг камер суурилуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотод “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Уг төслийн дагуу Нийслэл хотод телекамерын ухаалаг системд суурилсан, нэгдсэн удирдлага хяналттай ухаалаг телекамерын төв байгуулна. Улаанбаатар хотод 2010-2020 оны хооронд 3600 гаруй цэг дээр нийслэл болон улсын хөрөнгөөр камер суурилуулсан байдаг. Эдгээрээс 40 гаруй хувь нь олон жил болж ажиллагаагүй болсон, эвдэрч, гэмтэж чанарын шаардлага хангадаггүй камерууд байдаг. Одоо байгаа камерууд нь тус тусдаа системтэй нэг дүүрэг, нэг хороонд 10 камерыг нэгтгэн нэг серверт байршуулаад явдаг. Гэтэл энэ үр дүнгээ өгөхгүй очоод шалгахаар камер байгаа боловч дүрс бичлэг байхгүй, дүрс бичлэг байсан ч тухайн бичлэг нотлох баримтын хэмжээнд харагддаггүй гээд олон зөрчил дутагдлууд байдаг.  Үүнийг шийдвэрлэхийн тулд бид камерын ухаалаг системд суурилуулж нэгдсэн удирдлага хяналттай болох зорилт дэвшүүлж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг ухаалаг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил Нийслэлийн 2000 цэгт камер суурилуулах төлөвлөгөөтэй байна. 2000 камераас 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бол энэ жилдээ багтаад 20 хувийг хяналтдаа авах юм.

Цаашлаад 2021 онд хотын, суурьшлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байна.

-Энэ ажил хэзээнээс эхлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэхүү ажил дээр хамтарч ажиллах байгууллагууд судалгаагаа хийгээд дууссан. Цагдаа, Тагнуул гээд хүчний байгууллагууд мөн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж аль цэгт ямар камер байршуулбал тохиромжтой вэ, алслагдсан гэр хороололд ямар төлийн камер байршуулах вэ гээд ерөнхий судалгаагаа гаргаад бэлэн болсон. Одоо үндсэн ухаалаг систем болох камер сонгох, худалдан авах ажлууд эхлэн гүйцэтгэгч компаниудтай гэрээ хийж эхэлж байна.

Ерөнхийдөө сарын дараа гэхэд нийслэлийн гудамж талбайд ухаалаг камерууд суурилагдаад ирнэ. Үндсэндээ ирэх аравдугаар сарын 1 гэхэд төслийн нэгдүгээр үе шат дуусч үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна.

-Шинээр тавигдах камерууд бүгд хүний царайг таних уу?

-Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар эсхүл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних,  хайх боломжтой технологийг нэвтрүүлэх юм. Ингэснээр таны хүүхэд эрсдэлгүй тайван тоглох боломжтой болно.

Түүнчлэн энэхүү систем нь автомашиныг дугаараар нь таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гарахад тохио өгч яаралтай мэдэгдэх гээд олон давуу талтай. Бид дэлхийн томоохон хотууд ашиглаж байгаа, туршиж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулна. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг систем байгаа.

Одоо манайх 20-30 сая төгрөгийн тендер зарлаад таван камер тавиад, хорооны буланд нэг дэлгэц угсраад камержуулчихлаа гээд яриад байгаа. Энэ байдал хоцрогдож байгаа учир дараагийн шатанд шилжих шаардлагатай болж байна.

-Энэхүү ажил хэдэн төгрөгийн төсвөөр хэрэгжиж байгаа вэ?

-Бид энэ жилдээ нийслэлийн төсвөөр 4 тэрбумын орчим төгрөгөөр 2000 ухаалаг камерыг суурилуулна. Жилд нийслэлийн камер дээр 2-3 тэрбум төгрөг улсын төсвөөс гардаг. Энэ төслийг  2023 он хүртэл гурван жилийн хугацаанд хийхэд ойролцоогоор 100-120 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ жил ямар ч байсан ерөнхий сууриа тавин нэгдүгээр үе шатаа хэрэгжүүлнэ.

Камерын үнэ өртгийн хувьд орчноосоо хамаараад камерууд янз бүр байна. Тухайлбал замын хөдөлгөөн дээр машин танихын тулд өртөг өндөртэй камерууд байх шаардлагатай. Бид одоохондоо худалдан аваагүй байгаа учраас нэг камер хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Ерөнхийдөө төсөвтөө тааруулан шаардлага хангасан камеруудыг  угсралт суурилуулалтад ашиглана.

Түүнчлэн энэхүү ажлаараа бид камерын стандартын асуудлыг хөндөж байгаа. Ухаалаг системтэй холбогдохын тулд аль ч үйлдвэр нь мэдэгдэхгүй янз бүрийн камерыг суурилуулахгүй нэг төрлийн чанарын өндөр шаардлага хангасан камер хэрэглэнэ. Камер нь хотын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний амь настай холбоотой учир камеруудын стандартыг дээшлүүлж өгч байна.

-Камерын хяналтыг яаж хийх вэ?

-Камерын ухаалаг систем дээр суурилсан нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна. Энэ төвд камер эвдрэх, гэмт хэрэг гарах бүхий асуудлуудыг хянаж ажиллана. Бид камер суурилуулчаад эзэнгүй хаяачихдаг тэр нь эдвэрсэн эсэхийг мэддэггүй. Тиймээс энэхүү системийг нь хэрэгжүүлснээр нэг ёсондоо камеруудыг эзэнтэй болгож байна гэсэн үг.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Удвалцэцэг: Ээлтэй төртэй болж чадвал энэ хүнд үеийн дараа сэргэх бизнес олон байна

Огноо:

,

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор Х.Удвалцэцэгийг урьж ярилцлаа.

Б.Төгс

-Бизнесийн салбарт амжилттай яваа залуу бүсгүйчүүдийн төлөөлөл бол таныг гэж боддог. Бизнесийнхээ талаар ярилцлагын эхэнд товчхон танилцуулахгүй юу?

-Миний хувьд оюутны ширээнээс дөнгөж босоод компаниа байгуулж байлаа. Мэргэжлийнхээ дагуу аялал жуулчлалын компаниа байгуулаад 11 жил өнгөрчээ. Одоо л төдийлөн анхаарч хөгжүүлэхгүй байгаа болохоос Монголын хамгийн ирээдүйтэй байж болох салбар бол аялал жуулчлал. Энэ компаниа хөл дээр нь босгоод дараа нь үйлдвэрлэлийн салбарт орсон. 2014 оноос эхлээд ангилсан мах, махан бүтээгдэхүүний “King meat” брэндийг гаргасан. Тухайн үед Монголд энэ төрлийн бизнес байгаагүй. Одоо ч цөөхөн байна. Гадаадад бол махыг хэрэглээ бүрээр нь ангилж хэрэглэдэг. Үхрийн махыг гэхэд л 24 төрлөөр ангилах жишээтэй. Жуулчид хүртэл ангилсан мах хэрэглээд сурчихсан байдаг учраас аялал жуулчлалын салбараас маань ургаж гарсан бизнес гэж хэлж болно. Одоо энэ үйлдвэрлэл маань нэлээд өргөжөөд экспортын төвшинд хүрсэн байгаа.

-Та өөрөө үйлдвэрлэгч, бас баялаг бүтээгчдийн дуу хоолой болсоор ирсэн. Яагаад энэ замыг сонгосон юм бэ?

– 2015 оноос үйлдвэрлэлийн салбарынхаа дуу хоолой болох замыг сонгоод явж ирлээ. Яалт ч үгүй өөрийн ажил дээр мэдрэгдээд ирэхээр дуугарахаас аргагүй болсон л доо. Татварын систем нь яадаг юм, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хэрхэн дэмждэг юм, , төсөл тендерт яаж ордог юм, ар өврийн хаалга, шахалт дарамт гэж юу байдаг юм гээд бүгдийг өөр дээрээ мэдэрч эхэлсэн учраас 2015 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог байгуулахад гар бие оролцон зүтгэж байлаа. Бид төрийн ордонд 1000 баялаг бүтээгчийн чуулганаа хийгээд албан ёсоор холбоогоо байгуулж байсан. Тухайн үед яг надтай ижилхэн замыг туулж байгаа үйлдвэрлэгчид нэгдсэн. Бидний гол зорилго бол бизнес эрхлэгчдийн эрх ашиг. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч хэн байх ёстой вэ. Монгол хүний идэх хоолыг монгол хүн бэлдэх ёстой юм уу, эсвэл хэн нэгэн Ли овогт, Ши овогт бэлдэх ёстой юм уу гэдгийг л эхлээд асуумаар байна. Хүний бизнес яриад яахав.

Өөрийнхөө бизнесийн жишээн дээр л ярья. Миний эрхэлж байгаа бизнесийн толгой дээр нь дандаа мөнгөтэй хятадууд байна. Өнөөдөр би салбарын яаман дээрээ очоод ЖДҮ-ийг дэмжих зээл авья гэхэд өгөхгүй байна. Тэгвэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах зөвшөөрөл авья гэхээр бас өгөхгүй байна. Монгол Улсын иргэнд олдохгүй байгаа зөвшөөрлөө хятад хүнд өгчихсөн. Би ажилчдынхаа бэлтгэсэн жаахан махыг БНХАУ-ын зах зээлд Монгол Улсынхаа хилээр гаргахын тулд нэг кг мах тутамд 10-14 юанийг тэр зөвшөөрөлтэй хятад хүнд төлж байна. Энэ бол эмгэнэл шүү. Би 100 тонн мах гаргахын тулд монгол мөнгөөр 400 сая төгрөгийг аяллын визтэй нэг хятадад төлж байна.  Тэр хятад энэ мөнгөнөөс манай улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй.  
Тэгвэл тэр квотыг хятад хүнд өгөлгүй Удвалцэцэгт өгчихсөн бол яах байсан бэ. Тэр 400 сая төгрөгөөр 50-60 ажилчныхаа цалинг тавьж, тог цахилгааныхаа мөнгийг төлж, Монгол Улсад 40 сая төгрөгийн татварыг үлдээх байлаа. Энэ хавар хятад компаниуд Улаанбаатарчууд бидний нөөцийн махыг бэлдсэн. Монголчууд өөрсдийнхөө идэх хоол буюу стратегийн хүнсийг гадны иргэдийн гарт алдчихсан байна гэдэг ямар том эмгэнэл вэ. Баялаг бүтээгдчийн эрх ашиг хойш шидэгдэж байгаа ганцхан жишээ л энэ.

-Уг нь үйлдвэрлэгч орон болох өргөн боломж бидэнд байдаг. Таныхаар яагаад болохгүй байгаа юм бол?

– Би монгол хүний хоолыг, өмсөх хувцсыг монгол хүн л хангах ёстой гэсэн үзэл бодолтой хүн. Мэдээж дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй ч  монгол хүнийг монгол хүн л илүү ойлгож, мэдэрч, сэтгэл ханамжийн баталгаа өгч чадна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол хүн л нутагтаа эзэн нь байх ёстой. Монгол хүн бүр үйлдвэрлэгч болох бүрэн боломжтой. Тал сайхан газар нутаг,  байгалийг баялаг,  мал мах, сүү цагаан идээ, амьдрах ухаан бүгд байна. Юу л байна боломж байна. Гэтэл яагаад бидний 90 хувь нь ядуу амьдраад байгаа юм бэ, яагаад ядуу амьдруулаад байна вэ. Өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэгч тийм олон биш шүү дээ. Бүртгэлтэй компани гэхэд 160 мянга гэсэн тоо байдаг. Жижиг, том бүгд нийлээд шүү. Гэхдээ энэ үйлдвэрлэгчдийн нуруун дээр эдийн засгийн тодорхой хувь нь тогтож байна. Олон мянган өрх энэ салбараас амьдралаа залгуулж байна. Гэтэл төр засаг нь энэ хүмүүсийнхээ эрх ашгийг, зах зээлийг нь хамгаалаад, бодлогоор хангаад явчихаж л чадахгүй байна шүү дээ.  Татвар л авахаа сайн мэдэхээс биш энгийн нэг аяллын визтэй гадаад хүн үндэсний үйлдвэрлэгчдийнх нь өмнүүр орж бүх боломжийг нь булаагаад сууж байхад харсан ч хараагүй мэт, ойлгосон ч ойлгоогүй мэт л байж байна. Сүүлдээ бидний бизнесийн орчныг хамгаалах ёстой, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах ёстой эрх баригчид нь өөрсдөө хоолыг минь булаадаг боллоо. 76 гишүүний 41 нь ЖДҮ сангаас зээл авсан байсан. Эрх баригчдын 50-иас илүү хувь нь  баялаг бүтээгчдийн эсрэг зогсож байна гэсэн үг. Иймэрхүү асуудлууд байгаа учраас үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуугарч, байр сууриа илэрхийлээд яваад байгаа юм. Өөр арга байхгүй. Өнөөдөр  бид хэлэхгүй л бол улам дордоно. Юм удах тусмаа хуучирдаг, цаг хугацаа алдах тусмаа өнгө үзэмжээ алддаг.

-Цар тахлын энэ хүнд үеийг хэрхэн даван туулж байна вэ. Таны ард хэдэн ам бүл байна вэ?

-Би өөрөө ам бүл зургаа, үйлдвэрлэл ид ажилтай үедээ 120 орчим хүн надад хамаарч байна. Хүүхэд гэр бүлийг нь бодвол 600 орчим хүн болж байна. Энэ хүнд хэцүү үед аль болох цалинг нь таслахгүйг хичээж байна. Мэдээж хэвийн үед ажиллаж байснаас өөрчлөлт гарсан. Ганцхан надад ч тулгарсан зүйл биш л дээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шийдвэр гарч хөл хорио тогтоосноос хойш баялаг бүтээгчдийн дундаас 46000 ажлын байр байхгүй болсон байна. Энэ дунд өртчихгүйхэн шиг даваад гарах гээд их хичээж байна. Гол хоёр үйлдвэрлэл болох мах, аялал жуулчлалын салбар маань таг зогссон байгаа. Нэлээн том шалгуурын жил болж байна. Сэтгэлийн тэнхээ хүчийг шаардаж байна. Гэхдээ даваад гарах нь ойлгомжтой. Энэ жил бас сонгууль болох гэж байна. Сонгогчид маань зөв хүмүүсээ зөв залуучуудаа сонгоод монголчуудынхаа төлөө ажиллах ээлтэй засгийн газар байгуулагдаж чадвал энэ өвчний дараа Монголд сэргэх бизнес зөндөө байгаа. Мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт том боломж байна гэж харж байна. Тиймээс одоог биш алсыг харж өөрсдийгөө тайвшруулаад зүтгэж байна даа.

-Дэлхий нийтээр хямарсан энэ цаг үед өөрсдөө үйлдвэрлэгч байхын үнэ цэнийг энэ өвчин бидэнд мэдрүүлж байх шиг?

– Монголчууд юу хийж бүтээж чаддагийг харуулж байна. Хил гаалиа хаагаад хоёр гурван сар болж байна. Хүнсний хомдсол үүссэн юм алга. Барааны үнэ хөөрөгдсөн юм алга.  Энэ монголчууд ямар сайхан баялаг бүтээгчид юм бэ,  бизнесийн орчин нь ямар таатай, эрүүл хөрстэй юм бэ гэдгийг гадныхан олж хараасай. Манай гэрийн хөргөгчинд гадны хүнс нэг ширхэг ч алга. Мах, өндөг, сүү, ногоо гээд бүгд монголынх. Боломж тэр чигээрээ байна гэсэн үг. Хамгийн гол нь бидний хүсээд байгаа зүйл бол биднийг бодлогоор дэмжээд өгөөч, бараа бүтээгдэхүүнийг минь экспортод гаргаад өгөөч. Би ганцаараа хил дээр гүйж очоод бараагаа өгчихдөг юм биш. Яагаад үйлдвэрлэгчдийнхээ өмнөөс “Манайхан ийм юм үйлдвэрлээд байна. Танай улс руу гаргамаар байна” гээд хэлээд, хэлцээд өгч болдоггүй юм бэ.  Хятадын баячууд нэг нэгэндээ юу гэж аархдагийг мэдэх үү. “Би жилд нэг удаа ургадаг төмс иддэг” гэж баярхдаг юм билээ. Би хамт ширээнд сууж байгаа хүнийгээ тэгж хэлэхэд эхлээд ойлгоогүй. Гэтэл Хятадад улирал тутам сар тутам ургац авдаг юм байна. Жилд нэг удаа ургадаг гэдэг нь эрүүл хөрсөнд ургасан органик хүнсээ гайхуулж байгаа нь тэр юм байна. Гэтэл бид өдөрт тэр эрүүл хүнсээ хэдэн удаа иддэг билээ.  Монголд ямар их баялаг байгааг энэ жишээнээс харж болно. Тэнд Доржийн тарьсан чацарганыг экспортод гаргаж яагаад болохгүй гэж. Өнөөдөр уул уурхайгаа яриад маргааш үйлдвэрлэгчээ яриад хольж болдоггүй юм уу. Уул уурхай бол Монголын ирээдүй гэсэн үгэндээ бат нот итгэчихээд суугаад байх юм. Гэтэл газар дорх баялаг нэг л өдөр шавхагдана биз дээ. Алтнаас алт ургах уу.  Харин мал аж ахуй, газар тариалан гээд өсөөд үржээд л явдаг салбаруудаа яагаад тоодоггүйг үнэхээр ойлгохгүй байна.  

Олж анхаарахгүй ч биш хүсэхгүй байгаадаа л учир байгаа байх. Монгол Улсын хөгжлийн гарцыг тэд тодорхойлохыг хүсэхгүй байна шүү дээ.

Өнөөдөр Монголын 3.2 сая хүн их биш шүү дээ. “Самсунг” корпораци дэлхий даяарх салбарууддаа зургаан сая ажилтантай. Тэд бүгд  баталгаажих төвшнөөс дээг орлоготой, аз жаргалтай амьдарч байна. Гэтэл энэ улсад өргөн уудам тал нутаг, хөдөө, мал аж ахуй, асар их оюуны потенциал байна. 2015 оноос хойш л ингэж дуугарч байна даа. Одоо л өөрчилж авахгүй бол орхигдож дарагдах гээд байна. Хэдхэн хүний гарт бүх зүйл байх ёстой гэдэг бодлоороо үлдэх гээд байна. Тиймээс цаашид ч үйлдвэрлэгчдийнхээ дуу хоолой байсаар байх болно.

-Таны ажилладаг салбар, зорьж, ярьж байгаа зүйлс байгальтайгаа ойрхон юм. Төрж өссөн нутагтай нь холбоотой болов уу?

-Би Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Манай нутагт дэлхий дээр байж болох бүх байгаль бий. Говь цөл, хангай, тайга,  мөсөн гол, ой хөвч, тал хээр нь байдаг. Өвөлдөө хасах 45, дундаа нэмэх 40 хүрдэг эрс тэс уур амьсгалтай.  Сүрлэг хайрханууд, том нууруудтай. Хүн өөрөө байгалийн бүтээл гэдэг. Тиймээс миний хувьд байгаль дэлхийтэйгээ ойрхон байхыг хичээдэг. Чөлөөт цаг гарвал л аялах дуртай. Миний хувьд аялал жуулчлал, мал аж ахуй гээд голлох салбаруудаа нутагтаа хөгжүүлэх туйлын зорилготой. Шууд өнөөдөр бодоод маргааш хийчихдэг хүн биш л дээ. Аливаа зүйлийг чанартай, тооцоо судалгаатай хийхийг тэргүүнд тавьдаг. Тиймээс аймагтаа хэрхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ гэсэн судалгаан дээр тав орчим жил ажиллаж байна. ЖДҮ, баялаг бүтээгчдээ дэмжих, хөгжлийн гарц нь тодорхой үйлдвэрлэгч аймаг болгоод хөгжүүлчих юмсан гэсэн хүсэл зорилго надад бий.  Өвөө минь төрд 44 жил туувар туусан хүн байсан. “Монгол малын мах бол мах махны хаан шүү. Хэрэв ирээдүйд боломж нь олддог юм бол монгол махыг дэлхийд таниулаарай” гэж надад хэлж байсан. Би тэр замаар нь л явж байгаа.  Иймэрхүү л гоё гоё хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдлөж  хийж явж байгаа хүн л дээ. Яахав өмнөхөө чимээгүй хийгээд явж болно л доо.  Гэтэл энэ улсад төрсөн иргэнийхээ үүргийг дутуу биелүүлээд байгаа юм шиг санагдаж байна. Нүдэн дээр байгаа алдааг бид хамтдаа засахгүй бол болохгүй байгаа учраас үйлдвэрлэгчээс тэмцэгч болоод явж байна. Мэдээж гудамжинд уриа лоозон барихаас илүү шийдэл, гарцыг гаргаж ирэхийг хүсдэг. Хүний хувьд зөөлөндүү зан чанартай болохоор хатуу хүчээр гэхээс илүү яавал өөрчилж болох вэ, зөв, өгөөжтэй, хүртээмжтэй байдлаар шийдэж болох вэ гэдэг талаас нь харж ирлээ.

-Сүүлийн үед залуучууд хийж бүтээх, үйлдвэрлэхийг зорих болжээ. Энэ салбарт олноороо орж байна. Тэднийг хүсэл мөрөөдлөөсөө ухрахгүй байхад нь та ямар зөвлөгөө өгөх вэ?

– 2009 он буюу 11 жилийн өмнө намайг бизнеэсээ эхэлж байхад бидний үеийн залуус гайгүй ажилд орохоо л бодож байсан. Над шиг шууд үйлдвэрлэгч болох залуус цөөхөн байсан. Гэтэл одоо хүмүүсийн хандлага, чиглэл маш их өөрчлөгдөж байна. Ялангуяа залуучууд үйлдвэрлэлийн салбарт орж байгаа нь үнэхээр сайхан байна. Өөрсдөө хийж байна, өмсөөд сурталчилж байна. Би ганцаараа биш болсон байна. Урьд нь залуучуудын төлөөлөл болоод ганцаарддаг үе байсан. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн төлөө дуугараад, төр засгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бодлогоор хангаач гээд шаардаад байгаа нь үүнтэй холбоотой. Энэ оргилуун хүсэлтэй залуусын зориг мохох вий, шантрах вий. Надад шантрах үе байсан. Тэр үедээ би “Ер нь ингээд буугаад өгөх байсан юм бол яах гэж чи эхлүүлсэн юм бэ” гээд нулимсаа арчаад л босдог байсан. Залуу хүн маш хурдан урам авдаг, бас хурдан унтардаг, шантардаг. Тиймээс энэ түрээд гараад ирж байгаа залуусынхаа урд бид зогсмоор байна, хамгаалмаар байна. Залуучууддаа, дүү нартаа хэлэхэд бид хамтдаа л энэ нийгмийг бүтээх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчид баян байж үндэстэн өөрөө баян байна. Хоёр том зах зээлийн дунд бид амьдарч байна. Тиймээс Монгол дотроо өрсөлдөх биш дэлхийн зах зээлд тэмүүл. Энэ хоёр том зах зээл рүү манай залуучууд юу ч хийгээд экспортолж чадна. Юун саарал, хар жагсаалт. Энэ сайхан залуу боловсон хүчнүүдийг дэмжээсэй, битгий дараасай. Харамсалтай нь дараад байна л даа. Тиймээс  зоригтой бай, хэнээс ч битгий үзэл бодлоо нуу. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлө, хичээ, тэмц, бид олуулаа болж байж дуу хоолойгоо хүргэнэ. Бидний хоолой зөв дуу хоолой учраас ичих хэрэг байхгүй. Хэрэв шантрах үе гарвал яах гэж эхлүүлснээ сана. Хүний амьдрал гэдэг эхлүүлээд, хаяад байх урт хугацаа байдаггүй. Мөн хэзээ ч битгий нэгнээ өрсөлдөгч гэж хар. Зөвхөн Монголын зах зээл гэж байхгүй .Дэлхийн зах зээлийг хар. Энэ германы үзэг Монголд байгаа шиг Монгол үзгийг Германд яагаад гаргаж болохгүй гэж. Нэгдэн нийлээд нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэ, хамтдаа дуу хоолойгоо хүргэ, хамтдаа зүтгэ. Цаг өөр болсон, бид өөрчлөх ёстой. Өнгөрсөн хугацаанд бид хэтэрхий даруухан байлаа. Итгээгүй биш итгэсэн учраас чимээгүй л хөдөлмөрлөсөн. Одоо харин өөрчлөх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Мөнх-Эрдэнэ: УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг нэг л хүн байдаг, тэр АН-ыг худалдаад авчихсан

Огноо:

,

АН-ын ҮБХ-ны гишүүн асан, бие даан нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Түүний хувьд АН-аас нэр дэвшихээр горилж 100 сая төгрөг намдаа тушаасан ч, горилогчдоос дахин 300-400 сая төгрөг нэхсэн АН-ын дарга С.Эрдэнэтэй үзэл бодол зөрөлдсөн гэх шалтгаанаар намаасаа гарч бие даан нэр дэвшихээр болсон. Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж буй тэрбээр өнөөдөр намынхаа удирдлагуудад шударга өрсөлдөхийг уриалсан уриалга гардуулжээ. Мөн дэнчин 100 сая төгрөгөө буцааж авах асуудлыг тавьсан байна.

Энэ үеэр тэрбээр “Баатархүү тэргүүтэй дарга нар нэр дэвшилтэд сэтгэл гонсгор байна. Боловсролын зэргээрээ дээгүүрт ордог хүмүүс, олон сайхан залуусаа АН нэр дэвшүүлсэнгүй. АН нэг хүний нам болсон гэдгийг намын бусад гишүүд ч зөвшөөрч байна.. АН-ын мандатыг зарсан. Монголыг бүхэлд нь худалдаж авдаг нэг том компани АН-ыг худалдаад авчихсан гэж намын гишүүд ярьж байна. УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг нэг л хүн байдаг, та бүхэн мэдэж байгаа байх. Энэ хүн 100 сая төгрөг өгөөд нэр дэвшиж чадаагүй залуучуудад мөнгийг нь өгөөд хэл амгүй болгож байна гэх зүйл сонслоо.

Гэхдээ миний хувьд буцааж авсан зүйл алга. Нэр дэвшихээсээ нэг өдрийн өмнө намын гишүүн болсон, гэмт хэрэгт холбогдсон 10 гаруй хүнийг нэр дэвшүүлсэн. Миний хувьд Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүнээс эхлээд ҮБХ-ны гишүүн болтлоо АН-д 10 гаруй жил зүтгэсэн. Гэтэл цагийн өмнө ҮБХ-нд гишүүнээр ороол нэр дэвшчихэж байна. Гэхдээ эцсийн сонголтыг ард түмэн хийнэ” хэмээсэн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг7 цаг 26 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Чөлөөт цаг2020/05/25

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлнэ

Үзэл бодол7 цаг 46 минут

О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр...

Урлаг спорт7 цаг 51 минут

“MNB Гэр бүл” суваг нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж...

Чөлөөт цаг8 цагын өмнө

Өнгөрөгч онд эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэ...

Улстөр нийгэм8 цаг 9 минут

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлс...

Улстөр нийгэм8 цаг 19 минут

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ

Улстөр нийгэм8 цаг 26 минут

ОХУ-аас эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Шударга мэдээ8 цаг 45 минут

Даланзадгад хотноо 63 мвт хүчин чадал бүхий дулааны станц барина

Улстөр нийгэм8 цаг 50 минут

"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Санал болгох