Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй

Огноо:

,

Монгол Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг энэ сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд 30 жилийн ойтойгоо золгож байгаад баяртайгаа буйгаа илэрхийлсэн.

Улмаар хоёр орны КОВИД-19 халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм. Элчин сайд Ли Ё Хун “Монгол улс дэлхийд КОВИД-19 халдвар авсан хүний тоогоор дэлхийн хамгийн бага оронд тооцогдох байх. Ялангуяа Орос-Хятад хоёр гүрний дунд байдаг ч халдварын тохиолдол бага байгаа нь яалт ч үгүй Засгийн газар, Улсын Онцгой комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэж харж байна. Энэ 6 сард Монгол Улсад сонгууль болно. Манай улсын парламентын сонгууль өнгөрөгч 4 дүгээр сард болсон. Солонгос улсад сонгуультай холбоотой КОВИД-19 халдварын тоо нэмэгдэж гараагүй. Бид бүх зүйл ил тод байх ёстой гэсэн зарчмыг л баримталсан” хэмээн онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Элчин сайдын зүгээс энэ сарын 17, 18-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх захиалгат нислэгийн талаар хөндсөн юм. Тэрээр “Манай улсад 35 мянган Монгол улсын иргэн ажиллаж амьдарч байна. Үүн дотор хууль бусаар оршин суугаа иргэд их байгаа тул дээрх хоёр нислэгт эдгээр хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг тодорхой хэмжээгээр хамруулж өгөхийг хүсье” гэлээ.

Монгол Улсын Шадар сайд Ноён Элчин сайдад Монголын төр засгийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэнд талархал илэрхийллээ. Тэрээр “Бурхны авралаар, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол улс өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байна. Гэхдээ тайвшрах шалтгаан огтхон ч байхгүй. Манай улс олон мянган иргэнээ татан авч байна. Төдий хэрээр эрсдэл өндөр болно гэсэн үг. Сонгуулийн үеэр хөл хөдөлгөөн нэмэгддэг. Үүнээс би санаа зовж байна. Ялангуяа залуучуудын дунд эрсдэл өндөр байна.

Тиймээс бид сая сонгуулийн үеэр дагаж мөрдөх журам гаргалаа. Тухайлбал уулзалтад оролцогчдын хоорондын зай 1.5 метр байх ёстой зэргийг зааж өгсөн. Энэ журмыг гаргахдаа Солонгос улсын парламентын сонгуулиас ихээхэн туршлага судалж тусгасан” гэлээ.

Өнөөдрийн уулзалтын үеэр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас 35 мянган ам.долларын үнэ бүхий эд материалыг Улсын Онцгой комисст хандивлаж, хандивын бичигт гарын үсэг зурлаа.

Тодруулбал, КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эд материал болох 1000 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас, 1000 ширхэг нүдний шил, 100 ширхэг усны гутал, 1000 ширхэг автомакс ариутгагч зэрэг багтжээ.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар БНСУ-д КОВИД-19 халдварын бүртгэгдсэн 11,579 тохиолдол, нас барсан 273 тохиолдол байгаа бол 10,446 хүн эдгэрсэн мэдээлэл байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр хуралдах УИХ-ын 2026 оны Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Хуралдаан

10:00

Танхим

Их хуралдай

Хэлэлцэх асуудал

4

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

  • Улсын Их Хурлын асуулгын цаг

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.

Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий.  Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно.  Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.

Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар  нь хөдөө аж ахуй.

Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа  ард түмэн шүүн тунгаана” гэлээ.

21 дэх жилдээ болж буй энэхүү  өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.

“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.

Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж,  хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.

Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.

Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.

Өдгөө:

  • “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,

  • “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,

  • “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,

  • “Бичиг үсгийн боловсролын тухай”,

  • “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.

Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох