Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Тэр илүү ч үгүй, дутуу ч үгүй байхыг хүсдэг

Огноо:

,

“Би унтах дуртай. Унтах бол энэ дэлхийн хамгийн сайхан зүйл. Зүүдний ертөнц, зүүдний тайлал, нууцлаг шинж чанар намайг их татдаг” гэж ярих энэ бүсгүй “Зүүд” хэмээх бүтээлээрээ Европдоо томоохонд тооцогдох “Норд Арт” олон улсын үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцох гэж буй.

“Би уран бүтээлд өөрийгөө 100 хувь зориулна гэж боддог. Өглөө сэрээд аяга кофе бариад  зотонтойгоо зууралдаад хөгжмөө сонсоод л,  хэн ч надад садаа болохгүйгээр суух миний амьдралын мөрөөдөл. Ганцаараа байх үед мэдрэмжүүд хурцаар гарч ирдэг” гэж Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэх гишүүн, уран бүтээлч, зураач А.Болормаа ярилаа. Тэрээр ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 13-нд Герман улсад “Норд Арт” үзэсгэлэнд цаасан дээр нүүрс ашиглан хийсэн “Зүүд” бүтээлээрээ оролцоно. Цемент, шороо, мод, төмөр, даавуун материалаар бүтээлээ урладгаараа тэр бусдаас ондоо, өвөрмөц уран бүтээлч юм.

А.Болормаа гурван настайдаа зурж эхэлжээ. Дөрвөн настайдаа Японы олон улсын зургийн уралдаанаас авсан шагналынх нь мөнгөөр ээж аав нь түүнд ватум цаас, өнгийн харандаа авч өгсөн байна.

“Оёхоос бусдыг хийж үзсэн” гэж ярих тэрээр зураач, дизайнер мэргэжилтэй. VIII ангидаа сийлбэр, хүүхэлдэй хийдэг байсан бол өдгөө СУИС-д хар уран зургийн цагийн багшаар ажиллахынхаа хажуугаар үнэт эдлэл, гоёл чимэглэлийн дэлгүүрийг найзтайгаа ажиллуулдаг, мөн өөрийн урлантай. Өдгөө 35 настай гэхэд уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон ажил амжуулж, амьдралдаа олон ч зүйлийг туршиж үзсэн, цаашдаа ч өөр сонин содон зүйлийг нээж, хийж үзэх хүсэлтэй нэгэн.

Тиймдээ ч түүнийг онцолж “Залуус” буландаа урьсан хэрэг. “Хүн өөрийгөө олох хэрэгтэй. Үүний тулд секунд, минут тутамд өөрийгөө сорьж, нээж, илрүүлэх алхмыг хийх нь зөв. Учир нь хүн өөрийгөө олчихвол аз жаргалыг олно. Юунд дуртайгаа, юу хийхийг хүсч байгаагаа мэдвэл аз жаргалтай сонголтуудыг хийх байх” гэж тэрээр залууст зөвлөлөө.

А.Болормаа гурван настайдаа зурж эхэлжээ. Дөрвөн настайдаа Японы олон улсын зургийн уралдаанаас авсан шагналынх нь мөнгөөр ээж аав нь түүнд ватум цаас, өнгийн харандаа авч өгсөн байна. Сурагч байхдаа ч хамгийн арын ширээнд дэвтэр дээрээ зураг зураад л суучихдаг байж. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд дараа нь  Норвегид зураач, дизайны чиглэлээр давхар сурч, Агдэрийн их сургуульд магистраа контемпорари арт чиглэлийн бүтээлээр хамгаалжээ.

Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2010 онд Норвегид сүмийн хажуу дахь номын санд гаргаж байсан гэнэ. Тэрээр Норвегид суралцсан есөн жилийнхээ эхнийхийг сэтгэл гутралын жил гэж нэрлэжээ. Хөрөг зурах, гудамжинд суугаад олон хүний өмнө зурах айдастайгаа нүүр тулж, үзэсгэлэн гаргаж хийж бүтээснээ хүмүүст дүгнүүлэх бол хамгийн хэцүү зүйл нь байсан гэсэн. Гэвч бууж өгөлгүйгээр зүтгэж тэрхүү хэцүү зүйлийн ард гарч зурагаа зурахаас гадна ном унших, хэлээ сайжруулах, өөрийгөө нээж, өөрчлөхийн тулд хичээж эхэлжээ. 

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хүмүүст уран бүтээлийн талаар ойлголт өгөх, цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор  “LAGOM” урланг нээжээ.

Олон газраар аялж, музей, үзэсгэлэн үзэхээр өнгийг харах үзэмж өөрчлөгдөж, шинэ мэдрэмж авч түүнийгээ бүтээлдээ тусгаж эхэлсэн. Өөрөөсөө илүү хүмүүсээс суралцах ёстой. Харин чадахгүй байгаа нэгнээ шүүмжлэхийн оронд тусалж дэмжих хэрэгтэй гэдгийг Норвегид сурч байхдаа ойлгосон тухайгаа хуучилсан юм.  Тиймдээ ч  тэрээр хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцох дуртай. Учир нь хамтарсан үзэсгэлэнгээс өөрийгөө бусад уран бүтээлчтэй харьцуулж хаана яваагаа мэдэж авдаг гэсэн юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хүмүүст уран бүтээлийн талаар ойлголт өгөх, цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор  “LAGOM” урланг нээжээ. Резинэн арт буюу шингэн шилээр бүтээл хийдэг нь түүний онцлог.  LAGOM гэдэг нь Шведээр илүү ч үгүй, дутуу ч үгүй гэсэн утгатай бөгөөд түүний амьдралын философи ч ийм. Ямар нэгэн юм илүү ч үгүй, дутуу ч үгүй дундаж байх ёстой гэсэн зарчимтай. 

Түүний бүтээлүүд хүнд ямар нэгэн юмыг ухааруулж ойлгуулах, дурсамжийг нь сэдрээх, гуниг төрүүлэх, баярлуулах мэдрэмжийг өгдөг.  Нийгэмд санаа зовоох олон асуудал байгаа учраас илүү хөнгөн гэгээлэг мэдрэмжийг хүмүүст өгөхийг хүсдэг гэв. Түүний  сүүлийн үеийн бүтээлүүдийг харахад хөнгөн боловч асуудал хөндсөн шинжтэй. “Уран бүтээлчдийн замнал хатуу ширүүн, хэзээ ч дардан байгаагүй. Угаасаа дардан байх ч үгүй” хэмээн тэрээр хэлсэн. Гэвч уран бүтээлчийн энэ хатуу ширүүн, дардан бус замаар явж, шантарч зогсолгүйгээр зүтгэсэн чадварлаг залуу уран бүтээлч гэдгийг түүний туулсан зам харуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Б.Чинзориг аваргын алтан медалийн эзэн боллоо

Огноо:

,

"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн анхны Алтан медалийг Баатарсүхийн Чинзориг авч, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.

"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны Алтан медалийг ийнхүү эх орондоо авчирлаа. 

Тэрбээр Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй гурав дахь Алтан медальтан боллоо. Тодруулахад, "Инчён 2014" наадамд Д.Отгондалай, "Жакарта 2018" наадамд Э.Цэндбаатар нар боксчдоос тивийн олимпод манлайлж байсан билээ. 

Баатарсүхийн Чинзоригийн аваргын алтан медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгсөн байна. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

О.Зулхүү хувийн амжилтаа шинэчлэв

Огноо:

,

“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Хөнгөний атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарсанаас О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж, 22-т, Э.Төртогтох 23.21 секундэд барианд орсноор 30-д жагслаа.

Харин эмэгтэйчүүдийн 200 метрийн зайд Б.Солонго 26.01 секунд, О.Мөнхтүмэн 26.41 секундээр замаа дуусгав гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. 

Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долоодугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
 
Мөн тус хурлаар Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож Улсын начин, Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож Улсын харцага, Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож Улсын заан, Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож Улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

Мөн улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох