Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ухаан суухыг нь хүлээсээр...

Огноо:

,

Өрөөн дотор нэг л бүгчим. Тиймээс цонхоо онгойлгохоор очлоо. Өнөөх машин яг л өчигдөр орой байсан тэр л газраа. Бадам ах цонхныхоо шилийг буулгачихсан яг манай өрөөний цонх руу хараад сууж байв.

-Урнаа эгчээ. Бадам ах бас л гадаа ирчихсэн байна. Та дахиад л арын хаалгаар гарч гэр рүүгээ явах уу гэвэл Урнаа эгч бичиг цаасныхаа ажилдаа түүртээд миний хэлж байгаа үгийг ч сайн сонссонгүй.

-Хөөе. Урнаа эгчээ. Бадам ах таныг бас л хүлээгээд зогсож байна гэж чангахан хэлтэл толгойгоо өндийлгөснөө хайхрамжгүй маягаар

-Аан. Тийм үү гэснээ чимээгүй болчихлоо.

Урнаа гэж манай ахлах нягтлан. Юм, юманд тун няхуур ханддаг, цэвэрхэн, жижигхэн биетэй хэрнээ хөөрхөн эгч. Хэзээ ч илүү дутуу хэл аманд өртдөггүй, бас хэнтэй ч эв зүйгээ олчихдог энэ эгчтэй цуг би долоон жил нэг өрөөнд хамт ажиллаж байгаа ч түүнийг нэг л сайн ойлгодоггүй юм. Одоогоос бараг таван жилийн өмнө бөөн уйлаан, нус нулимстайгаа хутгалдсан хүн архи ууж байнга элдэвлэж зовоодог нөхрөөсөө салж, айлын хажуу өрөө түрээслэн ганц охинтойгоо хамт амьдрах болж билээ. Тэр үед

-Та охиноо бод. Яаж ийж байгаад наад гурван өрөө байраа өөрөө ав. Тэр архичнаа хөөгөөд явуулаач гэхэд

-За яахав дээ. Охин бид хоёр сэтгэл амар байхад л болно. Муу ч гэсэн үр хүүхдийн маань эцэг нь шүү дээ. Бид хоёр хаана ч газардахгүй. Амиа аваад явчихна. Харин тэр хүн орох оронгүй болчихвол гудамжиндаа л гарна гэж хэлж байж билээ. Урнаа эгч эрчүүдтэй тун энгийн нийцтэй харьцана. Тэгсэн хэрнээ өөрт нь илүү талтай хандах эрчүүдээс яг л чөтгөр үзсэн юм шиг зугатаана.

-Ганцаараа хичнээн жил амьдрах гэсэн юм бэ? Одоо хань ижилтэй болооч гэхэд дуугарахгүй. Эсвэл

-Аниадаа амьдрал заах нь уу гэснээ гунигтайхан инээмсэглэхээс өөр юу ч хэлдэггүй. Бадам гэж манай харилцагч байгууллагын менежер эр. Ажлын шугамаар ирж уулзсаар бид бие биенийгээ сайн мэддэг болсон билээ. Хөгжилтэй наргианч, бас сүрхий ажилсаг, амь, амьдралдаа тун чамбай эр Урнаа эгчийг сүүлийн хоёр жил эргүүлдэж байгаа ч ганц аятайхан үг сонсож чадаагүйг нь би мэддэг билээ. Энэ тухай бодох зуур Урнаа эгч рүү харлаа. Түүний ажил дуусаж байгаа бололтой.

-Урнаа эгчээ. Хамт гарах уу? Хоёулаа нэг газар орж жаахан сууя л даа. Вино ууж, юм ярьж сууя, таваг хоол хувааж идвэл яасан юм гэвэл Урнаа эгч инээмсэглэснээ

-Болж л байна. Миний дүү цонхоо хаачих гэснээ гарахаар бослоо.

Бид хоёр арын хаалгаар гарч хажуугийн жижигхэн кафед орж суулаа. Чимээ аниргүй, нэг л нам гүм. Юм бодоод л суугаад баймаар тохилог газар ганц шил вино захиалангаа ойр зуурхан юм ярьж хэсэг сууцгаав.

-Урнаа эгчээ. Та яагаад Бадам ахтай уулздаггүй юм бэ? Сайн ч хүн. Сайхан ч хүн шүү дээ гэвэл Урнаа эгч чимээгүйхэн инээмсэглэснээ

-Охины маань аав амьд сэрүүн байгаа шүү дээ гэх нь тэр.

-Таван жилийн өмнө салсан нөхөр чинь үү? Архи ууж таныг элдэвлэдэг, хардаж, зовоодог байсан тэр хүнийг та одоо хүртэл бодож явдаг хэрэг үү гэвэл

-Тийм хүн байгаагүй юмаа. Чи манай Дөшөөг ямар сайхан залуу байсан гэж бодож байна. Миний амьдралын сайхан бүхий л дурсамж тэр хүнтэй хамт өнгөрсөн. Хөөрхий дөө муу талийгаач ээж минь намайг Дөшөөтэй суухад хөл нь газар хүрэхгүй баярлаж, өвөөгөөгөөсөө үлдсэн хөөргийг гарт нь атгуулснаа нулимсаа арчиж байсан юм. Амьдралд нэг л зүйл үнэ цэнэтэй байдаг юм байна гэдгийг эгч нь сайн ойлгож байгаа. Тэр бол анхны хайр... Хөөрхийдөө муу Дөшөөгөө би муугаар бодож чаддаггүй юм гэснээ чимээгүй болчихлоо.

-Тэгвэл та яах гэж салсан юм бэ? гэвэл

-Нэгд охиндоо аавыг нь архи ууж муу муухай явахыг харуулахгүй гэсэндээ. Хоёрдугаарт түүнийг хэзээ нэгэн цагт өөрийнхөө амьдралыг үнэ цэнэтэй байсан юм байна гэдгийг ойлгог гэсэндээ л салсан юм гэх нь тэр.

-Надад бол Бадам ах их сайхан хүн шиг санагддаг гэж хэлтэл

-Чи Бадамыг урьд нь эхнэр хүүхэдтэй байсныг мэдэх үү?

-Үгүй л дээ. Гэхдээ өдий насны хүн насаараа ганцаараа амьдарч яваагүй л байлгүй дээ гэж хэлэхдээ би өөртөө тун итгэлтэй байлаа. Урнаа эгч санаа алдснаа

-Эмэгтэй хүн цаг хугацааны эрхээр бүхий л зүйлийг уучлан боддог. Сэтгэлд буцалж байсан уур бухимдал, атаа хорсол бага багаар дарагдсаар нэг л мэдэхэд яг л цагаан цаас шиг хоосон болж хоцордог юм. Тэр үед дурсамж л босч ирдэг. Нөхрөөсөө салсан хүүхнүүд нөхрөө муулаад, өширхөж, атаа хорсол тээж, амьтан хүнд муу муухайг нь дуудаад гүйж байсныг би л лав мэдэхгүй. Тиймээс Бадамын салсан эхнэр ч гэсэн яг л нэг өдөр нөхрөө ухаан суухыг нь хүлээгээд сууж байгаа байх даа гэж боддог гэв.

-Та тэгээд архичин нөхрөө хүлээгээд л байгаа хэрэг үү гэвэл Урнаа эгч нэг их санаа алдснаа

-Ухаан суухыг нь хүлээж байгаа. Бадамыг ч гэсэн ухаан суухыг нь хүлээж байгаа. Тэр хүн өөрийнхөө босгосон амьдрал үр хүүхэд дээрээ буцаж очих тэр өдрийг ч бас хүлээж байгаа гэснээ дуугаа хураачихлаа.

-Би бол итгэхгүй л байна. Саллаа, өчнөөн жил боллоо. Тэр хүн ухаан суугаагүй шүү дээ гэвэл

-Магадгүй Дөшөөгийн ухаан суухыг би харахгүй ч байж мэднэ. Гэхдээ охин нь аавыгаа ухаан сууж, ямар сайхан амар амгалан амьдрал дунд, ямар хөөрхөн охинтой аз жаргалтай амьдарч байснаа мэдрэхийг харах байлгүй дээ гэснээ инээмсэглэв. Түүний гуниг хурсан нүдний цаана горьдлого найдварын гал асаж байгааг би олж харж билээ.

Урнаа эгчийн үг яагаад ч юм сэтгэлийн мухарт хоргодож үлдчихээд санаанаас гарч өгөхгүй олон өдөр намайг зовоож байлаа. Дөшөө ахыг олох юмсан. Тэгээд Урнаа эгчийн энэ үгийг хэлэх юмсан.

-Урнаа эгч танаас салсан ч гэсэн сэтгэл танаас салаагүй байгаа. Тэр таныг ухаан суухыг, орон гэрээ үр хүүхдээ гээд хүрээд ирнэ гэж хүлээж байгаа шүү гэж очиж чихэнд нь хашгирмаар санагдаж байлаа. Удаан бодсны эцэст Урнаа эгчийн хуучин гэрт явж очлоо. Дөшөө ах аль хэдийнээ байраа зараад нүүчихэж. Гэхдээ байрыг нь худалдаж авсан айлын уриалгахан эзэгтэй худалдах, худалдан авах гэрээн дээрээс Дөшөө ахын утасны дугаарыг өгөхдөө нэг их төвөгшөөсөнгүй. Тэр эзэгтэйгээс Дөшөө ахын утасны дугаарыг авахдаа баярласандаа гар минь салгалан чичирч байлаа. Тэдний хаалгыг дөнгөж хаангуутаа л Дөшөө ах руу залгалаа

-Байна уу? Дөшөө ах уу? Би Урнаа эгчтэй хамт ажилладаг Сараа байнаа гэвэл тэр хайхрамжгүйгээр

-Аан сайн байна уу? Ах нь хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд яаруу явж байна. Эргээд залгаарай гэснээ үг хэлэхийн ч завдалгүй утсаа салгалаа. Тэднийг эвлэрүүлнэ, уулзуулна, Урнаа эгчийн нүдний үзүүрт сүүмэлзэж байсан тэр итгэл найдварын цог бадамлан асахыг харна даа хэмээн бодож байсан дэврүүхэн мөрөөдөл минь унтарч, яг л бүх бие рүү минь ус цэл хүйтэн ус хэн нэг нь цацчих шиг санагдав. Би хий дэмий л

-Урнаа эгч таныг хүлээж байгаа. Охин чинь ч таныг бас эргээд ирнээ гэж бодож суугаа. Ухаан суухыг тань тэд хүлээж байгаа шүү дээ хэмээн амандаа үглэж зогслоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх уриалга гаргасан. Тэгвэл өнөөдөр хотын өнгө үзэмжийг сайжруулж, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Volunteer Mongolia” байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг албан ёсоор эхлүүллээ.

Өнөөдөр 300 гаруй залуус сайн дураараа нэгдэж, Олимпын гүүр болон явган хүний зам, дугуйн замыг угааж, цэвэрлэлээ. “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаа энэ зуны турш үргэлжлэх юм байна.

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг санаачлагч, “Volunteer Mongolia”-г үүсгэн байгуулагч А.Ням-Од “Манай байгууллага 2021 оноос хойш сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Туул гол, Сэлбэ гол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж цэвэрлэх ажлуудыг санаачилж хийж байсан. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг учраас хот өнгө үзэмжтэй байх ёстой.

Наймдугаар сард COP17 олон улсын хурлаар олон зуун зочид, төлөөлөгчид ирнэ. Мөн манай улсад зун жуулчид олноор зочилдог. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны газраа цэвэрлэж, хотоо соёлтой болгохыг залуус бид уриалж байна. Бид дараагийн удаад Энхтайваны гүүрийг цэвэрлэнэ” гэлээ.

Хотын аж ахуйн нэгж, байгууллагууд нь НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр газрын эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг залуус уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо

Огноо:

,

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу нууц санал хураалт явуулан УИХ-ын тогтоол баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Дашзэвэгийн Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, Сандагийн Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, Маналжавын Төрманлайг 56 хувийн саналаар тус тус дэмжиж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив. 

Энэ өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай", "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эхэлнэ

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхөд орших Монгол наадам үзэл санаа, утга агуулгын хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.

Баяр наадмын нээлтийн тасалбарыг  өнөөдрөөс Enaadam.mn, ticket.mn цахимаар сайтаар худалдана. Мөн баяр наадмын нээлтийн тоглолтыг 07-сарын 11-ний 21 цагаас дахин тоглоно.

Наадмын 11,12-ны тасалбар 150 мянга, 7 дугаар сарын 11-ний 21 цагаас тоглох тоглолтын тасалбар 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна

Баяр наадмаар 7 төрлийн автомашины зогсоолыг 20-80 мянган төгрөгийн хооронд худалдана. Мөн энэ жилийн баяр наадмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалбар гаргаж, тэргэнцэртэй иргэдэд зориулсан хэсгийг гаргана ажиллаж байна.  Энэ жилийн хувьд тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдана. Баяр наадмын бөхийн барилдааны нэг хоёрын давааг 7 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас эхэлж барилдана.

Энэ жил зүлэг ногоон дэмжээг өөрчлөхгүй.  Допингийн урьдчилсан шинжилгээг тавдугаар сард авсан байгаа.

Баяр наадмын хурдан морины уралдаанд өөрчлөлт орсон. Долоодугаар сарын 10-ны өдөр шүдлэн, хязаалан уралдсаны дараа эрлийз дунд нас уралдана. Долоодугаар сарын 11-нд Азарга, Их насны дараа мөн эрлийз их нас уралдана.

Долоодугаар сарын 13-нд Дэлхийн морьтны өдрийн том арга хэмжээ Хүй долоон худагт болох учир ийм зохион байгуулалт хийсэн. Олон улсын уралдаан 50 гаруй оронд урилга явуулсан.  Морин парад явагдана. Шүлхий өвчин гарсан аймгуудыг хассан байгаа. Морины стандарт батлагдсан байгаа.

Барилдах эрхээ хасуулсан Улсын арслан Р.Пүрэвдагвын асуудлыг МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөл 7 дугаар  сарын 06, 07-ны үеэр дахин хэлэлцэж шийдвэр гаргана. Учир Р.Пүрэвдагва арслан МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөлдөө хандсан байгаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Шударга мэдээ2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Улстөр нийгэм2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Улстөр нийгэм2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Улстөр нийгэм2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Цаг үе2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Шударга мэдээ2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Цаг үе2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Цаг үе2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Цаг үе2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Санал болгох