Урлаг спорт
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадам боллоо
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам, цагдаагийн байгууллагын 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг 2019 оны 07 дугаар сарын 06 буюу Билгийн тооллын шинийн 4-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын газарт зохион байгууллаа.

Энэхүү бэсрэг наадамд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч, алба хаагч нар оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал үг хэлж, нийт тамирчин алба хаагчдад амжилт хүсч Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг нээн, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын алба хаагчид ая, дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Уг бэсрэг наадамд үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдаж, 11 харваач нум сум харван, 30 хурдан даага уралдуулж хотол олныг баясгасан юм. Ийнхүү наадмын шөвгийн дөрөвт Улсын харцага Г.Алтангэрэл, Аймгийн хурц арслан Ж.Батдорж, Улсын харцага Н.Золбоо, Аймгийн харцага Ш.Чинтулга нар шалгарч, бөхийн түрүүг Аймгийн хурц арслан, Дотоод хэргийн Их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтыг дэг журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батдорж авч, Улсын харцага, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Золбоо үзүүрлсэн юм. Сур харвааны тэргүүн байрт Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн цагдаагийн дэд хурандаа М.Чинбат, дэд байрт Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн ахлах ахлагч Т.Мөнхсоёл, гутгаар байрт Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал нар тус тус шалгарсан юм.

Хурдан дааганы төрөлд:
- Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, н.Бат-Эрдэнийн хар даага,
- Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Н.Нацагдоржийн хүрэн даага,
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо уяач, н.Эрдэнэбатын хүрэн даага,
- Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Б.Баасанбатын буурал даага,
- Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Н.Ариунболдын хонгор даага айрагдсан юм. Энэ жилийн “Баян ходоод” Сонгинохайрхан дүүргийн Жаргалантын харъяат н.Гантөмөрийн хүрэн даага байлаа.





Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн хотол олноорой сайхан наадаарай
Урлаг спорт
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол болж, “Нийслэлийн бахархал” шагнал гардууллаа. Нийслэлийн хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан үр бүтээлтэй ажилласан иргэний амжилт, санаачилгыг үнэлэн алдаршуулав.

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслолыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүд та бидний эрүүл мэнд, амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл чимээгүй хөдөлмөрлөдөг баатрууд бол онцгой байдал, эрүүл мэнд, хот тохижилт, цагдаа бусад үйлчилгээний салбарт зүтгэж буй мянга мянган ажилтан албан хаагчид билээ. Түүхт ойн энэ өдөр есөн салбарын шилдэг төлөөлөл "Улаанбаатарын бахархал" цомыг хүртлээ. Энэ бол та бүхний мэдлэг, ур чадвараа зориулж, хамт олныхоо итгэлийг дааж ирсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ” хэмээн тодотголоо.
“Нийслэлийн бахархал” шагналын эзэд

- “Хотын авран хамгаалагч бахархал” номинаци
Дэмбэрэлсүрэнгийн Анхбаатар - Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч
2009 оноос 17 жил онцгой байдлын салбарт ажилласан.
- 1465 орчим гал түймрийн болон гамшиг ослын дуудлагаар гарч,
- 1265 удаа гал түймэрт байлдааны тархалт хийж,
- 7 тэрбум төгрөгийн төр, аж ахуй, нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө
- 497 хүний амь насыг авран хамгаалж,
- 68 удаа үер усны дуудлагаар үүрэг гүйцэтгэж,
- 194 үерт өртсөн иргэнийг авран хамгаалж,
- 7 иргэний автомашиныг уснаас гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж,
- 598 удаа айл өрхийн галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж,
- 9787 урьдчилан сэргийлэх тараах материалыг иргэдэд хүргүүлэн ажилласан.
- “Аюулгүй зорчилтын бахархал” номинаци
Лувсаннямын Ганзангиа - “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч
Нийтийн тээврийн салбарт 1995 оноос эхлэн 32 жил ажилласан. Зөвхөн 2026 онд:
- 17 зорчигч тээврийн чиглэлд
- 206 хоног зорчигчдод үйлчилж,
- 1568 цаг нийтийн тээврийн шугам замд ажиллаж,
- 1 жилийн хугацаанд 731 рейс гүйцэтгэж,
- 1 өдөрт 1158 зорчигч тээвэрлэжээ.
- “Хот, нийтийн аж ахуйн бахархал” номинаци
Батмөнхийн Мөнххишиг - “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 2013 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Хэрэглэгч, оршин суугчдаас ирүүлсэн хүсэлт, өргөдлийн шийдвэрлэлтэд байнга хяналт тавьж, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцаж ирсэн үлгэр жишээ шилдэг ажилтнуудын нэг юм.

- “Эерэг өөрчлөлтийн бахархал” номинаци
Баатарчулууны Нандинцэцэг - Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн ахлах нийгмийн ажилтан. 2010 оноос нийгмийн хамгааллын чиглэлээр 16 жил ажилласан. Нийгмийн салбарт, тэр дундаа гэр оронгүй иргэдэд үйлчлэх үйлсэд тасралтгүй 16 жил ажиллах хугацаандаа иргэн нэг бүртэй ажиллаж, тэдний амьдралын чанарыг сайжруулж, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
- “Эрүүл мэндийн бахархал” номинаци
Алтангэрэлийн Нямсүрэн - Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгийн гэмтэл, согогийн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч. 2014 оноос эрүүл мэндийн салбарт 12 жил ажилласан.
А.Нямсүрэн нь сүүлийн 5 жилийн хугацаанд:
- 64,796 амбулаторийн үзлэг
- 12,087 урьдчилан сэргийлэх үзлэг
- 5,846 хүнд мэс заслын ажиллагааг багаа ахлан хийж, хүндрэлгүй тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.
- “Хотын үзэмж бахархал” номинаци
Сарангэрэлийн Цэдэвдорж - Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-д хог тээвэрлэлтийн ачигч, зам талбайн үйлчлэгчээр 2004 оноос хойш өнөөг хүртэл 22 жил тасралтгүй ажиллаж байна. Авто зам болон явган замын цэвэрлэгээг технологийн дагуу чанартай гүйцэтгэж, зам талбайгаа өдөр бүр 3 удаагийн давтамжтайгаар цэвэрлэж, өдөр бүр тогтоосон төлөвлөгөөг давуулан биелүүлэн ажилладаг.

- “Эрдмийн бахархал” номинаци
Начингийн Оюунчимэг - Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш. 1987 оноос боловсролын салбарт 39 жил ажиллаж байна. Физикийн хичээлийн заах арга зүйг сайн эзэмшиж, сурагч бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Түүний шавь нарын гаргасан амжилтаас дурдвал:
Аймаг, нийслэлийн физикийн олимпиадаас: 44 алт, 40 мөнгө, 59 хүрэл
Улсын физикийн олимпиадаас: 17 алт медаль буюу 17 удаа улсын аварга, 29 мөнгө, 35 хүрэл
Олон улсын физикийн олимпиадаас: 3 мөнгө, 9 хүрэл
Ази тивийн физикийн олимпиадаас: 1 мөнгө, 5 хүрэл медаль тус тус хүртэж нийтдээ олон улсын 24 медаль хүртсэн байна.
- “Аюулгүй хотын бахархал” номинаци
Таупихын Ардабек - Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч. Т.Ардабек нь 2026 онд:
- 28 удаа авто эргүүлийн чиглэлд
- 672 цагийн үүрэг гүйцэтгэж,
- 314 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Мөн 2026 оны 10-р сарын 06-ны өдрийн 09:00 цагт эргүүлийн үүргээ гүйцэтгэж дуусаад гэртээ харих замдаа СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцанд гал түймэр гарч байгааг мэдэн галын голомтод байсан 13 настай 1 охиныг аврахын зэрэгцээ 7 айлын 9 иргэнийг болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.
- “Сайн үйлсийн бахархал” номинаци
Цэвээний Энхбаатар - Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор. 2002 оноос байгаль орчинд ээлтэй сайн үйлсийн олон ажил хийж гүйцэтгэж ирсэн.
- Тужийн нарсны мод үржүүлгийн газар нарсны тарьц тарьж, ургуулж ойжуулалт хийсэн. Чингэлтэйн дээд Салхитад 4 га газарт ойжуулалт хийсэн.
- Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Сэлхийн Гүнжийн булгийг тохижуулахад оюутан, сонирхогчдыг уриалан 5 жил дараалан 5000 орчим улиас, хайлаас, бургас тарьж, услах, хамгаалах ажлыг сайн дураараа хийж байгаа.
- 2023 оноос Хамрын хийдэд 200 гаруй монос, бүйлс тарьж ургуулсан.
- 2023 оноос Сэлхийн зуслангийн ууланд ойжуулах ажлыг эхлүүлж, 2 га газар хашаажуулан, улиас, монос, хайлаас, чацаргана, шинэс, гацуур зэрэг 3000 гаруй мод тарьсан бөгөөд өнөөдөр 90 хувийн ургалттай байна.






Урлаг спорт
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгоор уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо.

“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарьд”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” удиртгал, Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.

Мөн “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болно.



Урлаг спорт
Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулж буй Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын гала тоглолт боллоо.
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат гала тоглолтыг нээж, үг хэлэв.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.
Энэ удаагийн наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2,531 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 19 сургуулийн 767 сурагч шалгаран оролцож, авьяас, чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдгүүд:
Тэргүүн байр: Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” найрал дууны хамтлаг
Дэд байр: Монгол дахь Канад сургуулийн “Нарны үр сад” найрал дууны хамтлаг
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” сургуулийн “Гэгээ” найрал дууны хамтлаг
Тусгай байр:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” найрал дууны хамтлаг
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн “Одод” найрал дууны хамтлаг
Нэрэмжит шагнал:
- Д.Лувсаншаравын нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургуулийн “Melody” найрал дууны хамтлаг
- Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн “Яруу эгшиглэн” найрал дууны хамтлаг
Тусгай номинаци:
- Шилдэг удирдаач багш: Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Филиппова Кристина Витальевна
- Шилдэг сургуулийн удирдлага: “Логарифм” дунд сургуулийн хамт олон
Тус наадам нь хүүхэд багачуудын хөгжмийн авьяасыг нээн хөгжүүлэх, найрал дууны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол, урлагийн мэдрэмжийг төлөвшүүлэх, сургуулийн хөгжмийн боловсролын чанарыг дээшлүүлэх, найрал дууны урлагийн уламжлал, өвийг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.










-
Цаг үе2021/07/29
Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө
-
Улстөр нийгэм2019/09/16
Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
-
Цаг үе2025/04/11
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ оны шинэ дугаар хэвлэгдлээ
-
Улстөр нийгэм2021/10/27
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид тангараг өргөлөө
