Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Эмгэнэл

Огноо:

,

Ганбаярын БАТХҮҮ
/1985-2020/
 
Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн мэргэжлийн ур чадварыг тодоор харуулсан чадварлаг сэтгүүлч Ганбаярын Батхүү нь 2020 оны зургаадугаар сарын 20-нд ажил, үүргээ гүйцэтгэж яваад авто ослоор амиа алдаж, нөхөж баршгүй гарз тохиолоо.

Г.Батхүү нь1985 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Ганбаярын ууган хүү болон мэндэлсэн. 1992 онд Улаанбаатар хотын 10 жилийн 4 дүгээр сургуульд элсэн орж, 2002 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2002 онд Радио телевизийн дээд сургуульд элсэн орж, 2006 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
 
Сургууль төгссөн цагаасаа ажлын гараагаа эхэлж, сэтгүүлзүйн салбарын нэгэн тод өнгө болон ажиллаж байлаа. Тэрээр 2006 оноос 2009 онд TM телевиз, 2009-2016 онд ТВ8 телевиз, 2018 оноос өнөөдрийг хүртэл ТВ4 телевизийн сэтгүүлч, мэдээллийн албаны даргаар ажиллаж байлаа.
 
Ганбаярын Батхүү нь телевизийн салбарт ажиллах хугацаандаа 2008 оны ТМ телевизийн шилдэг ажилтан, 2010, 2012 онуудад ТВ8 телевизийн шилдэг ажилтан, 2018 онд ТВ4 телевизийн шилдэг ажилтнаар тодорч, ажил мэргэжлээрээ манлайлагч гэдгээ харуулсан юм.
 
Тэрээр олон зуун мэдээ, мэдээллийг олон нийтэд бэлтгэн хүргэж, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг нэгэн байлаа.
 
Түүнийг ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсанд гэр бүл болон ажлын хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
 
Талийгаачийн нөхөрсөг, алиа хошин, бүтээлч, хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь үүрд хоногшин үлдэх болно.
 
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхээр ирлээ

Огноо:

,

Цар тахал дундуур хөллөсөн их улс төр, иргэдийн жагсаалыг нийгмийн үнэт зарчимд тулгуурлан, төрөөс бодитой арга хэмжээ авснаар чимээ намдаав. Гэхдээ Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг ажлаа өгөхөд иргэд олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Тэрээр нийгэм, эдийн засаг, шударга ёсны чиглэлд олон ажил эхлүүлж, гараанаас гаргасан нь тун амжилттай явж байсан учраас гацах магадлалтай гэж үзсэн бололтой. Харин түүний оронд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон нь иргэдийн энэ эргэлзсэн байдлыг арилгаж орхив.

Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, засгийн бодлогыг гардан гүйцэтгэж байсан нь иргэд олон нийтийн таалалд нийцэв бололтой. Төрийн залгамж чанар гэж нэг орхиж болдоггүй зүйл байгааг ч хаа хаанаа анзаарсан хэрэг биз ээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд төрийн анхан шатны нэгж сумын Тамгын газраас ажлынхаа гарааг эхэлсэн төрийн албаны дадлага туршлагатай төдийгүй МАН-ын залуучуудын байгууллагаас эхлээд улс төрийн албан тушаал өгсөж хашсан гээд үеийн залуусаас ялгарах давуу талтай. Эрх баригч намынхан ч төр, улс төрийн албанд шат дараалан бэлдсэн залуу лидерээ санал болгон дэмжсэн юм.

Хамгийн гол нь тэрээр 2016 онд парламентад хөл тавьсан даруйд нийгэм, улс төрд шударга ёсны салхийг эхлүүлсэн залуу улстөрч гэдгээр нь монголчууд андахгүй мэднэ. Монголын ардчиллын түүхэнд анх удаа залуу улстөрч зоригтой тэмцэл өрнүүлж, үүндээ шударга иргэдийн дуу хоолойг нэгтгэсэн явдал байв. Тиймээс улс төр судлаач, шинжээчид Л.Оюун-Эрдэнийн тэмцлийг “МАНАН дэглэмийг унагаасан нь ардчиллын жилүүдийн түүхэн үйл явдал…” хэмээн тэмдэглэсэн билээ. Өнөөдөр ч Монгол Улсын улс төрд эхлүүлсэн шударга ёсны тэмцэл өрнөж байгаа учраас Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноор энэхүү ажил улам бүр хаяа хүрээгээ тэлнэ хэмээн олон нийт харж байна. Болохгүй зүйл алга.

У.Хүрэлсүхийн эдийн засаг, бүтээн байгуулалтын чиглэлд эхлүүлсэн ажлыг тэр засгийн гал тогоог барьж байсан хүний хувиар сайн мэдэж үргэлжүүлнэ. Шударга ёсны талд эхлүүлсэн ажлыг нь тэр тэмцэгч залуу хүний хувиар давуулан хэрэгжүүлж таарна. Хөхөө өвлийн хүйтнээр дөрвөн гишүүний хамт талбай дээр гарч, иргэд олон нийтийг шударга ёсны тэмцэлд уриалж байсан цагаас хойш төрд бугшсан шударга бус зүйлийг илчилсээр ирсэн юм. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын даргыг тэмцлээр огцруулсан анхны тохиолдол байв.

Тэмцлийн үрээр “60 тэрбум”-ын гэх хэргийг эздэд хариуцлага тооцоход, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувь бүлэглэлийн гарт орсныг төрд буцаан авахад, улсын өмчит үйлдвэрийн газруудад байдаг шахааны бизнесийг таслан зогсооход магнайлан оролцсон гээд дурдаад байвал олон зүйл бий. Иргэд олон нийт ч МАН зоригтой залуу хүнээ гаргаж ирлээ. Ууган нам аливаа зүйлд хариуцлага тооцож чаддаг, бас чадвартай зорилготой залуусаа дэмжиж чаддаг хэмээн ярьж хэлж байгаа нь шинэхэн Ерөнхий сайдад хаягласан үг буй заа.

Түүний шударга ёсны төлөөх тэмцлийг үргэлжилнэ гэдэгт иргэд гүн итгэлтэй байгааг нийгмийн салхинаас анзаарч болно. Энэ бол эрх чөлөөт нийгмийн “эцэг” гэж болох АНУ-д сурч боловсорсон залуу хүний зоримог үйлдэл юм. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ. Нөгөө талаасаа Бэрх тосгоны Тамгын газраас эхлээд дүүргийн Тамгын газар, Төрийн ордон хүртэл шат дамжин өгсөж ажиллахдаа төрд бугшсан хууль бус зүйл, авлига хээл хахууль гээд олон зүйлтэй тэмцэхээр эртнээс төлөвлөж явсан нь энэ цагийнх нь тэмцлээс тодорхой харагддаг. Тиймдээ ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө шударга ёсны төлөө тэмцэж байсан хүний хувиар эрчтэй зоригтой залуу хүнийг энэхүү тэмцлээ үргэлжлүүлэн ажиллах нь дамжиггүй гэдэгт итгэсэн хэрэг биз ээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Монгол Путинтай болохгүй…

Огноо:

,

Юм гаднаасаа гял цал харагдах нь элбэг. Юу гэхээр Путинг гаднаас нь бид жинхэнэ удирдагч, зангарагтай эр гэж хардаг. Гэвч үнэндээ үүдэн хоймрын зайд эрх чөлөөний тэмцэл Путин гэгч хэн бэ гэдгийг хангалттай харуулж байна. Их гүрнийг дарангуйлан төрийн эрхийг 20 жил атгасан В.Путины савраас Оросын ард түмэн эрх чөлөөгөө тасдан авахаар тэмцэж байна.

Анхлан 200 гаруй хүний эсэргүүцлээр эхэлсэн уг жагсаал 100 гаруй мянган хүнийг хамарч Оросын өнцөг булан бүрт цар хүрээгээ тэлэн өргөжсөөр. Бүх орос Төрийн тэргүүнийхээ эсрэг нэгдэхэд бэлэн болов. Бидэнд хамгийн ойрын жишээ энэ. Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, амьд явах гэхчилэн хүний түгээмэл эрхүүдээ Үндсэн хуулиндаа суулгаж чадсан азтай ард түмэн. Гэвч эрх чөлөөний эсрэг дарангуйллын гэтэлгээ хумсаа нуусан муур шиг ойртож буйг мартаж болохгүй. Ямх ямхаар биднийг залгих нэг хүний дарангуйлал үндэс сууриа бэлдээд эхэлсэн нь Х.Баттулгын монгол Путин болох санаархал юм.

Үүний нотолгоо нь нялх биетэй эхийг, мэндлээд ганц хонож буй алгын чинээ үртэй нь дүн өвлөөр нүцгэн шахам эмнэлгийн машинд ачиж, ХӨСҮТ рүү зөөж буй бичлэгээс харж болно. Үүнд эмзэглэсэн Монголын ард түмэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эцэг хүний хувиар, Засгийн газрын тэргүүний хувиар элэг шимширч байгаагаа мэдэгдэн хоёр сайд бус танхимаараа огцор буйгаа олон нийтэд зарласан нь цочир мэдэгдэл болов.

Нэг хэсэг нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль угтсан операци гэж улс төржүүлсэн бол дийлэнх нь Монголд шударга ёсны салхи жинхэнэ утгаараа сэвэлзэж ирсэн хэмээн хүлээн авч байна. Үдээс өмнө иргэдийн үзэл бодлын индэр болсон жагсаал үдээс хойш нь Төрийн эргэлт хийх гэсэн улс төрийн болон Ерөнхийлөгчийн “хор” гүйж эхлэв. Аливааг ашиг болгож хардаг наймаачин хүний зан л байх. Үүнтэй эвлэрвэл үндэсэндээ бид ардчиллын эсрэг асар том нүгэл үйлдэнэ гэсэн үг.

Орос, Монголын хооронд хоёр том ялгаа байгаа юм. Монголд өрнөсөн тайван жагсаалд оролцогчдыг цагдаа нар хүч хэрэглэх бус тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгож, хувцасаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн залуу дээр очсон цагдаа “Ах нь чам шиг хүүтэй хүн. Эрүүл мэнд чухал. Хувцасаа өмс” хэмээн эцэг хүний хувиар зөвлөн хувцасыг нь өмсүүлж байхад хойд хөршид жагсагчдыг бороохойгоор нүдэн, гарт нь гав зүүж, хүч хэрэглэн ачиж байгаа юм.

Одоо 1000 гаруй хүн баривчлагдаад буй мэдээлэл бий. Хэрэв Засгийн тэргүүн У.Хүрэлсүх Хуулийн сайддаа чиглэл өгөөд дараад авах боломжтой ч ард түмнийхээ итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандсан нь түүнийг хэн бэ гэдгийг харуулж өгсөн хамгийн том бодит жишээ юм. Орост өрнөж буй процесс Монголд давтагдахаас тэр урьдчилан сэргийллээ. Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайдаа явуулаад өөрөө үлдэж болох ч тосон ирэх жилүүдэд улс төрийн хариуцлага, ухамсар, ёс зүй байх ёстой гэдгийг өөрөөрөө үлгэрлэж чадсан нь шинэ эргэлтийн эхлэл болж чадав.

Сав л хийвэл цаазын ялыг сэргээнэ, боломж л гарвал Төрийн эрхийг гартаа бүрэн төвлөрүүлэх хүсэл сонирхолтой одоогийн Төрийн тэргүүнд эрх чөлөөгөө, ардчиллын үнэт зүйлсээ тушааж хэрхэвч болохгүй. Хамгийн наад захын жишээ Ардчилсан намыг халаасандаа оруулахаар зүтгэж буй Х.Баттулгын хэт улайрлаас харж болно. Монгол нь монголоороо, Орос нь оросоороо, Путин нь Путинээрээ үлдэж, Монголын ард түмэн дарангуйллыг сөрсөөр байх болно. Тиймээс туурга тусгаар Монгол Улс Путинтай болж хэрхэвч болохгүй. Бид долоодугаар сарын 1-нийг мартаагүй.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Баттулга: Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.

Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох