Улстөр нийгэм
Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд 470 орчим хүн ажиллаж байна

Өчигдөр буюу 06 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн.

Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-элгэн өртөөний замчид болон холбогдох байгууллагын 470 орчим хүн оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

Мөн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үнэлгээг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.






Улстөр нийгэм
МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад шаардлага хүргүүллээ
Харин энэхүү шаардлагад "Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга та Үндсэн хууль зөрчиж, МАН-ыг тараах тухай хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгуулалд халдаж, ардчилсан, эрхзүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа. МАН нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөн ажилласаар ирсэн, аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна" гэсэн байна.



Улстөр нийгэм
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны 06.00 цаг хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.
Улаанбаатар 24,242
Архангай 258
Баян-Өлгий 5
Баянхонгор 81
Булган 74
Говьсүмбэр 37
Дархан-Уул 437
Дорноговь 59
Дорнод 22
Дундговь 39
Завхан 129
Орхон 336
Өвөрхангай 208
Сүхбаатар 143
Сэлэнгэ 361
Төв 606
Увс 26
Ховд 197
Хөвсгөл 62
Хэнтий 53 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.
Улстөр нийгэм
“АН гаднын нөлөөллийн компанитай гэрээ хийсэн” гэх баримтыг дэлгэлээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Өчигдөр /2021.04.22 / АНУ-ын Foreign Lobby Report хэмээх Твиттер акаунт дээр “Монголын Ардчилсан нам АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр сарын хугацаанд хамтран ажиллах 50 мянган долларын гэрээ байгууллаа” гэдэг мэдээлэл гарсан юм. 2008 оны долоодугаар сарын 1-ний өдрийн үйл явдлаас хойш Монголын улс төрийн гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй аман тохиролцоо явж ирсэн. Үүнд сонгуулийн үеэр улс төрийн намууд гадна, дотны хөрөнгө мөнгө, дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө авахгүй. Сонгуулиа өөрсдөө хийж байхаар тохирсон. Энэхүү тохиролцоо нь тус гэрээгээр эвдэгджээ. Үүнд харамсаж байна. Foreignlobby.com вэб сайттай Foreign Lobby групп АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль буюу 1938 оны хуулиар АНУ-д гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол гэрээгээ хавсаргаж бүртгүүлдэг. Мөн хуулийн дагуу АНУ-ын Хуульзүйн яам нь бүртгэдэг юм. Тухайн яамны National Security Division буюу Үндэсний аюулгүй байдлын газрын Сөрөг тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайт дээр энэхүү гэрээ гарч ирсэн. Хамгийн ойлгомжгүй зүйл нь УИХ-ын гишүүн Ц.Туваан “Энэхүү гэрээнд гарын үсэг зураагүй” гэж мэдэгдлээ. Нэгдүгээрт, Ц.Туваан гишүүний өмнөөс хэн гарын үсэг зурав? Хоёрдугаарт, гэрээний гол зорилго нь ойлгомжгүй байна. Учир нь Монголын Ардчилсан намын нэрийн өмнөөс Монголын ардчилал, Тусгаар тогтнолыг дэмжих гэсэн зорилготой гэсэн нь ойлгомжгүй байна. Үүний учрыг олоход хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтээс туслахыг хүсч байна” гэсэн юм.
Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлэл хийсэн. Тэрбээр “Foreign Lobby Report нь АНУ-ын лобби байгууллагуудтай хийсэн бүх гэрээг ил болгож, маш олон хууль бус лоббиг илчилдэг байгууллага юм. Тус байгууллагын вэб сайтад Ази болон бусад улс орны авлигын сүлжээтэй холбоотой улс төрийн албан хаагчид АНУ-ын лобби байгууллагуудыг хөлсөлж хууль зүйн болон бусад дэмжлэг авсан маш олон баримтыг дэлгэж тавьсан байна. Тухайлбал 2021 оны хоёрдугаар сарын 1-нд “Монголын улс төрч, уул уурхайтай холбоотой авлигын асуудалдаа лобби байгууллага хөлсөллөө” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэрээг ил болгожээ.
Мөн Мьянмар улсад төрийн эргэлт хийгээд байгаа цэргийнхэнд хоёр сая долларын лобби гэрээ хийсэн баримтыг 2021 оны гуравдугаар сарын 9-ны өдөр вэб сайтдаа тавьсан байна. Гэрээний заалтыг харахад улс төрийн зорилготой гэдэг нь харагдаж байна. Мөн гэрээнд 50 мянган доллараар зогсохгүй тухайн гэрээнд хэвлэл мэдээллийн салбарт хийсэн үйлчилгээний төлөө 100 мянгаас доошгүй төлбөр орж ирвэл түүнийг нэхэмжлэл хүлээж авснаас хойш ажлын гурав хоногийн дотор шилжүүлнэ гэх мэтээр маш их мөнгөн дүн тусгагджээ. Монголын улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд олон улсын байгууллагатай гэрээ хийх, хамтран ажиллахыг хориглосон байдаг. Гэтэл Ардчилсан намын энэхүү гэрээгээр 50 мянган долларын үйлчилгээ хийлгэхээс гадна, хэвлэл мэдээллийн зардал нь нэмэгдвэл ойролцоогоор 280 мянга орчим долларын гэрээ хийгдэж Монголын ард түмний тархи угаахад энэхүү мөнгийг зарцуулахаар харагдаж байна. Энэ нь улс төрийн болоод тусгаар улсын хувьд Монгол улсын дотоод асуудалд оролцож байгаа хэлбэр учраас санаа зовниж энэхүү мэдээллийг хийж байна. Ардчилсан нам үүнд албан ёсны байр суурь илэрхийлэхийг хүсч байна” гэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “ УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ асуудлыг мэдэхгүй гэдэг тайлбарыг өгч байгаа. Гэхдээ АНУ-ын Төрийн Департментын албан ёсны гэрээ хэлэлцээр болон лобби компаниудын гэрээ хэлэлцээрийг бүртгэдэг бүртгэлийн системд зөвхөн албан ёсны гэрээ л бүртгэдэг. Иймээс энэ гэрээ бол албан ёсны гэрээ юм. Харин гэрээнд хэн гарын үсэг зурсан бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Дараагийн том асуудал бол бид Монголын Ардчилсан тогтолцоог өөрсдөө хийх ёстой. Сонгуулийн үйл ажиллагаанд гаднаас нөлөөлж болохгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгуулийн үеэр ОХУ-аас ийм төрлийн дэмжлэг авсан асуудал хөндөгдөж байсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа шалгагдаж байсан түүх бий. Манай улсад мөн 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд гадны оролцоо орсон гэх сэжиг байдаг ч нотолж чаддаггүй. Гэтэл Монголын том улс төрийн хүчин энэ асуудлыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь Монгол хэмээх тусгаар улсын хувьд Үндэсний аюулгүй байдал, Ардчилалын дархлаатай холбоотой том асуудал хөндөгдөж байна. Иймээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна” гэсэн юм.