Улстөр нийгэм
Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд "Улаанбаатар такси каб" ХХК -г байгуулсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийж хэрэгжүүлж эхэлж байна.
Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб" ХХК, "Юби каб" ХХК-ууд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан "ХОТ ТАКСИ" брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.
Эдгээр стандартын шаардлага хангасан загвар таксины эхний ээлжийн 50 таксиг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэхийг нь шалгаж, жолооч нартай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо.
Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийнхээ нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, стандартад нийцүүлэх, хотын иргэдээ аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах хотын бодлогыг дэмжиж стандарттай такси бий болгох үйл ажиллагаанд нэгдэж, хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна. Улаанбаатар хот хувийн хэвшилтэй хамтран хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор зорьж байна. Стандарт, аюулгүй байдал хангасан 800 такси үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон. Цаашид тоог нь нэмээд явна. Хувиараа такси эрхэлдэг бүх иргэд энд хамрагдах боломжтой” хэмээв.
"ХОТ ТАКСИ" үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа аж. “Улаанбаатар такси каб" ХХК нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой, тодорхой стандартын шаардлага хангасан /Зөв талдаа рультай, өнгө үзэмж цэвэр цэмцгэр/ жолооч нарыг албан ёсоор бүртгэж эхэлжээ. Одоогоор 800 гаруй жолооч бүртгүүлсэн байна.
Гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай таксигаар үйлчлүүлэх боломжтой
Түүнчлэн “Юби каб” ХХК-ны UBcab аппликейшн нь 70 мянган хэрэглэгчтэй, 1 сая амжилттай аялал хийсэн. 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа үндэсний мэдээллийн технологийн төслүүдийн нэг аж. Такси үйлчилгээний нөхцөл байдал муу, гэмт хэрэг их гаргадаг, жолооч нарын харилцаа хандлага иргэдэд үйлчлэхэд хангалтгүй байдаг зэргийг цэгцэлсэн Олон улсад бидний мэдэх UBER, GRAB, Яндекс шиг Монголын улсын "ХОТ ТАКСИ" үйлчилгээнд гарч эхэллээ. Та гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай, ая тухтай "ХОТ ТАКСИ"-гаар үйлчлүүлэх боломжтой.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компаний 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж 8 хувь нь юм байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл