Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Цаашид Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим даван үерлэх төлөвтэй байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.
Үүнд:
- Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
- Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
- Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Цаг үе
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.
Иргэд та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

Цаг үе
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Цаг үе
ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэр нь үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойг онцолж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байгааг дурдсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киевийн дэглэмийг террорист үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар мэдэгдсэнийг иш татжээ.
Ийм нөхцөлд болзошгүй аюул заналыг багасгахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч буйг Песков тэмдэглэсэн байна. Тэрбээр парад цуцлагдахгүй, харин товчруулсан хэлбэрээр зохион байгуулагдана гэдгийг тодотголоо.
Мөн өнгөрсөн жилийн парад нь ойт жилийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан бол энэ жил ойт жил биш тул цар хүрээ багассан байгааг дурдсан байна.
