Улстөр нийгэм
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон улсын Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын шинэ Засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, дээд өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг бүрэн ашиглахын чухлыг тэмдэглээд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд эхлүүлэхийн тулд хоёр тал нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.
Элчин сайд Х.Кобаяши “COVID-19” цар тахалтай тэмцэхэд улс орнуудын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцолж, Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши хамтын ажиллагааны уламжлалт салбаруудаас гадна мэдээллийн технологи зэрэг шинэ салбарт хамтран ажиллах нөөц боломж байгааг онцлов.
Талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг эртнээс сайтар хангаж ажиллахаар тохиров.

Улстөр нийгэм
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно. Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.

Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй.
Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа ард түмэн шүүн тунгаана” гэлээ.

21 дэх жилдээ болж буй энэхүү өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.
“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.
Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.
Өдгөө:
-
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
-
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
-
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
-
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
-
“Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.
Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.
Улстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
-
Үзэл бодол2020/04/07
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ
-
Цаг үе2026/03/05
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт...
-
Цаг үе2023/06/13
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2025/01/20
Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв
