Улстөр нийгэм
Зүүн гурван аймагт энэ онд үер, усны ослоор 13 иргэн амь насаа алдсан байна
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн өвөлжилт, тулгамдсан асуудалтай танилцан үүрэг чиглэл өгч ажилласан.
Ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Тус аймагт зүүн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Тиймээс Сүхбаатар, Дорнод аймгийн засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох албаныхан уулзалтад оролцож байна.
Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нээн үг хэлсэн. Тэрээр сүүлийн гурван жилд зүүн аймгуудын нутагт аюулт үзэгдэл, ослын 808 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 53 хүн амь насаа алдаж, нийт 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирсныг онцлон тэмдэглэлээ.
Тэр дундаа Дорнод аймагт ой хээрийн түймэр, хил дамнасан хээрийн түймэр сүүлийн жилүүдэд ихээхэн гарсан байдаг.
Түүнчлэн малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин зүүн аймгуудад голомтлон гарч байсан байна.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "2016, 2017 онуудад зүүн гурван аймгийн 37 сум буюу нийт сумын 80.4 хувьд хонины цэцэг өвчин гарч 4148 толгой мал, 2017, 2018 онуудад 28 сум буюу нийт сумын 60.8 хувьд шүлхий өвчин гарч 4227 толгой малыг зориудаар устган Засгийн газраас 2.8 тэрбум төгрөг зарцуулсан" гэдэг тоон мэдээлэл хэлсэн юм.

Зүүн гурван аймагт 2017-2020 онд тохиолдсон 37 удаагийн үер болон усны ослоор 57 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар сар гэхэд Дорнод аймагт хоёр, Сүхбаатар аймагт гурав, Хэнтий аймагт 6 хүн цаг бусаар амь насаа алджээ.
Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "7 дугаар сарын 20-ны өдрийн байлаар зүүн гурван аймагт гол мөрөн, тогтоол усанд 13 иргэн амь насаа алдсан байна" гэдэг тоон мэдээллийг танилцуулагдаа онцолсон.
Харин зуншлагийн тухайд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Халхгол сум, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэг буюу Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаар гандуу, газрын гарц муу, бусад нутгаар зуншлага сайн хэдий ч өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар улсын хэмжээнд 2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.
Аймгийн Засаг дарга нараас Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт Дорнод аймагт 2019 онд 95.7 хувь, 2020 оны явц 50 хувь, Сүхбаатар аймагт 2019 онд 97.5 хувь, 2020 оны явц 56.2 хувь, Хэнтий аймагт 2019 онд 96.3 хувь, 2020 оны явц 21.8 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтэд анхаарах хэрэгтэйг Шадар сайд Я.Содбаатар аймгийн засаг дарга нарт анхаарууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2025/05/21
Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна
-
Цаг үе2022/10/17
Оюутнуудыг ЭМД-аар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулна
-
Цаг үе2021/03/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Улстөр нийгэм2020/07/16
Архангай аймагт шатахуун ачсан автомашин осолдож, 2 хүн нас баржээ
