Үзэл бодол
Д.Чойжамц: Төгрөгийг уул овоонд өргөхгүй байх нь зохистой

-Мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж булж орхино гэдэг тусгүй хэрэг-
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба Д.Чойжамцаас цөөн асуултад хариулт авлаа.
-Төгрөг бол арилжааны хэрэгсэл төдийгүй манай улс тусгаар оршиж буйн баталгаа. Гэтэл үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэт зүйл сүүлийн үед бүдгэрэх болсон. Иргэдийн дунд төгрөгтэй зүй бус харьцах нь олширч байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх боломж, гарц байна вэ?
-Монголчууд эртнээс нааш амны хишиг, буян заяаг дээдэлж ирсэн ард түмэн. Буддын шашин бол асар том гүн ухаан. Хүний амьдралд хүртээлтэй, амьдралын өдөр тутамд хэрэгжих сургаал болж хэрэгждэг. Энэ нь бидний уугуул соёл, уламжлалтай нийцсэнээр буддын шашин Монголд их түгсэн байдаг. Ер нь аливаа зүйлд арвич, хямгач байж, зүй зохистой эдэлж, хэрэглэх нь зөвхөн энэ төрөлд бус, дараагийн төрөлд ч бас хангалуун, сайхан амьдрахын нэг үндэс болдог гэж үздэг. Тийм учраас монголчууд олон зууны туршид эд зүйл, мал ахуйгаа хайрлан, хамгаалж, өсгөн арвижуулахыг зорьж ирсэн. Мөнгөний тухайд бол одоогийн залуучууд хорчийлгож базаад, халаасандаа хийчихдэг болжээ. Би нэг дурсамж ярья. Хуучны нэгэн танил өвгөн мөнгөнд их нямбай ханддаг юм. Тэр мөнгөө индүүдээд, ихэд нандигнан түрийвчиндээ хийдэг. Мөнгөнд ийм айхтар хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг шүү дээ. Тэр өвгөн тийм ч өндөр тэтгэвэр авдаггүй. Гэхдээ ажил хийж, цалин авдаг залуучуудад мөнгө зээлүүлдэг. Намайг уулзаж байх үед нэг залууд мөнгө зээлүүлж харагдсан. Тэгээд мөнгөө өгөхдөө “Би аливаа зүйлийг хайрлаж, хамгаалдаг хүн. Аливаа зүйл ертөнцийнхөө жам, араншингаар явсаар хайрладаг тал руугаа л явдаг юм” гэж хэлж байсан. Ер нь манай ахмадууд Монгол Улсынхаа мөнгөн дэвсгэртийг ихэд дээдэлж, нандигнан, хамгаалдаг. Тэгж чадсанаараа эдийн заяа тэтгэдэг гэж үздэг байсан юм билээ.
-Төрийн сүлдээ мөнгөн тэмдэгт дээрээ манай улс залсан. Энэ нь ихээхэн учир бэлгэдэл агуулдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь дээр үед монголчууд мөнгийг их хайр, гамтай хэрэглэдэг байсан. Ялангуяа, лам нар, хөдөөгийн малчин өрхүүд. Том түрийвчтэй, тэндээ мөнгөө маш нямбай, эмх цэгцтэй хадгалж, гадуур нь давхарлан баадагнадаг байсан. Ганц манайх ч гэлтгүй, Азийн орнуудад мөнгөө баадагнаж хадгалах нь их. Намайг Японд явж байхад тус улсын иргэд бүгд л өөрөө өөртөө таарсан жижигхэн бааданд мөнгөө хадгалдаг юм билээ. Тэр нь ихээхэн өвөрмөц, чамин санагдсан. Бидний өвөг дээдэс ч ялгаагүй бааданг их эрхэмлэж ирсэн. Дээл, хувцсаа хадгалахдаа хүртэл хэзээ ч задгайгаар нь хадгалдаггүй ард түмэн. Баадагнаад, дотор нь гоё үнэртэн хийчихдэг. Дараа нь гаргаж ирээд өмсөхөд сайхан үнэртэй байна. Нэг ёсондоо энэ бол “соёл” гэж хэлэх гээд байгаа санаа юм.
-Жижиг мөнгөн дэвсгэртүүдийг уул овоонд өргөх, тахилгад ихэд хэрэглэх боллоо. Нэг талаасаа сүсэг бишрэлийн илрэл мэт боловч эдийн засагт эргэлдэж байх учиртай мөнгө энэ байдлаар сул хаягдах нь хайран санагдах юм?
-Энэ нь хаана ч байдаг үзэгдэл мэт болчихлоо. Холын Европ тивд хүртэл ийм байдал гарч байна. Усан сан, сүм хийдэд задгай мөнгө шиддэг шүү дээ. Энэ бол ард түмний энгийн л шүтлэг юм. Яг шашны ном, зааварт бол болно, болохгүй гэж заагаагүй л дээ. Гэхдээ энэ байдлыг учир утгатай болгох хэрэгтэй. Жишээ нь тухайн албан байгууллага нь иргэдийнхээ өргөсөн мөнгийг хурааж аваад энэрэл, нигүүлслийн байгууллагад хандивлах, хүнд туслахад зарцуулах ч юм уу. Монголд нэг онцлог бий. Учир нь, уул овоо хүнээс их хол байдаг. Тийм учраас салхинд хийсэж, алга болох, цаашлаад илжирч, ялзрах гэх зэрэг хүндрэл бий. Ер нь мөнгөн дэвсгэртийг уул овоонд тавих хэрэггүй. Үнэхээр ард түмэн уул овоонд мөнгө тавьж байвал сум, нутаг орны захиргаанаас тусгайлан хүн гаргаад, тэр мөнгө, төгрөгийг ойр ойрхон хугацаатай авч, цуглуулах, уул овоог цэвэрлэж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өнөөгийн нийгэмд яг нарийн бэлгэдэл, утга учрыг нь мэдэхгүйгээр уул овоонд өргөл, тахил барих нь ч байна. Жишээлбэл, архи авч оччихоод хоосон шил тавиад яваад өгдөг. Тэр бол уул овоогоо доромжилж байгаа л хэлбэр шүү дээ. Гэртээ зочин урьчихаад зочиндоо бөглөөгөөр нь архи өгчихөөд, үлдсэнийг нь өөрөө уугаад байвал ямар хүндлэл болох билээ. Түүнтэй л ижилхэн. Нэгэнт л шүтэх гэж байгаа бол өргөх ёстой зүйлийг нь сайхан өргөчихөөд, хоосон шилээ авч яваад хог цэг дээр хаяхад л болно шүү дээ. Тэгэхээр төгрөг, мөнгийг аль болох уул овоонд өргөхгүй байх нь зохистой. Хэрвээ тавьж байгаа бол тэрнийг эзэнтэй байлгах ёстой. Бусад оронд бол тиймэрхүү шүтлэгтэй холбоотой мөнгө цугларвал тэр дор нь буцааж аваад л зарцуулах ёстой зөв зүйлд зориулдаг. Мөнгө эзэнтэй байна гэсэн үг шүү дээ.
-Үүнээс гадна суварга босгох, шинэ байшингийн суурь тавихад бага голдуу мөнгөн дэвсгэртийг боодлоор нь хийдэг. Энэ нь шашны зан үйлд байх ёстой зүйл үү. Та энэ талаар өөрийн бодлоо бидэнтэй хуваалцана уу?
-Сүсэгтэн олны өргөж байгаа мөнгөн өргөл хандив эзэнтэй байх нь зүйд нийцнэ. Эзэнтэй байна гэдэг чинь ямар нэгэн буяны үйлд зориулагдаж байгаа хэлбэр. Тийм болохоор мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж, булж орхино гэдэг тусгүй хэрэг.
Үзэл бодол
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв.
Уг захидалд,
“Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа,
Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
”Та бүхний тусламж хахир өвлийн хүнд өдрүүдэд газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулсан манай ард түмэнд нэн их тус хүргэсэн.
Монгол Улсын аврах, эрэн хайх баг өөрсдийн амь насыг үл хайрлан, нурангид дарагдсан иргэдийг аврахын төлөө гаргасан хичээл зүтгэлийг бид үргэлж талархан санах болно.
Энэ завшааныг тохиолдуулан ахан дүүсийн харилцаатай Монгол Улсын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.
Үзэл бодол
Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо
Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүргэх, яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа.
Тус цогцолбор нь эмчилгээ, төрийн үйлчилгээний 18 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт бүхий хоёр ариун цэврийн өрөө, энгийн хоёр ариун цэврийн өрөө, авто зогсоол, зоорь бүхий хоёр давхар барилга юм. Уг цогцолбор барилга ашиглалтад орсноор 21 дүгээр хорооны 9553 хүн нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломжтой.
Барилга угсралтын ажлыг Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Жигүүр эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.
Үзэл бодол
Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
-Ойн өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж байна. Тэр дундаа манай улс анхаарлын тэмдэг авах хэмжээнд очсон. Бидний үр хүүхдүүд цаашид ямар орчинд, ямар нийгэмд үлдэх вэ гэдгийг бид өнөөдөр нухацтай бодох ёстой.
Өнгөрсөн 80жилийн хугацаанд Монгол улс 2,25 хэмээр дулаарчээ. Энэ үйл явц зогсохгүй үргэлжилбэл 2100 он гэхэд 4-4,5 хэм хүртлээ дулаарах тооцоо гарсан.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн чухал салбар бол ой. Жилдээ ганцхан өдөр бид ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэтэл өнөөдөр бидэнд өдөр бүрийг ойн өдөр болгох шаардлага тулгарсан байна. Ялангуяа энэ ойн өдрөөр бид сайн сайхныг гэхээсээ илүү болж бүтэхгүй байгаа тулгамдсан асуудлуудаа ярилцах хэрэгтэй.
Тулгамдаж байгаа асуудлууд дээрээ гарц, шийдэл олоод үлдсэн 364 өдөртөө хэрэгжүүлдэг байхын төлөө ажиллах ёстой. МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих асуудал биш, дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах.
2022 оны тавдугаар сард хийсэн судалгаагаар 737 мянган га газар ойн хөнөөлт шавжид идэгдсэн гэх харамсалтай тоо гарсан.
Бид нэг талд тэрбум мод тарих тухай асуудлыг хөндөн ярьж байхад нөгөө талд тэрбум залуу мод үхэж, үгүй болох асуудал хөндөгдөж байна.
Үүнийг бид нуух хэрэггүй. Хөнөөлт шавжаас гадна хушин ой, самрын бизнестэй холбоотой ой мод сүйдэж байгаа маш том асуудал бий. Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно гэдгийг анхааруулъя.
Байгаль орчны асуудлуудыг тус тусад нь авч үзэх ямар ч боломжгүй. Бүгд хоорондоо харилцан шүтэлцээтэй. Тийм учраас та бүхнийг ойн зөвлөгөөн дээрээ маш үр дүнтэй санал, шийдлүүд гаргах байх гэж хүлээж байна.
Хот суурин дахь ногоон байгууламжийн асуудлыг ч орхигдуулж болохгүй. Бид амьдарч байгаа орчноо ногооруулахгүй бол хэн ч бидний орчныг өөрчлөхгүй шүү.
Модгүй бол усгүй. Усгүй бол хөрсгүй. Хөрсгүй бол хүнсгүй. Хүнсгүй бол амьдрал үгүй. Харангадаж, ангаж, өлсөж үхэхгүйн тулд бүгдээрээ ойгоо аварцгаая гэж Ойн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл